Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 643

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь

Улсын яллагч П.Болормаа,

Хохирогч Г.Өнөбат, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М холбогдох эрүүгийн 1906 01763 0610 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 2 сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Батлан хамгаалах яаманд                  ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Урьд 1988 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 06 сарын 11-ны өдер шүүхийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэ тухай хуулийн хуулиар суллагдсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Д.М .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 8ы өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 221 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.Өнөбатыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Өнөбат мэдүүлэхдээ: “...Би толгойндоо битүү гэмтэлтэй байгаа. Шүд суларсан байгаа. Ирээдүйд ямар эрсдэл гарахыг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Миний хувьд хохиролтой байна. Би хувьд болсон үйл явдлаас мөрдөн шалгах ажиллагааны үед авсан мэдүүлэг зөрж байгаа. Тухайн үед 4-ний өдөр намайг Магсар гэрээсээ хөөсөн байсан. Би ээжийндээ байж байгаад хүүхдүүд ярихаар нь 7-ны өдөр гэртээ иртэл гэрт хүн байхгүй байсан. Д.М 11 цагийн үед ирж гэрт оруулчихаад буцаад гараад орой 4 цагийн үед нэг шил архи, цэцэгтэй орж ирсэн. Бид хоёр нэг шил архиа хамт хувааж уугаад сууж байсан. Тэгээд юм ярьж байгаад маргалдахад цагдаа дуудсан. Өмнө нь мөн маргалдах үед байнга цагдаа дууддаг байсан. Тэгээд би гараад зугтаж явж байгаад өрөөсөн тавчиктай гарсан тул эргээд гэртээ ортол хоёр цагдаатай хамт сууж байснаа намайг аваад яв гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр байж байхад ирээд намайг гэр рүү авч яваад зодсон.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Өнөбатын өгсөн мэдүүлэг /хх-8-14, 15, 17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3147 дугаартай дүгнэлт /хх-23, 24-25/, шүүгдэгч Д.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/, шинээр хохирол нэхэмжилсэн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд 23 хуудас, хохирол төлсөн баримт 1 хуудас, тодорхойлолт 1 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 8ы өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 221 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.Өнөбатыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Өнөбатын өгсөн: “ ... 2019 оны 3 сарын 8-ны шөнө гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байж байтал нөхөр Д.М “чи миний жолоочийг хөөж явуулсан” гэж уурлан улмаар намайг үсдэж аваад газар унагаад хоолой боогоод толгой хэсэг рүү гараараа нэлээ олон удаа цохиж, хөлөөрөө толгой руу өшиглөсөн юм. Тэгээд би толгой манараад хэвтсэн. Нөхөр шалаар асгарсан миний цусыг угаагаад байсан. Миний 2 нүд хөхөрч хавдаж, толгой хагарсан, хамар муруйсан өвчин орсон, 2 гарны шуу хэсэг болон цээж хэсэгт хөхөрсөн. Нөхөр Д.М бид хоёр эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд Эдэн нэртэй 0.75 граммын архи хувааж уусан... Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Д.М миний биед учруулсан. Д.М 926.000 төгрөг нэхэмжилнэ, эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа." /хх-8-14, 15, 17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3147 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Өнөбатын биед хамар ясны хугарал, шанаа, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөп зулгаралт, бүсэлхий нуруунд цус хуралт. зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-23/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.М яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 3 дугаар сарын 7-ны орой 18 цагийн үед би ажлаа тараад цэцэг, торт бариад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд эхнэр Г.Өнөбат, 2 хүүхэд байсан. Г.Өнөбат 3 хоног гэртээ хоноогүй явж байгаад 2019 оны 3 дугаар сарын 7-ны өглөө намайг ажилдаа явах гэж байхад зөрөөд орж ирсэн. Тэгээд орой намайг ажлаа тараад гэртээ сууж байхад намайг гараад 1 шил архи аваад ир гэсэн. Тэгээд би дэлгүүр гарч 1 шил архи авчраад Г.Өнөбат бид хоёр хоёулаа уусан. Орой 21 цагийн үед Г.Өнөбат согтоод над руу агсараад байсан. Тухайн үед 2 хүүхэд айгаад уйлж эхэлсэн. Би аргаа бараад цагдаа дуудаж өгсөн. Дуудлагын дагуу цагдаа ирээд Г.Өнөбатыг аваад явсан. Би гэртээ хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Гэтэл 2 хүүхэд уйлаад ээжийгээ нэхээд байсан. Тэгэхээр нь баяр болж байгаа юм чинь гэж бодоод цагдаа руу явж учраа хэлээд Г.Өнөбатыг гэртээ авчирсан. Гэртээ ирээд Г.Өнөбат бид хоёр үлдэгдэл архиа уусан. Г.Өнөбатыг нүүрэн тус газарт нь гараараа цохисон, мөн толгой руу нь өшиглөсөн Тэгээд Г.Өнөбатын нүүр гарыг угаалгаад унтуулсан. Г.Өнөбат шөнө намайг унтаж байхад босоод миний гар утсаар ээж рүүгээ залгаж “намайг зодчихлоо” гэж хэлсэн. Бид хоёр хамт амьдраад 12 жил болж байна. Одоо 2 хүүхэдтэй. Г.Өнөбат ажилгүй гэртээ сууж хүүхдүүдээ хардаг би ажиллаж гэр бүлээ тэжээдэг.” /хх-48-50/ гэх мэдүүлэг,

 

          Аюулын зэргийн үнэлгээ /хх-4-7/,

Шүүгдэгч Д.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.М 2019 оны 3 дугаар сарын 8ы өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 221 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.Өнөбатыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.М нь хохирогч Г.Өнөбатад 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Г.Өнөбат нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Д.М хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.М 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.М нь шүүхээс оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус

дурьдсугай.

 

6. Хохирогч Г.Өнөбат нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа цааашид бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС