Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01085

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/01033 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н-д холбогдох,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг М.Н, Б.М, Н.М нарын дундын өмч болохыг тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах, уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх, **-** У** улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашин, **-** У** улсын дугаартай Хонда Акти маркийн автомашин, **-** У** улсын дугаартай Ниссан Ванетте маркийн автомашин, **-** У** улсын дугаартай Ниссан Ванетте маркийн автомашин зэргийг М.Н, Б.М нарын дундын хөрөнгө болохыг тогтоолгох, Ө цехийн орлогоос 70,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн асрамж тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.М-ийн нэрийг хасуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг М.Н, Н.М нарын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Б, Т.Х, хариуцагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие хариуцагч М.Н-тэй 2007 онд танилцаж, 2009 онд хүү Н.М төрсөн ба 2022 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хамтран амьдарсан. Бид 2017 оноос эхлэн Ө цехийг ажиллуулж эхэлсэн. Улмаар Ө цехийн үйл ажиллагаа тогтворжиж, би цехийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, хариуцагч М.Н санхүү, эдийн засгийн тооцооллыг хийдэг байсан. Одоо хүү минь 15 настай бөгөөд надтай хамт амьдарч байна. М.Н нь хүүхдээ асран хамгаалдаггүй, өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, тэтгэлэг гаргуулна. Ө цехэд бид хамтран хөрөнгө оруулж, Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 64,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 40,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх төлбөрийг хэсэгчлэн төлсөн. Ө цех нь улсын бүртгэлд миний нэр дээр байдаг. Бидний дундын өмчлөлд 4 ширхэг тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд эдгээр автомашинуудын талаар хариуцагчтай эвлэрсэн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоот хаягт байрлах орон сууцыг М.Н, Б.М, Н.М нарын дундын өмч болохыг тогтоож, ногдох хэсгийг гаргуулж, Ө цехийн орлогоос 70,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Б.М-тэй 2007 онд танилцаж, хамтран амьдарсан. Улмаар 2015 онд Улаанбаатар хотод ирж, 2017 оны 09 сараас эхлэн Ө цехийг ажиллуулж эхэлсэн. Гэвч нэхэмжлэгч Б.М-ийн тогтворгүй зан ааш, өөр бусад хүнтэй шалтгаангүй харддаг байсантай холбоотойгоор 2022 оны 09 сараас эхлэн тусдаа амьдрах болсон. 2022 оны 09 сараас 2023 оны 03 сар хүртэл хүү Н.М нь надтай хамт амьдарч байсан бөгөөд Б.М-ийн цагдаад өгсөн худал дуудлага мэдээллээс болж би хүүтэйгээ хамт амьдрах боломжгүй болсон. Түүнээс хойш хүүхэдтэй минь уулзуулаагүй. Маргаан бүхий орон сууцыг 64,000,000 төгрөгөөр авсан бөгөөд манай ааваас өгсөн 40,000,000 төгрөг, миний дансанд байсан 18,630,000 төгрөг, бэлэн байсан 1,370,000 төгрөг, Б.М-ийн ээжээс өгсөн 4,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн үед Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан бөгөөд Улаанбаатар хот руу шилжүүлэг хийх боломжгүй байсан тул орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Б.М-ийн нэр дээр гарсан. **-** У**, **-** У** улсын дугаартай автомашинууд Б.М-ийн нэр дээр, **-** У**, **-** У** улсын дугаартай автомашинууд миний нэр дээр байгаа. **-** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Б-д 2,500,000 төгрөгөөр зарсан, **-** У** улсын дугаартай автомашиныг Б.М-ийн нэр дээр шилжүүлж, **-** У** улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд байлгах хүсэлтэй байна. Б.М Ө цехэд 2019 оноос хойш ажиллаагүй бөгөөд хэсэг хугацаанд түр ажиллаж байхад нь маргаан үүссэн. Би хүүхдээ Б.М-ийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, амьдарч буй орон сууц болон 70,000,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй гэжээ.

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, Б.М-ийн 4,000,000 төгрөгийг гаргаж өгөх, Б.М-ийн нэр дээр байгаа 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.М-ийг хасч, М.Н болон Н.М нарын нэр дээр шилжүүлж өгнө үү. Маргаан бүхий орон сууцыг 64,000,000 төгрөгөөр авсан ба түүний 60,000,000 төгрөгийг би гаргасан тул тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ө цех нь өдөрт 2,000,000 төгрөгийн орлого олдог байсан бөгөөд бүх мөнгө М.Н ийн дансанд хуримтлагдаж байсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Я.М-ын дансанд 2008 оны 09 сард 40,000,000 төгрөг орсон байна. М.Н нь өөр ямар нэгэн орлогын эх үүсвэргүй тул маргаан бүхий байрны орон сууцыг Ө цехийн орлогоос авсан. Ийм учраас орон сууцыг авахад хөрөнгө холилдсон гэж үзэх үндэслэлтэй. М.Н байр авах мөнгийг Б.М-т шилжүүлсэн, тухайн үед М.Н байгаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран амьдарч байсан нь тогтоогдож байгаа тул тухайн орон сууц нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар дундын өмч юм гэжээ.

5.   Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Б.М, хариуцагч М.Н нарыг 2007 оноос 2022 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар Ө цехийн үйл ажиллагааны орлогоос 70,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2009 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн хүү Н.М-ийг эх Б.М-ийн асрамжид үлдээж, хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Н.М-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг М.Н өөр сар бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, Ө хороолол, **-р байр, *** тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө, Ү-******* бүртгэлийн дугаартай орон сууц нь М.Н , Б.М, Н.М нарын дундын өмч болохыг тогтоож, хариуцагч М.Н-өөс 32,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхчимэгт олгож, тус байрны өмчлөгчөөс Б.М-ийн нэрийг хасаж, М.Н, Н.М нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Н-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзаж, дундын эд хөрөнгө болох **-** У** улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Камри маркийн автомашиныг хариуцагч М.Н нь нэхэмжлэгч Б.М-ийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Б.М нь **-** У** улсын дугаартай, Хонда Акти маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, **-** У** улсын дугаартай, Ниссан Ванетте маркийн автомашиныг нэхэмжлэгч Б.М-ийн өмчлөлд үлдээж, **-** У**улсын дугаартай Ниссан Ванетте маркийн автомашиныг М.Н-ийн өмчлөлд үлдээхээр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,549,250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 630,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 317,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Миний аав н.М өөрийн хадгаламжаасаа 40,000,000 төгрөгийг надад өөрийн гэсэн орон гэртэй болоход минь зориулж бэлэглэсэн. Тухайн үед миний худалдаж авах гэж байсан орон сууц 64,000,000 төгрөгийн үнэтэй байсан тул 4,000,000 төгрөг дутсан. Энэ үед Б.М өөрийн ээж н.Ц-ээс 4,000,000 төгрөгийг авсан. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоотод байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авахад би 60,000,000 төгрөг, Б.М 4,000,000 төгрөг гаргасан. Орон сууц худалдаж авахад би ихэнх хэсгийг гаргасан тул Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар М.Н, Б.М нарыг 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ингэснээр Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар Б.М-ийн нэр дээр байгаа 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс түүний нэрийг хасуулж, нэхэмжлэгч М.Н-ийн нэр дээр шилжүүлэх хууль зүйн үндэслэл байна гэж үзсэн.

6.2.  Харин 2024 оны 02 сарын 26-ны өдрийн шүүх хуралд өөрийн хүү Н.М-ийг ээжид нь өгөхийг зөвшөөрч, дээрх орон сууцыг М.Н болон Н.М нарын нэр дээр шилжүүлж өгөхийг Б.М-т даалгах тухай шаардлагаасаа татгалзаж, зөвхөн өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгахаар шийдвэрлэж өгөөч гэсэн боловч анхан шатны шүүх үүнийг үл хайхран шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т ...тус байрны өмчлөгчөөс Б.М-ийн нэрийг хасаж, Б.Н, Н.М нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

6.3.  Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц нь М.Н, Б.М, Н.М нарын дундын өмч болохыг тогтоож, хариуцагч М.Н-өөс 32,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

6.4.  Миний бие Б.М-т машинуудыг өгөхийг шударгаар хүлээн зөвшөөрсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Бид 2007 онд танилцсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Н-д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг М.Н, Б.М, Н.М нарын дундын өмч болохыг тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах, уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх, **-** У** улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашин, **-** У** улсын дугаартай Хонда Акти маркийн автомашин, **-** У** улсын дугаартай Ниссан Ванетте маркийн автомашин, **-** У**улсын дугаартай Ниссан Ванетте маркийн автомашин зэргийг М.Н , Б.М нарын дундын хөрөнгө болохыг тогтоолгох, Ө цехийн орлогоос 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.М-ийн нэрийг хасуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг М.Н, Н.М нарын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх 1, 14-15, 22, 29-32, 33-35, 88-89, 98, 3хх 68-70, 115/

Нэхэмжлэгчийн тодорхойлсон хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага нь бие даасан шаардлага бус харин хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна. Үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

3. Б.М, М.Н нар 2007 онд танилцаж, 2008 оноос 2022 оны 09 сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан, тэдгээрийн дундаас 2009 оны 02 сарын 10-ны өдөр хүү Н.М төрсөн болох нь хэргийн материал, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх 1, 5, 14-15/

4. Анхан шатны шүүх 2009 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн хүү Н.М-ийг эх Б.М-ийн асрамжид үлдээж, түүнд хүүхдийн тэтгэлэг тогтоон сар бүр эцэг М.Н өөр тэжээн тэтгүүлж, Ө цехийн орлогоос 70,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч талууд давж заалдах гомдол гаргаагүй.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага, **-** улсын дугаартай Хонда Акти маркийн автомашины хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, **-** У** улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашиныг Б.М-ийн өмчлөлд шилжүүлэх, **-** У** улсын дугаартай Ниссан Ванетте маркийн автомашиныг Б.М-ийн өмчлөлд үлдээх, **-** У**улсын дугаартай Ниссан Ванетте маркийн автомашиныг М.Н ийн өмчлөлд үлдээхээр хариуцагч зөвшөөрч, зохигч талууд эвлэрсэн байх тул анхан шатны шүүх холбогдох эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан зохицуулалтад нийцжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

6.1.  Нэхэмжлэгч Б.М нь Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны *** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 04 сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /1хх 12/

6.2.  Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцыг хариуцагч сайн дураар дундын өмчлөлд шилжүүлсэн байх тул ...нэхэмжлэгчийн зүгээс 4,000,000 төгрөг, хариуцагчийн зүгээс 60,000,000 төгрөг гарсан... гэх үйл баримт тус маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

6.3.  Иймд маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Б.М, М.Н нарын дундаа хамтран өмчлөх дундын өмч байна гэж үзэх тул орон сууцны үнэ 64,000,000 төгрөгийн 50 хувь буюу 32,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасантай нийцнэ.

7.   Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч талын бичгээр гаргасан, нэхэмжлэгчид хувийг нь гардуулж, хариу тайлбар авсан сөрөг нэхэмжлэлийн хүрээнд маргааныг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иймд ...шүүх хуралдааны явцад орон сууцыг зөвхөн миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгөөч гэсэн боловч анхан шатны шүүх үүнийг үл хайхарсан... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8.   Анхан шатны шүүх маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/01033 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч М.Н-д холбогдох, Ө цехийн орлогоос 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...14.7... гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...108.1... гэснийг ...108.8... гэж өөрчилж, ...487 дугаар зүйлийн 487.1... гэснийг хасаж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч М.Н-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 528,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР