| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00212/И |
| Дугаар | 00225 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 00225
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох 223,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл нэгдсэн эмнэлэг нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2806000 төгрөгийг төлснөөс хойш төлбөр төлөлгүй биднийг хохироож байна. Иймд Нэгдсэн эмнэлэгээс төлбөрийн үлдэгдэл болох 216000 төгрөг, нотариатын зардалд 7000 төгрөг нийт 223000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: ... “Скайтел” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг компанийн нэхэмжилсэн 223000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 223000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 223000 /хоёр зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7340 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгээс 3670 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 3670 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.