| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00255/И |
| Дугаар | 00241 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 00241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол чихэр ХХК-ны хүсэлттэй
Ц.Гүнчинсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Баянжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч “Монгол Чихэр” ХХК-ны захирал Д.Дорждэрэм шүүхэд гаргасан хүсэлтдээ: … Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайваны 24 тоотод оршин суудаг, Мандал сум дах Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Цидаасүмбэрэл овогтой Гүнчинсүрэн нь 2013 оны 05 дугаар сард “Монгол чихэр” ХХК-ны нэр дээр гэрээ байгуулан танил талаа ашиглан өөрийн ажиллаж байсан байгууллага болох ОБЕГ-ын харъяа Жаргалантын нөөцийн салбараас 20 тн үрийн буудай авч хэрэглэсэн боловч буудайны үнийг төлөөгүйгээс Жаргалантын нөөцийн салбар манай байгууллагаас үрийн буудайны үнийг нэхэмжилж байна. Энэ нэхэмжлэлд хариуцагчаар Ц.Гүнчинсүрэн оролцох үндэслэлтэй боловч Ц.Гүнчинсүрэн нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул Ц.Гүнчинсүрэнг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тодруулж өгөхийг хүсье.Ц.Гүнчинсүрэнгийн талаар:
1. Түүний эхнэрийн эгч нь болох 2-р баг, Спиртийн 4-р байрны 74 тоотод оршин суух Бадарчийн Бат-Өлзий,
2. Төрөл садан болох Мандал сумын Хэрх тосгоны Намагийн 6 тоотод оршин суух Даяндоржийн Эрдэнэ нараас тодруулж болохыг дурдъя гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Цидаасүмбэрэл овогтой Гүнчинсүрэн нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны 24 тоотод оршин сууж байсан ба одоогоор уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай байх тул эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Монгол чихэр ХХК-ны захирал Д.Дорждэрэмд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр гаргасан байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1,116.118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны 24 тоотод оршин сууж байсан Цидаасүмбэрэлийн Гүнчинсүрэнг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.Гүнчинсүрэнг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан Монгол чихэр ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.