Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2024/00009

 

 

 

Ж.Э*******гийн нэхэмжлэлтэй,

Г.Г*******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ер*******ий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваагийн даргалж хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 132/ШШ2024/00168 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж*******ын Э******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г*******гийн Г******* -т холбогдох

22,338,236 /хорин хоёр сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******гийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ж.Э*******гийн нэхэмжлэлийн агуулга: Би Г.Г*******тай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Тооцоо нийлэх гэрээ байгуулан 44,697,000 төгрөгийг Г******* нь Э******* надад 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах ёстой байсан юм.

Миний бие 2022 оны 11 сарын сүүлээр 348 тооны бог малыг нядалж 6529 кг махыг Г******* овогтой Г*******т хүнсний хэрэгцээнд худалдсан. 1 кг-ийг нь 7000 бодон тохирч зээлээр өгсөн. Төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 20-нд төлж барагдуулахаар тохиролцсон боловч өгөөгүй. 2023 оны 03 дугаар сарын дундуур бэлнээр 1 сая төгрөг авсан. 2023 оны 4 дүгээр сарын 14-нд нотариатч дээр орж тооцоо нийлэх гэрээ хийсэн. 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 44,697,000 төгрөгийг төлж дуусгах гэрээ хийсэн боловч 2023 оны 7 дугаар сарын 20-нд 20,000,000 төгрөг, 7 дугаар сарын 21-нд 10,000,000 төгрөгийг тус тус өгсөн ба нийт 31,000,000 төгрөгийг надад төлсөн. Түүнээс хойш үлдэгдлээ удахгүй өгнө гэж байсан боловч 2023 оны 10 дугаар сарын 15-нд тооцоо дууссан мөнгө өгөхгүй гэж хэлсэн тул үндсэн мөнгөний үлдэгдэл болох 13,697,500 төгрөг, 4 дүгээр сарын 14-ны өдрөөс 7 дугаар сарын 20 хүртэлх хүү болох 8,045,460 төгрөг, алданги 595,776 төгрөг нийт 22,338,236 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Э*******гаас 2022 оны 11 сард 6529 кг хонины гулууз мах авсан асуудал бол үнэн. Уг гулууз махыг түүний нөхөр М*******-Эрдэнэ гурав хувааж буулгаж өгсөн. Мах буулгасан даруйд гурван хүнд мөнгө өгч шулуулж байсан. Г*******, А*******, О******* гэсэн гурван хүнд нэг хонийг 5000 төгрөгөөр үнэ хөлсийг тооцож шулуулсан. Гэтэл шулж байгаа хүмүүс маань хавирга яснаас махыг салгаж чадахгүй яс арьс болсон мах байсан учраас гар хуруугаа эсгээд энэ мах нь чанаргүй байгаа тул эвдэхэд хэцүү байна гэдэг шаардлага тавьсан. Ингээд ялгаж ангилаад тавихад 40 хувь нь гайгүй мах, 60 хувь нь маш муу мах байсан. Энэ байдлыг хүү Г*******т хэлэхэд Э*******тай ярьсан өөрсдөө ийм мах өгснөө мэдэж байгаа болохоор тооцооноос нь хорогдол тооцоод өгчихнө гэж байна гэсэн. Шулсан махаараа бууз хийсэн. Орж ирсэн хүмүүс зовлого амтагдаад байна гэж хэлээд манай гуанзны бууз муу байгаа талаар ам дамжин ярьцгааж орлого орохоо больж нэр хүнд унасан.

Гэтэл Г******* нь бидэнд хэлэлгүй 2023 оны 4 дүгээр сарын 14-нд тооцоо нийлэх гэрээг Э*******тай байгуулж 44.697.000 төгрөг дээр нь хүү, алданги төлөхөөр болсон байсаныг сая намар олж мэдлээ.

Бид махны үнийн тооцоог 31 сая төгрөгөөр тооцож 2023 оны 7 дугаар сарын 20-нд 20,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-нд 10,000,000 төгрөг төлсөн. Өмнө нь 2022 оны 12 сард 1 сая төгрөг төлсөн байсан. Мөн нөхөр М*******-******* нь 160.000 төгрөг авсан. Нийт 31.160.000 төгрөг өгч тооцоо дууссан. Гэтэл 2023 оны 10 сард Э******* нь махны үлдэгдэл мөнгө нэхэж гэрээ хийсэн болохыг ар гэр бид мэдсэн. Э*******гаас гэрээг авч үзсэн. Гэтэл гэрээнд махны үнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр тооцож элэгдэл хорогдол тооцоогүй тэр хэвээр нь байсан. Г*******ын хэл амыг татаж чангааж байж яриултал нөхөр нь Г*******ыг айлгаж дарамталсан байсан. Манай хүү Г******* хүний үгээр дуугай томоотой 1 дүгээр ангийн боловсролтой бичиг үсэг бараг мэддэггүй байгааг нь далимдуулсан.

Махны тооцоонд 31.160.000 төгрөг төлөхдөө дараах байдлаар тооцоо гаргасан. Зах зээлд кг хонины мах 6000 төгрөг байсан. Сайн мах нь 40 хувь байсныг 6700 төгрөгөөр тооцож 17.500.400 төгрөг.

Муу зовлого мах нь 60 хувьд 3500 төгрөгөөр тооцож 13.709.500 төгрөг нийт 31,209,900 төгрөгийн тооцоо гаргаж энэ мөнгийг төлсөн. Зөрүү 40.000 төгрөг дутуу байгааг төлнө гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний хүү Г.Г******* нь бичиг үсэг мэдэхгүй 1-р ангиасаа сургуулиас гарсан хүлцэнгүй, дуугай, ноомой хүний өөдөөс юм хэлж үзээгүй хүн юм. Ж.Э******* нь миний хүү Г*******т хүч хэрэглэн хонины махны төлбөр дээр баримттай болохын тулд сүрдүүлж хүч хэрэглэх замаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 22.338.236 /хорин хоёр сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөг авахаар тооцоо нийлсэн гэрээ байгуулсан байна .

Гэрээг байгуулахын тул Э*******гийн нөхөр болох М нь манай хүү дээр ирж эхнэр гэх Э******* чамайг шүүх цагдаад өгөх гэж байна, чи очоод гэрээн дээр гарын үсэг зуруулвал яах ч үгүй. Манай эхнэр өөрийн төрсөн ах эгч дүүгээ ч шүүх цагдаад өгчихдөг хүн шүү гэж айлгасны үндсэн дээр миний хүү бидэнд хэлэлгүйгээр уг гэрээг байгуулсан байна.

Иймд иргэн Ж.Э*******тай байгуулсан 2023 оны 4 дүгээр 14-ний өдрийн 22.338.236 төгрөгийн дүнтэй тооцооны гэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ж.Э******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай нөхөр М*******-******* бид хоёр малаа мөнгө болгох зорилготой байсан юм. Хутаг-Өндөр сумын мах маркетад малаа махалж зарах гэж байхад Г******* нь 1 удаа утсаар, 2 удаа биеэр ирж гуйж махыг маань авсан. 3 удаа махаа ачиж, аваачиж өгөхөд эхнэр Тайван, Г******* хоёр аль алинд нь хамт байж л байсан. Хамгийн сүүлд махаа Г*******т аваачиж өгөхөд махны үнийг 2 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлж дуусгана гэсэн боловч тухайн хугацаанд огт мөнгө өгөөгүй юм.

Ингээд Г*******тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нотариатч орж тооцоо нийлэх гэрээ-г бичгээр байгуулсан. Гэрээ байгуулахдаа Г*******т хүч хэрэглээгүй, би өдийг хүртэл ах, дүү, хамаатан саднаа шүүхэд өгч үзээгүй. Ямар үндэслэлээр намайг ингэж гүтгэж байгаагаа шүүхийн өмнө нотлох байх гэж бодож байна.

Үнэхээр миний бие Э******* нь Г*******т хүч хэрэглэн хүчээр гэрээ байгуулсан нь хуулийн дагуу нотлогдож, тогтоогдвол шүүх надад хуулийн дагуу арга хэмжээгээ авах байх гэж бодож байна.

Хүнээс авахдаа гуйж, тохирч авчихаад мөнгөө өгөх болохоороо бичиг үсэг мэдэхгүй, эрх зүйн ямар ч чадамжгүй гэж махны үнийг төлөхөөс зайлсхийж байгааг нь ойлгохгүй байна. Эрх зүйн чадвартай ухаан саруул хүн ирээд махаа надад зарчих би авья би энд зоогийн газраа хариуцаж ажиллуулж байгаа гээд байхаар нь энэ хүнтэй наймаа хийж махаа аваачиж өгсөн нь үнэн. Хүнээс мах авч хэрэглэж, ашиглаж, ашиг хонжоо олохдоо эрүүл саруул ухаантай болоод хэлэлцэж тохирсон төлбөрөө төлөх дээрээ тулахаар бараг л дуу ч гардаггүй, эргүү балай, ноомой хүний дүрд орон ээжээрээ ийм хариу тайлбар гаргуулж, сөрөг нэхэмжпэл гаргаж байгааг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хутаг-Өндөрийн мах маркетад аваачиж өгөх гэж байгааг маань мэдсэн хэрнээ би авчихъя гэж утсаар ярьж, дараа нь биечлэн ирж гуйж авчихаад одоо ингэж мах худалдаж авч, ашигласныг маань хууль бус болгож өг гээд сөрөг нэхэмжпэл гаргахаар манай махалж зарсан мал маань амилах уу Тухайн үедээ бид малаа төхөөрч янзлаад өөрсдийн унаагаар ачиж аваачиж өгсөн. Хүнээр янзлуулж, бензин шатахуун машин тэргэндээ хийж ачиж аваачиж өгч байсан. Ингэж хүнийг хохироож болохгүй байх гэж бодож байна.

Тухайн үед махаа аваачиж өгөөд малынхаа тарган туранхайн талаар ч мөн бид ярьцгаасан ба бүгдийг нь авна гээд аваад үлдсэн. Би зарим нэг нь туранхай байна гэвэл тэрийгээ буцаагаад авъя гэж хүртэл хэлж байсан ба зүгээрээ бүгдийг нь авна гээд л аваад үлдсэн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага илт үндэслэлгүй худал зүйлүүд байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г*******аас 19,628,650 /арван есөн сая зургаан зуун хорин найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,460 /найман сая дөчин таван мянга дөрвөн зуун жар/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,641 /хоёр зуун жаран есөн мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 168,300 /зуун жаран найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******гийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

1.Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Т.Г*******аас 19,628,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 19,628,650 төгрөг нь ямар төлбөр болох нь тодорхойгүй. Мөн нэхэмжлэгч 22,338,236 төгрөг нэхэмжилснээс хэрэгсэхгүй болгосон 8,045,460 төгрөгийг хасахаар хариуцагч 14,292,776 төгрөг төлөх байтал 5,000,000 төгрөгийн зөрүү гарган шийдвэрлэсэн. Энэ нь Шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 22,338,236 төгрөг дээр дур мэдэн алдангийн хэмжээг нэмэгдүүлж 27,674,110 төгрөг болгон ихэсгэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх багасгах эрх гагцхүү нэхэмжлэгчид өөрт нь байдаг, харин шүүхэд ийм эрх байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

2-д Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2023.04.14-ний өдрийн Тооцоо нийлэх гэрээний дагуу 44,692,300 төгрөгийг төлөхөөс 31 сая төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөрт хүү, алданги тооцон нийт 22,338,236 төгрөг гаргуулах тухай байдаг. Шүүх энэхүү Тооцоо нийлэх гэрээний талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.

3-д Хариуцагч тал махны чанар муу байсан болон махны төлбөрт элэгдэл хорогдол тооцож үнийг бууруулахаар анх мах зээлээр худалдан авах үед тохиролцсон гэдэг асуудлыг хэлдэг бөгөөд ийнхүү тохиролцсоны дагуу уг махны үнэнд 31,160,000 төгрөг төлж тооцоог дуусгасан. Гэрээгээр тохирсон хугацаанд нь энэ мөнгийг төлсөн тул хүү алданги төлөхгүй гэсэн тайлбар гаргаж гэрчээр Л.Г******* М.Адьяабат нарыг оролцуулж, махны чанар байдлыг гэрчлүүлсэн. Гэтэл шүүх эдгээрт огт үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчлөө. Хамгийн гол нь нэхэмжлэгч Ж.Э******* нь гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгээгүй, мөн элэгдэл хорогдол тооцохоор тохирсон талаар үгүйсгэсэн тайлбар огт гаргаагүй нь ИХШХШТХ-ийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр бүхий хэргийг бүхэлд нь хянаж, Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх махны чанарыг яриагүй. Зөвхөн мөнгө өгөх талаар ярьсан. Шийдвэр гаргахад 5,000,000 төгрөг илүү нэмж бичсэн байсан. Би Э*******д наадмын үеэр 8,000,000 төгрөг өгөөд салъя гэж хэлсэн. Хүү алдангийг тооцмооргүй байна гэв.

 

8.Нэхэмжлэгч Ж.Э******* тайлбартаа: Г*******тай гэрээ хийсэн учраас Г*******аас мөнгөө авна. Хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Хариуцагчаас 31,160,000 төгрөгийг авсан гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ж.Э******* нь тооцоо нийлэх гэрээний дагуу үндсэн мөнгөний үлдэгдэл болох 13,697,500 төгрөг, хүү болох 8,045,460 төгрөг, алданги 595,776 төгрөг нийт 22,338,236 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж,

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* нь ...Ж.Э*******д нийт 22,338,236 төгрөгийг төлөхгүй, наадмын үеэр 8,000,000 төгрөг өгөөд салъя гэж хэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Тооцоо нийлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

4.Анхан шатны шүүх ...хариуцагч Г.Г*******аас 19,628,650 /арван есөн сая зургаан зуун хорин найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,460 /найман сая дөчин таван мянга дөрвөн зуун жар/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

6.Хариуцагч Г.Г******* нь нэхэмжлэгч Ж.Э*******гаас 6,529 кг махыг 44,697,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч Ж.Э******* хариуцагч Г.Г*******т 6,529 кг мах хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид махны үнээс 31,160,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

Харин 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан тооцоо нийлэх гэрээний дагуу нэхэмжлэгч хүү, алданги нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба мөн энэхүү тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7.Хэрэгт авагдсан нотлох баримт зохигчийн тайлбараар махны үнэ 44,697,000 төгрөгөөс хариуцагч Г.Г******* нь нэхэмжлэгч Ж.Э*******д 31,160,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар үндсэн төлбөрөөс 13,697,000 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдож байна.

8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Иймд зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагч Г.Г******* нь нэхэмжлэгч Ж.Э*******д худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 13,697,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* нь нэхэмжлэгчээс авсан 6,529 кг махны 60 хувь нь муу мах байсан гэж тайлбарлаж байгаа боловч худалдан авагч нь худалдагчид махны чанарын талаар буюу эд хөрөнгийн доголдлыг арилгах шаардлага гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

10.Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй.

Тодруулбал: хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлэх гэрээгээр хариуцагч Г.Г******* нь нэхэмжлэгч Ж.Э*******д худалдах, худалдан авах гэрээний төлбөр 44,697,000 төгрөг төлөх байсныг хариуцагч тохирсон хугацаандаа төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжлэгч нотлох баримт бий болгох үүднээс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулсан гэжээ. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 13,697,000 төгрөгт хүү, алданги нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262, 263 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул зээлээр худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

11.Тооцоо нийлэх гэрээ зохигчийн хооронд байгуулагдсан гэж байгаа боловч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийг солихоор тохиролцоогүй байх тул энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас 13,697,000 төгрөгийн хүү, алдангийг нэхэмжлэх эрхгүй байна.

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан 0378 дугаартай гэрээ нь тооцоо нийлэх гэрээ гэх нэртэй боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний шинжийг агуулж байна. Гэвч нэхэмжлэгчээс хариуцагчид 44,697,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Харин талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн байна. Учир нь талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тул хийсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчаас 6,529 кг махны төлбөрийг авахын тулд өөртөө нотлох баримтыг бий болгосон. Хариуцагч худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд төлж чадаагүй тул гэрээний үр дагаврыг тооцохгүйгээр гарын үсэг зурсан гэх зэрэг үндэслэлээр тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус байна.

12.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,093 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 132/ШШ2024/00168 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г*******аас 19,628,650 /арван есөн сая зургаан зуун хорин найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,460 /найман сая дөчин таван мянга дөрвөн зуун жар/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хариуцагч Г.Г*******аас 13,697,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,640,736 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 378 дугаартай тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай гэж,

2 дахь заалтын хариуцагчаас 168,300 /зуун жаран найман мянга гурван зуу/ төгрөг гэснийг 226,438 төгрөг гэж, нэхэмжлэгчээс 269,641 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 256,093 /хоёр зуун тавин зургаан мянга ерэн гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР