Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Э.Халиун,

          хэлмэрч Б.Саранчимэг,

          шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809034850891 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол Улсын Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, баруун сэлбэ гудамжны 39 дүгээр байрны 19 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт А.Э /регистрийн дугаар /

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч А.Э нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 100 айл дахь Өвөрмонгол хоолны газрын замын урд талд хохирогч Э.Дамдиндоржийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед үүдэн дээд хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Эыг 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 100 айл дахь Өвөрмонгол хоолны газрын замын урд талд хохирогч Э.Дамдиндоржийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед үүдэн дээд хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч А.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч А.Э нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 100 айл дахь Өвөрмонгол хоолны газрын замын урд талд хохирогч Э.Дамдиндоржийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед үүдэн дээд хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Дамдиндоржийн “Сүхбаатар дүүргийн зуун айлын ойролцоо караокегоос 23 цагийн үед гарч ирсэн. Намайг гарч ирэхэд нэг залуу нэг эмэгтэй хүнийг зодож байсан. Тэгэхээр нь би очиж салгасан чинь тэр залуу нь намайг шууд цохисон. Тэгээд миний шүд унасан. Унахаар нь би унасан шүдээ газраас аваад буцаагаад амандаа хийсэн. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан. Тэр залуу миний дээд уруулын хавьцаа гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг  /хх-16/,        

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14446 тоот актын “…А.Эын биед хамрын таславчийн мурийлт, хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч А.Э мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр оройхон 13 дугаар хорооллын тэнд эхнэр Наранчимэгийн хамтаар явж байхад 10 жилийн ангийн Золзаяа, Баттулга, Бүтэд-Уянга нартай таараад 13 дугаар хорооллын орчимд пабад орсон юм. Тэгээд 10 жилийн найз нартайгаа нийлээд Соёрхол нэрийн 0.75 грамм 2 авчхаад хуваагаад уучихсан юм. Тэр үед би хоол унд уугаагүй идээгүй ходоод өлөн хоосон байсан болохоор нь архиа уугаад тасарчихсан. Манай эхнэр Наранчимэг нь бас тасарчихсан байсан гэсэн. Хэдэн цагт болсон гэдгийг нь санахгүй байна. Өөрийнхөө найз Баттулгыг гэрт хүргэж өгөх байх гэж бодоод найдсан байсан. Би хэдээс ганц архи уугаагүй хүн байсан. Тэгсэн чинь Баттулга нь эхнэр Золзаяатайгаа явсан байсан. Миний ухаан санаа балраад орчинтойгоо харьцах чадваргүй болсон байсан. Нэг харсан чинь цагдаагийн эрүүлжүүлэхэд байсан миний фудволк урагдсан цус болсон, өвдөг шалбарсан байсан, миний хамар хавдсан байснаа санаж байна…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Эт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч А.Эт 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт А.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Ялтан А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР