Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараагийн ¹ 4-15 тоотод оршин суух,1964 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Узаммалтаг овогт  Какармааны Дарийгаагийн хүсэлттэй

Ж.Халамхантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч К.Дарийгаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч К.Дарийгаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Халамхантай 2000 оны 04 дүгээр сард танилцаж түүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Акерке төрсөн. Тэр үеэс эхлэн бид нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ж.Халамхан маань 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр золгүйгээр хүний гарт амь насаа алдаж нас барсан. Бид хоёр гэр бүлээ батлуулах бодолтой байсан ч урьд нь гэр бүлтэй гэр бүлийн баталгаагаа салгаагуй учраас дахин батлуулах боломжгүй байсан. Иймд охин Х.Акеркед тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрыг 2000 оны 04 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч К.Дарийгаа нь Ж.Халамхантай  2000 оны 04 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нэг гэрт хамтын амьдралтай байсан нь зохигчийн тайлбар, гэрч Н.Алтантуул, Х.Алтангул, Д.Гульнар нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Х.Акерке төрсөн бөгөөд Ж.Халамхан нь охин Акеркений төрсөн эцэг мөн болох нь ¹ 0095314 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Харин К.Дарийгаа нь Ж.Халамхан нар нь хамтын амьдралтай байх хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлж баталгаажуулаагүй байсан ба Ж.Халамхан нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан тул охин Х.Акеркед тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл К.Дарийгаа нь Ж.Халамхан нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй учраас олгогдох боломжгүй байдалд хүрсэн байна.

Иймд К.Дарийгаагийн гаргасан хүсэлтийг хангаж Ж.Халамхантай хамтын амьдралтай байсныг тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч К.Дарийгаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Узаммалтаг овогт  Какармааны Дарийгаа,  Таскибе овогт Жапабайгийн Халамхан нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч К.Дарийгаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Ж.ЭРДЭНЭБАТ.