Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 303

 

П.Г, Л.Тнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлалтай, П.Г, Л.Тнарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын болон өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, ял шийтгэлгүй, Г,

 

2. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, ял шийтгэлгүй, Т

 

П.Г, Л.Тнар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт Б.Саранчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Г, Л.Тнарыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Г, Л.Тнарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэжээ.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Тгаргасан гомдолдоо “... 2019 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй, тэр үед би асаргаанд байдаг хүүхдээ хараад гэртээ байсан ба би хүүхэдтэйгээ унтаж байтал хүн хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлготол П.Г, Б.Саранчимэг нар ирсэн байсан, тэр 2 манайд ороод хэсэг байж байгаад нэг оронд ороод унтсан. Гэтэл их удсаны дараа намайг Галбадрахтай нийлж хэрэг хийсэн гэх асуудал үүссэн. Тухайн үед ирсэн 2 хүнийг гэртээ оруулсан болохоос би хүчиндэх гэмт хэргийг үйлдээгүй.

ар гэрийнхэн өмгөөлөгч Ган-Очирыг надтай хамт өмгөөлүүлэхээр авсан. Ган-Очир анхан болон давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцохдоо гэрч Ганзоригийг манай гэрээс Саранчимэгийг авч гараад хүчиндсэн гэж хэлээрэй гэж үг зааж өгсөн ба 2 шатны шүүх хуралд согтуу оролцсон.

Би бичиг үсэг мэдэхгүй, юмыг бүрэн сайн ойлгодоггүй, ямар ч боловсролгүй хүн. Миний ар амьдрал маш хэцүү 2 хүүхэдтэй 2010 онд төрсөн охин Т.Мөнхтуяа 11 настай төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй тул асаргаанд байдаг. 2021 онд төрсөн хүү маань Ковид өвчний улмаас 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан байна.

Эхнэр Сайнцэцэг “ковид өвчний нэн хүнд хэлбэрээр өвдөж Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн. Эхнэр маань сэтгэцийн өвчний учир группт байдаг.

Дээрхи нөхцөл байдлыг анхааран үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч гомдол гаргаж байна” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч П.Г гаргасан гомдолдоо “... 2019 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй, би Б.Саранчимэгийн ээж Бурмаагийнд очиж Саранчимэгтэй уулзаад ярилцан тохироод хоёулаа Түмэн-Одынд очиж хонохоор болж тэднийд очсон. Түмэн-Од ах хүүхэдтэйгээ унтаж байсан Саранчимэгтэй унтаагүй. Тэнд хүчиндсэн асуудал болоогүй өөрөө зөвшөөрсөн.

Хохирогч Саранчимэг бид 2 урьд нь гэр бүлийн харьцаатай байсан бөгөөд одоо 3 дугаар ангид сурдаг дунд хүү нь миний хүүхэд юм. Нөгөө том, баг 2 хүүхэд нь нөхөр Даваадоржийнх нь хүүхэд юм. Тэр үед Саранчимэг нь нөхөр Даваадоржоосоо салчихсан надтай сууна гээд манай гэрт болон Түмэн-Од ахынд ирж хонодог байсан. Би ээж Бурмаагийнд нь очиж Саранчимэгтэй хонодог байсныг ээж нь мэднэ.

Саранчимэг нь эргэж Даваадоржтойгоо суусны дараа нөхөртэйгээ манай гэрт ирээд хүүхдийн тэтгэвэр авна гэхэд нь би хүүхдээ өөрөө харж үзнэ гэж хэлээд явуулсан.

Ган-Очир өмгөөлөгчийг манай ээж Түмэн-Одтой хамт өмгөөлүүлэхээр авсан. Ган-Очир анхан болон давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцохдоо гэрч Ганзоригийг Түмэн-Од ахын гэрээс Саранчимэгийг авч гараад хүчиндсэн гэж хэлээрэй гэж үг зааж өгсөн ба 2 шатны шүүх хуралд согтуу оролцсон.

Би сургуульд сууж байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, юмыг бүрэн сайн ойлгодоггүй, хүмүүстэй сайн ярилцаж ойлголцохдоо муу хүн. Би хөдөө дүү нарынхаа хамт хөдөө амьдардаг. Би Саранчимэгийг хүчиндээгүй өөрөө зөвшөөрч тохиролцсон.

Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хяналтын гомдол гаргаж байна” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... П.Г, Л.Тнар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт Б.Саранчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдсон. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаад хэвээр баталсан. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Хавтаст хэргийн 116-117 дугаар хуудсанд байх 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр Л.Тхэрэг үйлдэх үед болон одоо сэтгэцийн хувьд Р70 оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байсан ба эмгэг судлалын шинжилгээнд IQ нь 56 гарсан байна. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтэд П.Г-г хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. П.Г-ын эмгэг судлалын шинжилгээнд IQ 53 гарсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн гаргасан дээрхи дүгнэлтүүдээр Л.Т, П.Г нар нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдолтой, тэр нь өөрсдийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байдлаар илэрсээр байхад тэдэнд хууль ёсны төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь шүүгдэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т заасан “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн үрчилж авсан эцэг эх, эхнэр нөхөр, асран хамгаалагч харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэсэн заалтыг Л.Т, П.Г нарт хэрэглээгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хэргийг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл, эдгээр хүмүүсийн ар гэрийн амьдрал, хувийн байдлыг нь харгалзан үзэхийг хүссэнийг анхаарч үзээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байна гэж үзэн анхан болон давж заалдах шатны шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Л.Т, П.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой нь зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хэрэг хариуцах чадвартай, насанд хүрсэн сэжигтэн, яллагдагчид хууль ёсны төлөөлөгч томилох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зохицуулаагүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын эрхийг хангаж, тэднээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулж, яллагдагчийн эрхийг эдлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн шалгуурын нэг нь хэрэг хариуцах чадварын асуудал болно.

 

Хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл тухайн асуудлаар мэргэшсэн тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилон шинжлэн судлуулж, гаргасан дүгнэлтэд нь тулгуурлан ял шийтгэл оногдуулах эсэхийг шүүх  шийдвэрлэдэг учиртай.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нарын дүгнэлтээр шүүгдэгч П.Г, Л.Тнар нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол бүхий эмгэгтэй боловч хэрэг хариуцах чадвартай болохыг, хохирогч Б.Саранчимэгийг өөрийн үйлдлийг удирдан жолоодож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг тус тус тогтоосон байна.

 

Шүүгдэгч П.Г, Л.Тнар нь тэдний адил оюуны хөнгөн хэлбэрийн хомсдол өвчтэй Б.Саранчимэгийг 2019 оны 11 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн төвд Л.Түмэн-Одын гэрт аваачин түүнтэй хүчээр хурьцал үйлдэж, хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Гэмт халдлагад өртсөн талаарх хохирогч Б.Саранчимэгийн гомдол, мэдүүлэг, хүчиндэх гэмт хэргийг таслан зогсоож хохирогчийг гэрт нь хүргэсэн гэрч С.Ганзоригийн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь нэг мөр зөв ойлгон хэрэглэж, шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэх үеийн буюу Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т хоёроос найман жил хорих ял шийтгэхээр заасан хуулийг сонгон шүүгдэгч тус бүрт 3 жил хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм бурууд тохирсон байх шударга ёсны зарчимд бүрэн нийцжээ. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих асуудлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан шалган тогтоохдоо оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй хэргийн оролцогч хэн алины хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно. 

 

Иймд шүүгдэгч нарын гаргасан “гэмт хэрэг үйлдээгүй”, “өөрөө зөвшөөрч тохиролцсон” гэх гомдол болон тэдний өмгөөлөгчийн гаргасан “шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал ар гэрийн амьдрал, хувийн байдлыг харгалзан үзээгүй” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдолтой нь өөрсдийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байдлаар илэрсээр байхад хууль ёсны төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй шүүгдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх гомдлын хувьд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасан “Хууль ёсны төлөөлөгч” гэдэг ойлголт нь өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарах асуудал бөгөөд насанд хүрсэн этгээдэд хамаарахгүй болно.

 

 Хэрэг хариуцах чадвартай нь шүүх сэтгэц, эмгэг судлалаар мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр батлагдсан арван найман насанд хүрсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувьд “хууль ёсны төлөөлөгч” томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд насанд хүрсэн боловч сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй нь тусгай мэдлэг бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдвол хэргийг хуульд заасан дагуу хэрэгсэхгүй болгодог журамтай.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оюуны хөнгөн хэлбэрийн хомсдол бүхий сэтгэцийн эмгэгтэй П.Г, Л.Тнарыг гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа хуульд заасан шаардлагын дагуу өмгөөлөгч оролцуулж тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалсан байх тул шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч П.Г, Л.Тнарын болон өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

 

                                                                 Б.БАТЦЭРЭН

 

                                                                 Б.ЦОГТ

 

                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН