Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 204/МА2024/00018

 

2024 оны 6 сарын 17-ны өдөр           Дугаар 204/МА2024/00018         Өвөрхангай аймаг

 

 

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 146/ШШ2024/00082 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Т-д холбогдох,

Зээлийн төлбөр нийт 1,123,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н /цахим сүлжээгээр/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул /цахим сүлжээгээр/, хариуцагч Ш.Т /цахим сүлжээгээр/, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлийн агуулга: Ш.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10-н хувийн хүүтэй зээлж аваад хугацаандаа өгөхгүй удаа дараа худлаа ярьж хойшлуулсан.

2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлөх байсан хүү, болон үндсэн мөнгөө төлөхгүй гэрээнд заасан хугацаа хэтэрч байгаа тул үндсэн мөнгө 1,000,000 төгрөг, өнөөдрийг хүртэлх хүү 123,300 төгрөг, нийт 1,123,300 төгрөгийг Ш.Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзулын тайлбарын агуулга: Хариуцагч Ш.Т 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг 01 сарын хугацаатайгаар зээлж гэрээ байгуулсан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөх байсан боловч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 80,000 төгрөг мөн 20,000 төгрөг төлж хугацааг сунгасан. Үүнээс хойш зээлийн хугацаагаа сунгасан. Дараа сар нь төлүүлэх гэтэл ар гэрт нь хүн өвдсөн гээд огт мөнгө өгөөгүй.

Иймд 1,123,300 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 3. Хариуцагч Ш.Т-ын татгалзал, тайлбарын агуулга: Би Ц.Н-аас 1,000,000 төгрөг зээлсэн. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгөх байсан боловч өгч чадаагүй. Тэрнээс хойш 80,000 төгрөг, 20,000 төгрөг төлж хугацааг сунгасан. Би тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байсан бөгөөд эм, тариа, хүүхдийн памперс гээд хүнд байсан. Тэгээд би сар болгон 100,000 төгрөг төлсөн. Нийт бодоод үзэхээр Ц.Н-д 1,600,000 төгрөг төлсөн байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Т-д холбогдох 1,123,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзулын давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 146/ШШ2024/00082 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусах байсан боловч хариуцагч Ш.Т нь хугацаа сунгуулах саналаа сар бүр утсаар ярьж хугацаа сунгуулж, сар бүрийн 05-ны өдөр үндсэн зээлийн хүү болох 100,000 төгрөгийг тогтмол төлж байсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойших хүү болон үндсэн мөнгөө төлөөгүй тул 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс анхан шатны шүүхэд хандаж өдийг хүртэлх хүү 123,300 төгрөг, үндсэн зээл 1,000,000 төгрөг, нийт 1,123,300 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэвч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талыг зээлийн гэрээний хугацаа сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Харин хариуцагч нь сар бүрийн 05-ны өдөр үндсэн зээлийн хүү болох 100,000 төгрөгийг тогтмол төлж байгаа нь утсаар ярьж гэрээг сунгаж байсан болох нь үйлдлээрээ тогтоогдож байна.

Хариуцагчийн дансны хуулгаар сар бүрийн 05-ны өдөр тогтмол үндсэн зээлийн 10 хувь болох 100,000 төгрөгийг давтамжтай шилжүүлж байсан нь тодорхой харагддаг. Гэтэл хариуцагч үүнийг үндсэн зээлийн төлбөр болон алдангид төлсөн гэдэг бөгөөд зээлийн гэрээнд барьцаа хөрөнгө байгаа тохиолдолд алданги тооцох зохицуулалт байгаа. Гэтэл үндсэн зээлийн гэрээнд барьцаа хөрөнгө байхгүй гэдгийг тусгаж өгсөн байдаг. Зээлийн гэрээгээр барьцаа хөрөнгө байхгүй, алданги тооцоогүй байхад анхан шатны шүүх 600,000 төгрөг алдангид төлсөн гэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон зээлийн гэрээнд алданги тооцоогүй байтал шүүхээс алдангид гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй. Түүнчлэн шүүх зээлийн хүү алдангийг аль хугацаанд хэрхэн тооцоод байгаа нь шийдвэрт тусгагдаагүй энэ талаараа хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэснээр хариуцагч үндсэн зээлээ сар бүр 100,000 төгрөг төлж барагдуулж байсан гэх бөгөөд зээлдэгч энэ талаараа зээлдүүлэгчид огт мэдэгдээгүй. Мэдэгдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийг зээлээ сунгаж байсан талаар нотлоогүй гэсэн атлаа хариуцагч ч мөн шүүхэд гаргаж байгаа тайлбараа нотлох үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч тайлбараа нотолсон ямар ч баримт хэрэгт гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл гэрээгээ сунгаагүй үндсэн төлбөрөөс төлж байсан талаараа нотлоогүй.

Харин эсрэгээрээ нэхэмжлэгчид сар бүр тогтмол өдөр гэрээнд тохирсон хүүгээ төлж байгаа нь үйлдлээрээ гэрээг сунгаж байгаа хэлбэр гэж нэхэмжлэгч тал дүгнэж байна.

Хэрэв хариуцагч сар бүр 100,000 төгрөг төлж үндсэн зээлээ төлж байсан бол үндсэн зээлийн үлдэгдлийн хүүг хэрхэн төлж байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 146/ШШ2024/00082 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгч Ц.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөгийг 01 сарын хугацаатай зээлэхээр гэрээ байгуулсан. Хугацаагаа сар бүр утсаар яриад, зээлээ сунгаж өгнө үү, хүүгээ хийчихье гэж мессеж бичдэг байсан. Мөн сар бүрийн 05-ны өдөр 100,000 төгрөгийг тогтмол шилжүүлдэг байсан.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хугацаа сунгаж байсан талаараа нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Хариуцагч үндсэн төлөлтөөсөө төлж байсан гэдэг. Харин сар бүрийн 05-ны өдөр 100,000 төгрөгийг тогтмол төлж байсан үйлдэл нь хугацаа сунгасан хүүг төлж байсныг тодорхой харуулж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 145/ШШ2024/00082 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан ч хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хугацаа хэтрүүлж зээлийн хүүг төлсөн. Хэрвээ үндсэн зээлийн хугацаа дууссан гэж хариуцагч үзсэн бол 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөгийг зээлдэгч зээлдүүлэгчийн дансанд шилжүүлэх байсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 80,000 төгрөг, 20,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 100,000 төгрөг хийгээд дахиж мөнгө хийгээгүй. Хэрвээ зээлийн хугацаагаа сунгуулахгүйгээр үндсэн зээлээ дуусгана гэсэн бол 100,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд хийх байсан. Хариуцагч өөрөө хугацаагаа сунгуулъя гээд сар болгоны 05-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлж байна гэдэг нь хариуцагч үйлдлээрээ зээлийн гэрээний хугацааг сунгаж, хүүг төлж явж байсан гэдгээ нотолж байгаа. Харин хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр би үндсэн зээлийн төлөлтөөсөө төлсөн, 600,000 төгрөгийн хүү, алданги төлсөн гэж тайлбарлаж байгаа нь ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд хэрэгт авагдаагүй. 100,000 төгрөгийг давтамжтай төлөөд явж байгаа нь хариуцагч зээлийн гэрээний хугацааг сунгаж хүүгээ төлж байгаа идэвхтэй үйлдэл байна.

Үндсэн зээлийн төлбөрт алданги төлсөн гэж байгаа бол зээлийн гэрээнд барьцаа хөрөнгө байгаа тохиолдолд л алданги тооцно гэдэг. Ц.Н болон Ш.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ барьцаагүй учир ямар ч алданги тооцох эрх зүйн үндэслэл байхгүй. Гэтэл зээлийн гэрээнд барьцаа хөрөнгө байхгүй, алданги тооцохооргүй байхад анхан шатны шүүхээс 600,000 төгрөгийг алданги гэж тооцсон. Харин 500,000 төгрөгийг алданги, 100,000 төгрөгийг нь хүү гэж тооцжээ. Мөн зээлийн хүү, алдангийн хугацаанд хэрхэн тооцож байгаа, хэдий хугацааны ямар үлдэгдлийн алданги гэдгийг тайлбарлаагүй.

Хариуцагч 1,000,000 төгрөгөөс сар болгон 100,000 төгрөг хасаад төлсөн, 2023 оны 8 дугаар сард 1,000,000 төгрөгөө төлж дууссан гэж байна. Гэтэл үүнээс хойш 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 100,000 төгрөгийг сар болгоны 05-ны өдөр төлж байгааг хүүгээ төлсөн гэдгийг харуулж байхад анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан. Зээлдэгч энэ талаар зээлдүүлэгчид огт мэдэгдээгүй учраас сар болгоны 05-ны өдөр үндсэн зээлийнхээ хүүг төлж байсан гэдэг нь нотлогдож байгаа.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

8. Хариуцагч Ш.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Н-аас 01 сарын хугацаатай 1,000,000 төгрөгийг зээлэхээр гэрээ байгуулсан. 2022 оны 10 дугаар сарын 05-нд мөнгийг өгөх байсан боловч чадалгүй сарын бүрийн 05-ны өдөр 100,000 төгрөгөөр шилжүүлж байсан. Гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан байсан.

Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, манай нөхөр хувиараа блок хийдэг, улирлын чанартай ажил хийдэг. Би өөрөө 500,000 төгрөгийн цалинтай амьдралд хүрэлцдэггүй зэрэг гачигдалтай байсан болохоор зээлсэн мөнгөө хугацаандаа төлж чадаагүй. Би боломжоороо зээлсэн мөнгөө сарын бүрийн 5-ны өдөр 100,000 төгрөгөөр төлсөөр байгаад нийт 600,000 төгрөгийг төлсөн. Тийм учраас ахиж мөнгө өгч чадахгүй. Надад ахиад мөнгө өгөх боломж байхгүй.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 145/ШШ2024/00082 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ш.Т-д холбогдуулан зээл 1,000,000, хүү 123,300 төгрөг, нийт 1,123,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Ш.Т эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 01, 16, 17/

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 145/ШШ2024/00082 дугаар шийдвэрээр “... зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй ... 1,600,000 төгрөгийг ... нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн ... зээлийн гэрээний дагуу хүү 100,000 төгрөг, үндсэн зээл 1,000,000 төгрөгийг төлсөн ...” гэж дүгнэн Ц.Н-ийн нэхэмжлэлтэй Ш.Т-д холбогдох зээлийн төлбөр нийт 1,123,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Энэ шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... хариуцагч нь сар бүрийн 05-ны өдөр үндсэн зээлийн хүү болох 100,000 төгрөгийг тогтмол төлж байгаа нь утсаар ярьж гэрээг сунгаж байсан болох нь үйлдлээрээ тогтоогдож байна ... үндсэн зээлээ сар бүр 100,000 төгрөг төлж барагдуулж байсан гэх бөгөөд зээлдэгч энэ талаараа зээлдүүлэгчид огт мэдэгдээгүй. Мэдэгдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй ... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

4. Зохигч 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ бичгээр хийн, Ц.Н 1,000,000 төгрөгийг Ш.Т-д 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож /хх-ийн 04/, зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Зээлийн гэрээ бичгээр хийсэн, 1,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн төлбөрт нийт 1,600,000 төгрөг төлсөн үйл баримт /хх-ийн 39-50, 52-61/-ын талаар зохигч маргаагүй.

Харин зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болоход сунгасан эсэх, Ш.Т-ын 1,600,000 төгрөгийг үндсэн зээл, хүүгийн аль төлбөрт оруулан тооцох нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхээр хуульчилсан учир сар бүрийн 05-ны өдөр үндсэн зээлийн хүү болох 100,000 төгрөгийг тогтмол төлж байсан гэх үйлдлийг зээлийн гэрээний хугацааг сунгаж гэрээг бичгээр хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд гэрээний хугацааг сунгасан гэж үзэх өөр үндэслэл тогтоогдоогүй байна.

1,600,000 төгрөг төлсөн баримтууд дээр хүү төлсөн гэх агуулга байхгүй, Ш.Т зээлийн гэрээний хугацааг сунгаагүй үндсэн зээлээ боломжоороо буцаан өгсөн гэж маргасан учраас 1,600,000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн гэж дүгнэх нь талуудын зарчимд нийцэхгүй.

Иймд хугацаа сунгасан зээлийн гэрээг бичгээр хийгээгүйгээс шалтгаалан Ц.Н 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойших хугацааны хүү авах эрхээ алдаж, Ш.Т зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэхээр байх тул зээлийн төлбөр нийт 1,123,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний үүргээс илүү төлсөн гэж үзэх 500,000 төгрөгийн тухайд Ш.Т алдангид төлсөн гэж тайлбарлан, энэ талаар маргаагүй тул 500,000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрт оруулан тооцох нь талуудын зарчимд нийцнэ.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах журмаар гомдол гаргахад нэхэмжлэгч Ц.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 146/ШШ2024/00082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

           ШҮҮГЧИД                            Н.ЭНХМАА

                                                        Л.НЯМДОРЖ