| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0156/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/123 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч, хяналтын прокурор Б.Амартүвшин,
Иргэдийн төлөөлөгч Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, Б.Ганчимэг,
Хохирогч Н.Т-,
Шүүгдэгч Б.В- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.В-д холбогдох эрүүгийн 1838003150159 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.В.
Шүүгдэгч Б.В- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-ын хэвлийн тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.В- нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хутга хэрэглэн Н.Т-ын хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэрэг гарах үед хохирогч Н.Т- болон гэрч Д.Б-, шүүгдэгч Б.В- нар байсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.В- нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зэвсэг хэрэглэн Н.Т-ын хэвлийн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар хураан авсан хутганы гэрэл зураг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Н.Т-ын мөрдөн шалгах ажилагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23, 26, 28 дугаар хуудас/, гэрч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34, 36 дугаар хуудас/, гэрч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 209 дугаартай дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/, хохирогч Н.Т-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 52-70 дугаар хуудас/, шүүгдэгч Б.В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Б.В-гийн үйлдэл нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчин Н.Т-тай маргалдсаныг шалтаг болгон санаатайгаар түүний биед ир үзүүртэй хутгаар нэг удаагийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж /зэвсэг хэрэглэсэн/ шинжийг агуулж байна.
Өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, үр дагаврыг нь тооцох боломжтой байсан боловч хутгалж, урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд хохирсон хор уршигт зориуд хүргэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, хувийн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатайгаар учруулахдаа ахуйн зориулалттай зэвсгийн чанартай зүйл /хутга/ хэрэглэж, шинжээчийн дүгнэлтээр ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан нь уг гэмт үйлдэл, хохирогчийн биед үүссэн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.
Шүүгдэгч нь нэг удаагийн хутгалалтаар хохирогчид гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин явсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Б.В-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэрч нарын мэдүүлгүүдээр тухайн үед шүүгдэгч Б.В-, хохирогч Н.Т- нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна.
Хохирогч өөрийгөө хутгалаагүй, бусдын зүй бус үйлдлээс болж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б- сандарчихсан Т-ыг В- шоролчих шиг боллоо гээд хажуу айл руу орж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгсэн хаалганы цаана нэг нь намайг яаж байгаа юм бэ намайг шаачихлаа гээд орилоод унасан. Тэгэхээр нь би гэрээсээ гарахад хаалганы довжоон дээр Т- цаашаа хараад уначихсан хэвтэж байсан. В- намайг шаачихлаа гэж хоёр гурав хэлж байснаа дуугүй болчихсон. Т-ын гэдэс рүү харахад цус гарсан байдалтай байсан. ...тэгээд удалгүй Т- гэрийн маань гадаа намайг В- хутгаар шаачихлаа шүү дээ гэж хэлээд хэвтэж байсан. ...Т-ыг хутгалсан хутгыг харахад манай гэрийн хутга байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 36 дугаар хуудас/ гэснээр нотлогдоно.
Хохирогч нь шүүгдэгчтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж зодолдсон болох нь тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарсны дараа хэргийн газарт үзлэг хийсэн, гэрч Д.Б- нарын мэдүүлэг нь дараа дараагийн нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдол бүхий болжээ.
Хэргийн газраас хураан авсан хутгаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар хураан авсан хутганы гэрэл зураг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх эрээн иштэй 2 ширхэг хутга болон нэг заазууртай” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т-ыг хутгалсан хутгыг харахад манай гэрийн хутга байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 36 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэргээр нотолно.
Хохирогч Н.Т- нь шүүгдэгч Б.В-тэй маргалдаж ноцолдсон болох нь гэрч Д.Б-гийн: “...хоорондоо маргалдаад манай ширээн дээр байсан тавагтай идээ болон гэрийн баганыг мултлаад хоорондоо барилцаж аваад манай гэр дотор зөв тойроод хаалгаар хоёулаа барилцаад гарсан. ...Тухайн үед В- гар нүүрээ угаах гээд байж байхад Т- гэрийн маань баганыг салгаж аваад ширээн дээр байсан тавагтай идээг унагаагаад В-г цохих гэж дайрсан. Тэр үед В- баганыг нь булааж аваад Т-ыг түлхэж унагаасан” /хх-ийн 33, 36/ гэх мэдүүлгүүдээр хохирогч нь шүүгдэгчийн эсрэг халдан довтолсон үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.В- нь Т.Н-н гэрт байсан хутгыг авч хохирогчийг хутгалж, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь батлагдаж байна.
Шүүгдэгч Б.В-г уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хэргийн бодит байдалтай тохирч байна.
Шүүгдэгч нь хохирогчийг нэг удаагийн хутгалах үйлдлээр түүний эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн “...хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх” гэх дүгнэлт /хх-ийн 51/ зэргээр нотлогдоно.
Шүүгдэгч Б.В-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогч Н.Т- нь 1.500.000 төгрөгийг надад өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 89/ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.В-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.В-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлуагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэв.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, 299 хоног цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1 дэх хэсгийн 1.4 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.В-д ял оногдуулахдаа хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, улсын яллагчаас шүүгдэгчид “3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “3 жил 6 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.В- нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 299 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.В-гийн цагдан хоригдсон 299 хоногийг хорих ялын 299 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай, нийт урт нь 14 сантиметр хэмжээтэй, 2.5 сантиметр өргөнтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.В-г 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.В-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.В-гийн цагдан хоригдсон 299 /хоёр зуун ерэн ес/ хоногийг хорих ялын 299 хоёр зуун ерэн ес/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.В- нь хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай, нийт урт нь 14 сантиметр хэмжээтэй, 2.5 сантиметр өргөнтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.В-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
Г.ГЭРЭЛТ-ОД