Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 214/МА2024/00012

 

 

М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Д*******ид холбогдох иргэний хэргийн тухай

 

Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгийн даргалж хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2024/00162 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Д*******ид холбогдох,

83 991 362 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагч Ц.Д*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.У*******-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.М******* ******* ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** хаягт оршин суух Г*******ын Э*******, Б*** хаягт оршин суух Ц*******гийн Д******* нар нь 2016 оны 4 сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Б аймаг, Б сум, 5 дугаар баг ын гудамж хаягт байрлах А зэрэглэлийн 379,2 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулсан болно.

Энэхүү гэрээг байгуулахаас өмнө худалдан авагч Ц.Д*******той хийсэн анхны гэрээ нь банкны зээлээр төлнө гэсэн байсныг дахин нотариатч дээр очиж банкны шилжүүлэн гаргахыг зөвшөөрч байна гэдэг өгүүлбэр нэмж дахин батлуулсан. Энэ нь үл хөдлөх хөрөнгөө банкинд тавьж зээл авах учраас би өөрийн нэр дээр болгох хүсэлтэй байгаа, мөн би Ц.Д*******ид итгэсэн учир гэрээнд тусгасан банкны зээлээр төлбөрийг төлж үлдэгдэл мөнгийг 2 хуваан эхний ээлжинд 2016 оны 7 сарын 10-ны өдрөөс өмнө төлөх, 2 дугаар ээлжийн мөнгийг 2016 он гарангуут бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр банкны зээлийг хурдан бүтээх зорилгоор Ц.Д*******ийн нэр дээр болгож өгсөн.

Худалдан авагч Ц.Д******* ХААН банкаар зээл хөөцөлдөж, зээл хөөцөлдөх явцад хэн хэнд маань хэрэгтэй юм гээд бидний зүгээс шалтгаалах бичиг баримт, мөн Ц.Д*******ид зээл авахад хэрэгтэй байгаа бичиг баримтыг ямар ч асуудал, чирэгдэлгүйгээр цаг тухайд нь Г.Э******* миний бие бүтээж өгч байсан.

2016 оны 5 сарын 02-ны өдөр Ц.Д******* нь зээлийн хурлаар орж 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөг батлагдсан худалдаж байгаа хүний данс руу зээл нь шууд орох юм байна гэхэд миний нөхөр М.Б Улаанбаатар хотод Барилгын хөгжлийн төвд М******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулах, зураг төсөв батлуулах зэрэг хойшлуулшгүй ажилтай явж байсан тул эхнэр Г.Э******* миний нэр дээр итгэмжлэл хийн мөнгийг авахаар болсон. Мөнгийг шилжүүлэхэд нөхөр бид хоёрын данс цалингийн зээлэн дээр барилттай байгааг хэлэхэд зээл олгож байгаа эдийн засагч таны данс руу хийгээд гаргаж болно гэснээр итгэмжлэлийн дагуу Г.Э******* миний 5286 тоот дансаар 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөг орж, орсон даруйдаа Ц.Д*******ийн гуйлтаар буцаан 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийг зарлага гарган бэлнээр Ц.Д*******ид итгээд банкны VIР теллерийн хажууд тоолж өгсөн.

Зээл гарсан даруйд 65 000 000 /жаран таван сая төгрөг/-ийг түр хугацаанд хэрэглэнэ. Хүнээс авч байршуулсан мөнгө, сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг дарах хэрэгтэй байгаа гээд учирлаж гуйхад бид Ц.Д*******ид итгэсэн учраас тухайн мөнгийг банкны VIР теллер болон өөрийн найз Д.Энхбаярыг гэрчээр байлган тоолж өгсөн. Ц.Д******* нь энэ мөнгийг 2016 оны сонгуулийн сурталчилгаагаар орлого олоод шууд төлнө гэж итгүүлсэн.

Ингээд худалдах, худалдан авах гэрээний дагуу 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгөөс 75 000 000 /далан таван сая/ төгрөгийг бидэнд өгсөн.

Үүнээс хойш миний бие байнга орж мөнгөө нэхэн бага багаар нийтдээ 46 868 500 /дөчин зургаан сая найман зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийг зээл гарснаас хойш 5 жилийн хугацаанд бага багаар нэхэж байж авсан байна.

Гэрээний дагуу мөнгийг өгөөгүй учраас мөнгөө нэхэж удахгүй өгнө, наадмаас өмнө, наадмын дараа, сонгуулиас өмнө, сонгуулийн дараа, хашаа байшин зараад өгнө гэж явсаар өдийг хүрч миний амьдрал үнэхээр хүнд байдалд орон миний бие нэр төр, сэтгэл санаа болон эд материалын асар их хохирол амсахаас гадна сэтгэл санааны дарамтанд гүн орж шаналсны улмаас хавдар өвчнөөр оношлогдон хагалгаанд орж түүнээс хойш байнгын хяналтанд эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд Ц.Д*******той үүсгэсэн маргаанаас болж орох оронгүй болж гэр бүл салах дээрээ тулаад байнгын сэтгэл санааны дарамтанд байна.

Ц.Д******* нь зээл гарсан тохиолдолд төлбөрийг бүрэн хийнэ гэсэн гэрээний дагуу төлбөр хийгдээгүй тул миний зүгээс үлдэгдэл 78 131 500 /далан найман сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, 2016 оны 5 сарын 02-ны өдрөөс 2020 оны 4 сарын 14-ний өдөр хүртэлх 15 сарын 0,5%-ийн алданги 5 859 862 /таван сая найман зуун тавин есөн мянга найман зуун жаран хоёр/ төгрөг нийт 83 991 362 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд 75 000 000 төгрөгийн төлөлт хийгдсэн, машиныг 5 000 000 төгрөгөөр тооцож авсан, 49 773 566 төгрөгийн төлөлтийг 5 жилийн хугацаанд бэлэн болон дансаар авсан тул 75 266 436 төгрөг гаргуулна гэжээ.

2.Хариуцагч Ц.Д******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Э******* нь Ц.Д******* надаас төвийн барилгыг 2016 оны 4 сарын 14-ний өдөр 200 000 000 төгрөгөөр худалдсан тул гэрээний үлдэгдэл төлбөр 78 131 500 төгрөг алданги 5 859 862 төгрөг бүгд 83 991 362 төгрөг нэхэмжилжээ.

төвийг 200 000 000 биш 150 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Яагаад 200 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэвэл 150 000 000 төгрөгийг Г.Э*******, М.Б нарт шууд гаргаж өгөхийн тулд 200 000 000 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Тэгээд бид ярилцаад 200 000 000 саяар гэрээгээ хийсэн. Би урьдчилгаанд эхлээд 30 000 000 төгрөгийг Дүгэрмаа гэдэг найзаасаа 2016 оны 02 сарын 29-ний өдөр зээлж Г.Э*******ийн Төрийн банкны 120000 тоот дансанд тушааж байршуулсан.

2016 оны 02 сарын 29-ний өдөр Г.Э*******ийн Төрийн банкин дахь дансанд урьдчилан байршуулсан 30 000 000 төгрөгийг өдөрт нь буцааж авч Дүгэрмаад эргүүлж өгсөн.

Тэгээд ХААН банкаар зээл хөөцөлдсөн. Банкны зээлийн эдийн засагч нь урьдчилгаа 30 хувийнхаа үлдэгдлийг хийгээрэй гэсний дагуу Дүгэрмаагаас дахин 30 000 000 төгрөг авч ХААН банкин дахь Г.Э*******ийн 5286 тоот дансанд байршуулсан. Дараа нь 2016 оны 5 сарын 02-ны өдөр зээл гарч 140 000 000 төгрөг Г.Э*******ийн ХААН банкин дахь 5886 тоот дансанд орсон. Зээл гарсны дараа Дүгэрмаагаас авч байршуулсан 30 000 000 төгрөгийг буцааж өгөх байсан учир энэ мөнгийг Г.Э*******ээс авсан.

Харин Г.Э*******, М.Б 2 шүүхийн шийдвэрт өртэй гээд нэг хүний данс руу үлдсэн мөнгөө шилжүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэл тэр дор нь татаад авчихлаа гэж ярьж байсан. Үнэн хэрэг дээрээ би 25 000 000 төгрөгийг зээлээд үүн дээрээ дутуу 10 000 000 төгрөгийг нэмж төлөх ёстой байсан.

Миний зүгээс нийтдээ 60 000 000 орчим төгрөг төлсөн. Үүнд:

А.Г.Э*******ийн дансаар 4 545 000 төгрөг,

Б.Г.Э*******т бэлнээр 41 070 100 төгрөг,

В.Б ХХК-д М******* Харандаа ХХК-ийн төлбөр болох 3 030 466 төгрөг,

Г.10 000 000 төгрөгөнд бодож Bongo-3 маркийн 67-91 БУЛ улсын дугаартай KNCWF03428К332288 тоот арлын дугаартай хөх өнгийн машин өгсөн. Яагаад ийм хэмжээний мөнгө өгсөн бэ гэвэл мөнгийг удаасан учраас тэр юм. Тийм учраас бидэнд одоо ямар нэг м*******ий тооцоо байхгүй гэж үзэж байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц.Д*******ид холбогдох 75 266 436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М************** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 907 /таван зуун далан долоон мянга есөн зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 132/ШЗ2023/00546 дугаартай захирамжаар хариуцагч Ц.Д*******ийн Хаан банкин дахь 5270 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 83 991 362.5 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг урьдчилан авсан болохыг дурдаж, Нотлох баримтаар ирүүлсэн 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

4.1. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасан шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэсэн заалтыг зөрчиж шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга болон шаардлагатай бусад асуудлыг тайлбарлалгүйгээр шүүх хуралдааныг шууд хаасан. Шүүх хуралдааны тэмдэглэлээр дээрх байдал нотлогдоно гэж үзэж байна.

4.2. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.3-т заасан шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэсэн заалтыг зөрчиж хуульд заасан хугацаанд шийдвэрээ гаргаж гардуулаагүй болох нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр гэсэн шуудангийн дардас-аар нотлогдож байгаа.

4.3. Шийдвэрийн 7, 8.1, 9 дэх хэсэгт хийсэн хууль зүйн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй. Тодруулбал, 7 дахь хэсэгт талууд гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй, 8 дах хэсэгт зохигчид тохирсон үнийн хувьд зөрүүтэй тайлбар гаргасан, 9 дэх хэсэгт гэрээний гол нөхцлийг тохиролцсоноор гэрээ хүчин төгөдөр болох нь Иргэний хуулийн 196.1.1-д заасантай нийцнэ гэх зэргээс харахад шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.4. Шүүхээс аливаа гэрээг талууд байгуулсан тохиолдолд Иргэний хуулийн 40.1, 41.1, 41.2, 43.2.1, 196.1.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл тохиролцсон эд хөрөнгө шилжсэн байдалд дүн шинжилгээ хийх замаар хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх хуулийн зохицуулалттай байхад хуулийн дээрх заалтыг хэрхэн хэрэглэж байгаа нь ойлгомжгүй, 8 дахь хэсэгт тохирсон үнийн хувьд зөрүүтэй тайлбар гаргасан гэсэн дүгнэлтээ 9 дэх хэсэг дэх ...гэрээний үнийг тохиролцсон байгаа нь гэрээ хүчин төгөлдөр болох заалттай нийцнэ гэж үгүйсгэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

4.5. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргийн эрх зүйн гэрээ, хэлцэл байгуулагдахаас гадна худалдан авсан эд зүйлийн өмчлөл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу шилжинэ. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэж заасан хуулийн шаардлагын дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Дээрх шаардлагын дагуу нотариатчаар гэрчлүүлсэн хэлцлийн үнийг 150,000,000 төгрөг гэж үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлөөгүй, дам сонссон гэх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.6. Худалдан авагч Ц.Д******* дээрх үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлээр худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн агуулга бүхий гэрээний санал гаргаж, уг саналыг худалдагч тал хүлээн авч банкны зээлийн шаардлагад нийцүүлэн Д*******ийн хүсэлтээр ахин нотариат орж төлбөр бүрэн төлөгдөхөөс өмнө гэрчилгээгээ шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн, мөн банкны зээлээр гэсэн төлбөрийн нөхцлийг гэрээнд оруулсан байдаг.

4.7. Банкны 2016 оны 05 сарын 02-ны өдрийн зээлийн хурлаар 140 000 000 төгрөг батлагдаж, уг мөнгийг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э*******ийн 5286 тоот дансаар хүлээн авсан.

4.8. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийг банкны зээлээр өгөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний үнэ 200 000 000 төгрөг байсан тул банкны зээлийн урьдчилгаанд 200 000 000 төгрөгийн 30 хувь болох 60 000 000 төгрөгийг байршуулж банкнаас 140 000 000 төгрөгийн зээл гаргуулсан болох нь Г.Э*******ийн Төрийн банкны 120000 тоот дансны 2016 оны 02 сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга /30 000 000 төгрөг/ 2 хавтасны 56 дугаар тал, Г.Э*******ийн ХААН банкны 5286 тоот дансны 2016 оны 04 сарын 25-ны өдрөөс 28-ны өдөр/ 04 сарын 27-нд /30 000 000 төгрөг/ 2 дугаар хавтасны 55 дах тал зэргээр нотлогдож байгаа.

4.9. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний үнэ 150 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж байгаа хэдий ч нэхэмжлэгчд урьдчилгаа 30 000 000 төгрөг, 140 000 000 төгрөгийн зээлээс 75 000 000 төгрөг, хариуцагчаас Г.Э******* болон М.Б нар 17 505 000 төгрөгийг дансаар авсан /1 хавтасны 78-93 дахь тал/, бэлнээр буюу дэвтрээр 24 238 100 төгрөг /улаан дэвтэр /, Б мээж ХХК-д төлөх төлбөрт 3 030 466 төгрөг, Бонго 3 машин 10 000 000 /хариуцагч өөрөө ингэж үнэлж мэтгэлцдэг/ төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргаж байгаа нь гэрээний үнэ 150 000 000 төгрөг биш, харин 200 000 000 төгрөгөөр тохиролцсон болохоо нотолж байгаа бөгөөд хариуцагчийн тайлбарыг нотолгооны хэрэгсэл болгон дүгнэлт хийвэл 9 773 466 төгрөг илүү төлөх үндэслэл үгүй юм.

4.10. Нэхэмжлэгч М******* ******* ХХК-ний захирал М.Б 2014 оны 07 сарын 25-нд Вишн фанд ББСБ-аас Андууд худалдааны төвийн барилга /хариуцагчийн худалдаж авсан/-ыг барьцаалж 20 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн үлдэгдэл 10 748 000 төгрөгийг хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахын тулд төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог, уг мөнгө нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн м*******ий дүнд орж тооцогдон нэхэмжлэгдээгүй мөнгө, уг мөнгийг хариуцагчийн төлөх ёстой м*******өөс хасч тооцох нь үндэслэл үгүй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 00162 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

5. Хариуцагч Ц.Д******* болон хариуцагчийн өмгөөлөгч Х.У*******-Оргил нар тайлбартаа: ...Хариуцагч талаас нийтдээ 160 сая гаруй төгрөгийг төлсөн тул хангалттай төлсөн гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгч М******* ******* ХХК нь иргэн Ц.Д*******той үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан. Гэрээний зүйл болох Б аймгийн Б сумын 5 дугаар баг, ын гудамжинд байрлах А зэрэглэлийн 379,2м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгөөр худалдаж авахаар гэрээнд тохиролцсон. Ц.Д******* нь банкны зээлээр худалдаж авах хүсэлт тавьж, банкны зээлээр төлбөр төлөгдөхөөс өмнө газрын гэрчилгээг өгөхийг зөвшөөрч байна гэх агуулгаар худалдан авах гэрээ хийгджээ. Төлбөрөө 2 хувааж төлөхөөр буюу 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, 2017 он гарангуут үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн ба 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн хорооны хурлаар 140 000 000 төгрөгийн зээл батлагдсан. Үүний дагуу М******* ******* ХХК-ийн төлөөлөгч байсан Э******* өөрийнхөө Хаан банкны 5286 дансаар төлбөрийг авсан. Сум хөгжүүлэх сангаас авсан зээл төлнө гэдэг шалтгаанаар 65 000 000 төгрөгийг Ц.Д******* бэлнээр буцаагаад авсан. Гэрээний дагуу төлөлт хийгдээгүй учир үлдэгдэл 78 131 500 төгрөг, алданги 5 859 862 төгрөг, нийт 83 991 362 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 75 000 000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Бонго маркийн машиныг 5 000 000 төгрөгт тооцож авсан. 75 000 000 төгрөг авсанаас хойш 49 773 566 төгрөгийн төлөлт бэлнээр болон дансаар авсан. Тийм учраас үлдэгдэл 75 266 436 төгрөгийг гаргуулна гэж,

3. Хариуцагч Ц.Д******* Андууд төвийг 200 000 000 биш 150 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Яагаад 200 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэвэл 150 000 000 төгрөгийг Г.Э*******, М.Б нарт шууд гаргаж өгөхийн тулд 200 000 000 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Би урьдчилгаанд эхлээд 30 000 000 төгрөгийг Дүгэрмаа гэдэг найзаасаа 2016 оны 02 сарын 29-ний өдөр зээлж Г.Э*******ийн Төрийн банкны 120000 тоот дансанд тушааж байршуулсан. Банкны зээлийн эдийн засагч нь урьдчилгаа 30 хувийнхаа үлдэгдлийг хийгээрэй гэсний дагуу Дүгэрмаагаас дахин 30 000 000 төгрөг авч Г.Э*******ийн 5286 тоот дансанд байршуулсан. Зээл гарсны дараа Дүгэрмаагаас авч байршуулсан 30 000 000 төгрөгийг буцааж өгөх байсан учир энэ мөнгийг Г.Э*******ээс авсан. Би гэрээний үүргээ биелүүлсэн. Одоо нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж мэтгэлцсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

5. Зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний зүйл нь Ү-04 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Б аймаг, Б сум, 5 дугаар баг ын гудамж хаягт байрлах 379,2 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрээний үнэ 200 000 000 төгрөг. Төлбөр төлөх нөхцөлийг банкны зээл авч төлөхөөр тохирсон ба төлбөр бүрэн төлөгдөхөөс өмнө гэрчилгээ шилжүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрчээ. Иймд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө хариуцагчаас шаардах эрхтэй.

7. Анхан шатны шүүх зохигчийн төлөөлүүлэх эрх болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж дүгнэсэн байхаас гадна гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй, гэрээнээс татгалзах эсэх асуудлаар шаардлага гаргаагүй гэж зөв тодорхойлсон байна.

8. Харин талуудын гэрээний үнийн хувьд зөрүүтэй тайлбарлаж байгаа байдалд хийсэн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

8.1. Тодруулбал: Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл болох худалдах эд хөрөнгийн байрлал, талбай, хэмжээг тодорхой зааж, гэрээний үнийг тохиролцсон байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болох Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, гэрээний гол нөхцлийг тохиролцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэсэн атлаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөөгүй, 150 000 000 төгрөгөөр тохиролцсон гэсэн гэрчүүдийн мэдүүлэг, урьдчилгаанд байршуулсан төлбөрийг буцааж авсан гэсэн тайлбарыг үндэслэн гэрээний үнийг 150 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж дүгнэлт хийж, нийт төлсөн мөнгийг тооцон хариуцагчийг төлөх төлбөргүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь дээрхи хуулийн заалтаас зөрүүтэй дүгнэсэн гэж үзнэ.

9. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, гэрээнээс татгалзаагүй, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн үл хөдлөх хөрөнгийг банкны зээлээр худалдан авсан бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т заасан шаардлагыг хангасан тул хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний үнийг 200 000 000 төгрөгөөр тохиролцсон байхад гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн 150,000,000 төгрөг гэж дүгнэсэн нь буруу байна.

10. Шүүх зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үнэд 105 000 000 төгрөг төлөгдсөн, хариуцагч Ц.Д*******оос 17 505 000 төгрөгийг Г.Э*******, М.Б нарын дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан м******* шилжүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 78-93-р хуудас /-аар, М******* ******* ХХК-ийн Б ХХК-д төлөх байсан төлбөр 3 030 466 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа /1-р хх-ийн 99-р хуудас/-аар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ тооцооны талаар талууд маргадаггүй.

10.1. Харин Kia Bongo-3 маркын 67-91 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч 5 000 000 төгрөгт тооцож, хариуцагч 10 000 000 төгрөгөөр тооцож өгсөн гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн тодорхойлсон үнэ болох 10 000 000 төгрөгөөр тооцох боломжтой байна.

Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн Л.Мын мэдүүлэг, /1-р хх-ийн 182-р хуудас/, М. Бийн мэдүүлэг, /2-р хх-ийн 93-97-р хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, /1-р хх-ийн 97-98-р хуудас/, автомашины гэрэл зураг, /1-р хх-ийн 162-р хуудас, /2-р хх-ийн 54-р хуудас/ зэргийг үндэслэн хариуцагчийн тайлбараар автомашиныг 10 000 000 төгрөгт тооцох боломжтой. Харин бэлнээр болон дансаар авсан мөнгө, төлбөр тооцоог шилжүүлэн хийсэн /МЭЭЖ/ төлбөр, автомашины үнийг 10 000 000 төгрөгөөр тооцвол зохигчдын тооцоо 369 500 төгрөгөөр зөрж /нэхэмжлэгч 49 773 566 төгрөг гэж + 5 000 000 төгрөгөөр машин тооцсон үнэ, хариуцагч 55 143 066 төгрөг +10 000 000 төгрөгөөр машинаа тооцсон үнэ/ байгаа ба зөрүү м******* дүнг хариуцагч нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсон үнээр машиныг 10 000 000 төгрөгөөр тооцож 54 773 566 төгрөгийн үүргийг хариуцагч биелүүлсэн гэж үзэв.

Хариуцагчаас нийт 159 773 566 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн байх тул үлдэх 40 226 434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 75 266 436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн /бууруулсан/ шаардлагаас 35 040 002 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг шүүгчийн захирамжаар буцаан олгороор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2024/00162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.Д*******оос 40 226 434 /дөчин сая хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 040 002 /гучин таван сая дөчин мянга хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 907 /таван зуун далан долоон мянга есөн зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д*******оос 359 082 /гурван зуун тавин есөн мянга наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М******* ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 577 907 /таван зуун далан долоон мянга есөн зуун долоо/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Л.АРИУНЦЭЦЭГ