Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 00224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1963 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Баянхангайн 82 тоотод оршин суух, /РД:МЗ:63091100/ Морьтон овогт Зоригтын Алимаагийн хүсэлттэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч З.Алимаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Зүүнхараа хотын 15 дугаар цэцэрлэгт 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сав угаагчаар ажилд ороод тус ажлаа 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хийсэн. 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс тус цэцэрлэгт асрагчаар үргэлжлүүлэн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилласан. 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Няраваар мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрээ тогтоолгох гэсэн чинь ажилд шилжин томилогдсон тушаалууд нь  олдохгүйн улмаас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх З.Алимаагийн хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч З.Алимаа нь Зүүнхараа хотын 15 дугаар цэцэрлэгт 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сав угаагч,  1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагч, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нярав зэрэг ажлуудыг  тус тус хийж байсан нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр /ХХ-ийн 2-3 дугаар хуудас/, 1980 оны 07 дугаар сарын 09-ны өдөр олгосон №423775 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/, Зүүнхараа хотын 15-р Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал /ХХ-ийн 12 дугаар хуудас/, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/42 тогтоолоор олгосон 8-р таван жилийн гавшгайч цолны үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, 1988 онд Зүүнхараа хотын 15-р Цэцэрлэгт ажиллаж байсан үеийн гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/, хамт ажиллаж байсан М.Амаржаргал, Я.Булгаа, С.Чулуунцэцэг нарын тодорхойлолт, гэрч М.Амаржаргал, Я.Булгаа, С.Чулуунцэцэг нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд З.Алимааг Зүүнхараа хотын 15 дугаар цэцэрлэгт 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сав угаагч,  1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагч, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нярав зэрэг ажлуудыг тус тус хийж байсанг сэргээн тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч З.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Морьтон овогт Зоригтын Алимааг Зүүнхараа хотын 15 дугаар цэцэрлэгт 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сав угаагч,  1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагч, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нярав зэрэг ажлыг тус тус хийж байсанг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57-р зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч З.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

                          

ДАРГАЛАГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.