Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 8 дугаар байрны № 51 тоотод оршин суух, 1985 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Боржигон овогт Гансүхийн Мөнхзулын /РД:ФД85051821, Утас:99054861/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг, Спиртийн 8-199 тоотод оршин суух, 1981 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, /РД:МЗ81031160, Утас:99017148/ Их Монгол овогт Баттулгын Золжаргалд холбогдох 

             Зээлийн төлбөр 1.265.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мөнхзул хариуцагч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Золжаргалтай 12 хувийн хүүтэй, барьцаатай, өдөр болгон 26.500 төгрөг төлөхөөр, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Иргэн Золжаргал нь хугацаа дуусахад нийт 3.100.000 төгрөг төлөхөөс 1.842.000 төгрөг төлөн үлдэгдэл 1.158.000 төгрөгийг төлөөгүй. Тэгээд өөрийнх нь хүсэлтээр 1 сарын хугацаагаар 2016 оны 01 дүгээр сарын 16-наас 02 дугаар сарын 26-ныг хүртэл 15 хувийн хүүтэй 1.258.000 төгрөгийг сунгасан. Тус хугацааг дуусахад 283.000 төгрөгийг төлөөд 1.111.700 төгрөг үлдсэн. Түүнийг гэрээний нөхцөлийн дагуу 02 дугаар сарын 26-наас 0.5 хувийн алданги тооцон 1.378.720 төгрөг болсон. Үүнийгээ доошлуулаад 1.265.000 төгрөгөө л нэхэмжилж байна. Хугацаа дуусахаас өмнө Золжаргалд хэлж байсан. Одоо алданги тооцогдоно. Тиймээс шүүхэд материалаа өгчихье гэхэд шүүхээр орж нэр төрөө бузарламааргүй байна. Би гэрээний нөхцөлийн дагуу төлж барагдуулна гэсэн амлалтаа өгсөн. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 26-наас 05 дугаар сар хүртэл хүлээгээд ээжтэй нь хүртэл уулзаж хэлсэн. Ээж нь 400.000 төгрөг төлсөн. Хэрвээ Золжаргал тэгж хэлээгүй бол би эртхэн материалаа шүүхэд өгөөд шийдүүлэх байсан. Яагаад гэвэл хүүтэй мөнгө чинь гол нь хугацаандаа л байгаа юм. Хамгийн гол нь хүлээж бай гэсэн тайлбар тавьж тавьчихаад, миний цаг хугацааг алдагдуулсаны дараа би төлж чадахгүй. Чи шүүхэд өгөхөө өөрөө л мэд гэсэн. Би эвлэрүүлэн зуучлалаар ороод асуудлаа шийдүүлье гээд хандахад эвлэрч чадахгүй гэсэн. Гол нь энэ хүнд алданги тооцуулахгүй нөхцөл байсан. Хугацаа дуусангуут шүүхэд хандсан бол ийм их алданги тооцохгүй байсан. Үүнийг ч өөрт нь сануулж хэлсэн. Тэгэхэд ямар ч байсан төлнө гэсээр байгаад ээж нь 05 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөг хийсэнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй. Тийм болохоор миний хувьд алданги тооцуулахгүй байх ямар ч үндэслэл байхгүй гэв.   

 

      Хариуцагч Б.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Мөнхзулаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2.500.000 төгрөг 2 сарын хугацаатай зээлдсэн. Тухайн үед үйл ажиллагаа хэвийн явагдаад тухай бүрд нь зээлээ төлж байсан. Тэгээд үйл ажиллагаа маань зогсоод зээлээ эргэн төлөх боломжгүй болсон. Энэ хугацаандаа 2.600.000 гаруй төгрөг төлсөн байгаа юм. Одоо бол би алданги төлөх боломж байхгүй. Үндсэн зээлээ хүүтэй нь төлөх боломж байгаа.Өөрөөр хэлбэл 2.600.000 төгрөг төлсөн учраас үлдсэн 600.000 төгрөгийг төлөх боломжтой. Нэхэмжилсэн 1.265.000 төгрөгнөөс 600.000 төгрөгийг нь төлнө. Илүү алданги төлөх боломж байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болох 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ, Г.Мөнхзулын Капитал банкны дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхзул нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагч Б.Золжаргалаас 1.265.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Золжаргал нэхэмжлэгч Г.Мөнхзулын нэхэмжилсэн 1.265.000 төгрөгнөөс 600.000 төгрөгийг нь төлнө. Илүү алданги төлөх боломж байхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

Хариуцагч Б.Золжаргал нь нэхэмжлэгч Г.Мөнхзулаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2.500.000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг, сарын 12 хувийн хүүтэй, 2 сарын /60 хоног/ хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 08-199 тоотод байрлах Y-1307001194 улсын бүртгэлийн дугаартай, ¹ 000189009 дугаарын гэрчилгээтэй 30.4 м2 талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний болон Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, мөн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Г.Мөнхзул иргэн Б.Золжаргалд 2500000 төгрөгийг шилжүүлж, сарын 12 хувийн хүүтэй, барьцаатай, өдөрт 52000 төгрөг төлөхөөр, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцохоор байгуулсан байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба уг гэрээнд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Мөнхзул нь хариуцагч Б.Золжаргалын мөнгө зээлэх өөрийнх нь хүсэл зорилгын дагуу 2.500.000 төгрөгийг гэрээний дээрхи нөхцөлөөр зээлдүүлэх талаар Б.Золжаргалтай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд зээлийн хүү, алдангийн хэмжээг Б.Золжаргал зөвшөөрөхгүй байсан бол зээлийн гэрээг байгуулахгүй байх боломжтой байсан гэж дүгнэлээ.

Учир нь уг зээлийн гэрээг байгуулахад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг албадсан, дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн үйлдэл гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба хариуцагч Б.Золжаргал нь өөрийн үйлдэл холбогдлын хор уршгийг ойлгон ухамсарлаж хүсэл зорилгынхоо дагуу гэрээ байгуулсан байна.

Иймд хариуцагч Б.Золжаргалаас 1.265.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхзулд олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч 1.265.000 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 35.190 төгрөгийг төлснийг Сэлэнгэ аймаг Мандал сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Золжаргалаас 35.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхзулд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Б.Золжаргалаас 1.265.000 /нэг сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхзулд олгоугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.190 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд 35.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхзулд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Ж.ЭРДЭНЭБАТ.