Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 218/МА2024/00006

 

  

*******-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2024/00182 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээл, зээлийн хүү нийт 11,815,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ... ******* нь *******" ХХК-ийн ломбардаас 6,950,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүүд 3,800,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 6,950,000 төгрөг, зээлийн хүү 1,390,000 төгрөг, алданги 3,475,000 төгрөг, нийт 11,815,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлээд байгаа 11,815,000 төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас зээл, зээлийн хүү нийт 8,340,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /алданги 3,475,000 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "*******" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,990 /хоёр зуун гурван мянга есөн зуун ерэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж. хариуцагч *******гаас 148,390 /нэг зуун дөчин найман мянга гурван зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* миний бие нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны үүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 139/шш2024/00182 дугаартай шүүхийн шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцлаа. Уг шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 28 хүртэл нэг жилийн хугацаатай нэхэмжлэгч "******* "ХХК-наас 6,950,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Би зээлийн төлбөрт cap бүр төлөх үндсэн дээр 3 хүүхдийн халамжийн тэтгэмж, халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, улирал тутам өрх толгойлсон эмэгтэй халамжийн тэтгэмж зэргийг өгч байсан. Би бичиг үсэг мэдэхгүй, сургуульд огт суугаагүй, ам бүл 3 хүүхдийн хамт амьдардаг. Шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцож чадаагүй.

Би зээлийн хугацаанд 2021 оны 05 дугаар сарын 28-наас 2023 оны 07 дугаар сарын 01 хүртэл 3 хүүхдийн халамжийн мөнгө 25 cap*300,000= 7,100,000 төгрөг, тэжээгчээ алдсаны халамжийн тэтгэмж 25 cap*432,000=10,800,000 төгрөг, өрх толгойлсон эмэгтэйн тэтгэмж 8 улирал*550,000=4,400,000 төгрөг, нийт 22,300,000 төгрөг төлсөн. Одоо шүүхийн шийдвэрээр зээл, зээлийн хүү нийт 8,340,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагчийн гомдлын үндэслэл нь *******т 22,300,000 төгрөгийг зээлийн хүү, алдангид төлчихсөн байгаа. Гэтэл яагаад анхан шатны шүүх *******ийн 11,815,000 төгрөг нэхэмжилж орж ирснээс 8,340,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гаргасан гомдолдоо тухайн мөнгө хэрхэн яаж төлөгдөж байсан талаараа тодорхой тусгачихсан байгаа. 3 хүүхдийн халамжийн мөнгө гэхэд 25 сараар, тэжээгчээ алдсан халамжийн тэтгэмжийг 25 сараар, өрх толгойлсон эмэгтэйн улирал тутам олгодог мөнгийг 8 улирлын мөнгө гээд нийт 22,300,000 төгрөг *******ийн данс руу орсон байгаа юм. Иймд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд байгаа 8,340,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй учраас анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 182 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Гомдлыг дэмжиж байна. Гомдолдоо хүүхдийнх нь харилцах данс болон өөрийнх нь Төрийн банк, Хаан банкных нь хуулгануудыг хавсаргаж өгсөн байгаа гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 182 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. 20 гаран сая төгрөгийг төлж барагдуулсан гэж байна. Энэ нь өмнөх авсан зээлдээ төлсөн байгаа. Хүүхдийн мөнгө гэж байна. Тэрнээс өмнө 6,950,000 төгрөг авахаас өмнө зээл хийсэн байгаа. Үүндээ төлөгдөж дууссан. Хамгийн гол нь 6,950,000 төгрөгийг зээлэхдээ 380,000 төгрөгөөр 10 удаа авсан байгаа. Би тэр зээлийнхээ хүүд тооцож авсан. 22,300,000 төгрөг өгснийг би ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнө нь хийсэн зээл тухайн мөнгөөр төлөгдсөн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас зээл, зээлийн хүү нийт 8,340,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /алданги 3,475,000 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Энэ хэргийн хариуцагч *******ийн ******* байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн овог зөрүүтэй нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд хариуцагчийн овгийг ******* гэж бичсэн байхад шүүх нэхэмжлэгч талаас залруулж авалгүйгээр, шүүгчийн туслах хариуцагчтай утсаар ярьж түүний овгийг тодруулан нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзнэ. Мөн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийг овгийг зөрүүтэй бичсэн байна.

Хэрэгт уг хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүгчээс өөр шүүгчид шилжүүлсэн зөвлөгөөний тогтоол, хавсралтыг хавсаргасан байх ба уг хэрэг шилжүүлсэн зөвлөгөөний тогтоол, хавсралт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд энэ нь хууль бус бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргахдаа нотлох баримт хангалттай бүрдсэн үндэслэлээр шүүгчийн захирамж гаргасан нь хуульд нийцээгүй. Хариуцагч талаас ямар ч нотлох баримт, хариу тайлбар хэрэгт ирээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх, тэгш эрхийн зарчмыг зөрчсөн.

Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй, хэргийн материал танилцуулах талаар тодруулаагүй маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг 8,340,00 төгрөг гэж үндэслэх хэсгээс зөрүүтэй үнийн дүнгээр шийдвэрлэсэн.

Хариуцагч нь бичиг үсэг мэдэхгүй талаар давж заалдах гомдолд дурдсан байх бөгөөд энэ нь үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэлийн хувь гардуулсан баримт, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байдлаар нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т заасан эрх зүйн туслалцаа авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д хуульд заасан бусад эрхээр хангаагүй.  

5. ******* нь *******тай 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч ******* нь 6,950,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүү 3,800,000 төгрөг өгсөн. Үндсэн зээл 6,950,000 төгрөг, хүү 1,390,000 төгрөг, алданги 3,475,000 төгрөг, нийт 11,815,000 төгрөгийг гаргуулна гэжээ. /хх 1/

2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбараас үзвэл хариуцагч ******* нь зээлийн эргэн төлөлтийг бүгдийг төлчихсөн гэж тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас зээлд эгүүлэн төлсөн гэх төлбөрөөс үндсэн зээл болон зээлийн хүүд суутгасан хэмжээ тодорхойгүй, тооцоололгүй байгааг анхан шатны шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан зээл авсан хугацаа, нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээний хугацаа харилцан адилгүй зөрүүтэй байхад тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2024/00182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Г.МӨНХБАТ