Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 218/МА2024/00007

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2024/00198 тоот шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: *******гийн хүсэлттэй, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдварт Сүрьеэгийн тасагт Хөдөлмөрийн хүнд нөхцөлд үйлчлэгч, асрагчаар ажиллаж байгааг тогтоолгох тухай хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ******* овогтой ******* би Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1991 оны 1 дүгээр сарын 28-наас эхлэн хоол зөөгчөөр ажилд түр томилогдон 1991 оны 3 дугаар сарын 19-нөөс тус эмнэлгийн төрөх тасгийн асрагчаар ажилласан бөгөөд тус эмнэлэгт одоог хүртэл тасралтгүй асрагчаар ажиллаж байна. Үүнээс 2013 оны 4 дүгээр сарын 15-наас Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Удирдлага санхүүгийн тасгийн үйлчлэгчээс чөлөөлөгдөж, мөн өдрөөс тус эмнэлгийн халдвартын тасгийн асрагчаар томилогдон одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдсэн даргын асрагчаар томилсон тушаалгүй болчхоод байна. Тухайн үед байгууллагын удирдах ажилтан асрагч үйлчлэгчийн чиг үүрэг нэг байсан учир үйлчлэгчээр томилсон гэдэг бөгөөд хортой нөхцөлд ажиллаж байсны нэмэгдэл олгох тухай тушаал 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн б/24-ний өдөр гаргасан боловч Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь таныг халдварт, сүрьеэгийн тасгийн үйлчлэгчээр томилсон 2013 оны тус тушаал л байна, Халдварт Сүрьеэгийн тасгийн асрагч гэсэн тушаал чинь байхгүй зөрчилтэй байгаа учир шүүхэд ханд гэсэн тогтоол өгсөн учир шүүхэд хандах шаардлагатай болоод байна.

Иймд ******* овогтой *******г Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдварт, сүрьеэгийн тасагт 2013 оны 4 дүгээр сарын 15-наас Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/24 тушаалаар хортой нөхцөлд асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын байрны тодорхойлолт ирсэн байдаг. Энэ ажлын байрны тодорхойлолтоор тухайн хүний ажиллаж байсан асрагчийн ажлын нөхцөл байдлуудаас тусгагдсан байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэжээ.

3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овогт *******ын ******* /*******/-г 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын Сүрьеэгийн тасагт хөдөлмөрийн хүнд нөхцөлд үйлчлэгчээр ажиллаж байгаа болохыг тогтоож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* тус шүүхэд Хөдөлмөрийн хүнд нөхцөлд асрагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх ******* нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдварт сүрьеэгийн тасагт хөдөлмөрийн хүнд нөхцөлд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Нийгмийн даатгалын байгууллага тус шийдвэрийг хүлээн аваад ...таныг үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосон учир таныг тэтгэвэрт гарах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Уг нь тус шүүхэд асрагчаар ажилласнаа тогтоолгох нь эрх зүйн ач холбогдол бүхий ач холбогдол байтал ингэж үйлчлэгчээр ажилласныг тогтоож шийдвэрлэсэн нь миний одоог хүртэл үйлчлэгч, асрагчийн ажлыг хийж байсан нь хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах нөхцөлийн хангах байсан. мөн хэргийн материалд байгаа ажлын байрны тодорхойлолт, цалингийн баримтууд албан газрын тодорхойлолт болон бусад баримтуудаар тус тасагт үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан нь хангалттай нотлогдог юм. Энэ ******* нь тус байгууллагад үйлчлэгч асрагчийн ажлыг хамтад нь хийж байсан байдаг бөгөөд үүнийг анхан шатны шүүх асрагчаар ажилласныг орхигдуулаад шийдвэр гаргасан байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2024/00198 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хөдөлмөрийн хүнд нөхцөлд үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх нь хүсэлт гаргагчийн шаардлага, үндэслэл шүүхээс гарах шийдвэрийн үр дагаварт бодитой дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хүсэлт гаргагч ******* нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдварт сүрьеэгийн тасагт хөдөлмөрийн хүнд нөхцөлд үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт *******ын *******г 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын Сүрьеэгийн тасагт хөдөлмөрийн хүнд нөхцөлд үйлчлэгчээр ажиллаж байгаа болохыг тогтоон шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч ******* хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байгаа ажлын байрны нэр, нөхцөлөөс шалтгаалж өндөр насны тэтгэвэрт орох хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн тул нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдварт сүрьеэгийн тасагт хөдөлмөрийн хүнд нөхцөлд үйлчлэгч, асрагчаар ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч ******* Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдварт сүрьеэгийн тасагт үйлчлэгчээр ажиллахдаа хөдөлмөрийн хүнд нөхцөлд асрагчийн үүргийг давхардуулан гүйцэтгэж байсан болох нь тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа энэ хугацаанд үйлчлэгчээр ажилласан гэж шийдвэрлэснээс нийгмийн даатгалын байгууллага ажилтныг хүнд нөхцөлд ажилласан гэж тооцох эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй гэж үзсэнээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах гаргах үндэслэл болжээ.

Тухайн байгууллагад 2022 онд шинэ стандарт тогтоож, уг стандарт хэрэгжихээс өмнө асрагчаар ажиллаж байсан албан тушаалтныг үйлчлэгчээр тогтоож байсан үйл баримтыг нотолсон Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын тушаал хэрэгт авагдсан /хэргийн 86 дугаар тал/ байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад асрагч/үйлчлэгчийн албан тушаалыг хамааруулж, цалингийн нэмэгдэл олгохоор журамласан, түүнчлэн жагсаалтын 30 дугаарт болон хурц, архаг халдварт өвчин болон сэтгэцийн эмгэгтэй өвчтөнийг эмчлэн сувилах ажлыг байнга гардан гүйцэтгэдэг их бага эмч.... асрагч.....гэж, мөн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалын хавсралтын 1158 дугаарт асрагч гэж тус тус орсон байна.

Хүсэлт гаргагчийн ажилласан хугацааны талаар Нийгмийн даатгалын байгууллага маргаагүй, харин хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан нь тогтоогдоогүй гэж үзсэн байна. Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүний тэтгэвэр тэтгэмж авах эрх бий болох нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд хөдөлмөрийн нөхцөлийг заавал яагаад шүүхээр тогтоолгох болсонд Давж заалдах шатны шүүх анхаарлаа хандуулж хэргийн нотлох баримтад дүгнэлт хийж үзвэл хэргийн 84-85 дугаар хуудсанд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын шүүхэд гаргасан тайлбарт *******г 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 29 хүртэл авсан цалинг хүснэгтлэн гаргасан байх бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл хөлсийг 10 хувиар авч байсныг нотолж тайлбарласан байна.

Нэгэнт Нийгмийн даатгалын байгууллагаас *******г ажил олгогч үйлчлэгчээр томилсон нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд оруулан тооцох боломжгүй гэсэн учир ажилтан эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах хуульд заасан зарчимд нийцсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа хүсэлтийг шийдвэрлэхдээ түүнийг тус байгууллагад үйлчлэгчээр ажилласан гэж тогтоосон нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэргийн нотлох баримтад бодитой дүгнэлт хийгээгүй, шүүхээс гарах шийдвэрийн агуулга ач холбогдол нь хүсэлт гаргагчийн эрх ашигт нийцэх эсэхэд дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь хөдөлмөрийн нөхцөл тогтоолгох гэж байгаа хэдий ч шүүхээр тогтоолгохын зорилго нь түүний тэтгэвэр тэтгэмж авах эрх бий болох нөхцөлийг бүрдүүлэх агуулгыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл түүний шаардлагыг тогтоох журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан байна.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх зохицуулалт нь тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна гэж зохицуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 гэснийг 135 дугаар зүйлийн 135.2.6 гэж, хүсэлт гаргагчийн асрагчаар ажилласныг тогтоон шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2024/00198 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...135.2.14... гэснийг ...135.2.6... гэж, ...үйлчлэгчээр... гэснийг асрагч/үйлчлэгчээр... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагч *******гийн төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ

 

Х.ГЭРЭЛМАА