Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          улсын яллагч Х.Еркебулан,

          шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809044170018 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны 31 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Ч.А /регистрийн дугаар  /

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ч.А нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” паб үйлчилгээний газрын гадна хохирогч Ц.Одбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “манай хамтлагийг сонин стильтэй, хөдөөний маягаар дуулдаг гэж доромжилсон” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар цохих, өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд эрүүний баруун буланд зөрөөтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, 4 шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Аийг 2018 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” паб үйлчилгээний газрын гадна хохирогч Ц.Одбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “манай хамтлагийг сонин стильтэй, хөдөөний маягаар дуулдаг гэж доромжилсон” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар цохих, өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд эрүүний баруун буланд зөрөөтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, 4 шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Ч.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” паб үйлчилгээний газрын гадна хохирогч Ц.Одбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “манай хамтлагийг сонин стильтэй, хөдөөний маягаар дуулдаг гэж доромжилсон” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар цохих, өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд эрүүний баруун буланд зөрөөтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, 4 шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч Ц.Одбаярын “Би 2018 оны 9 дүгээр сарын 21-ний орой “Амрита” бааранд шоу үзээд шөнийн 03 цагийн үед Нисванис хамтлагийн дуучин Энх-Амгалангийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” гэдэг пабд очсон. Тэнд Аравт гэдэг хамтлагийн дуучин Нямаа гэгчтэй маргасан. Би Нямаад “танай хамтлаг чинь сонин стильтэй, хөдөөний маягаар дуулдаг” гэсэн чинь уурлаад хэрэлдсэн. Тэдний хамтлагийн гитарчин урт үстэй залуутай барилцаж авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Миний биед учирсан гэмтлийг Алтантөгс учруулсан. Миний эрүүг Алтантөгс хугалсан. Алтантөгсөөс өөр намайг гэмтээж, зодож, цохисон хүн байхгүй..” гэсэн мэдүүлэг  /хх-5-6, 7/,

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11725 тоот актын “…Ц.Одбаярын биед эрүүний баруун буланд зөрөөтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, 4 шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна. ...Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч Ч.Аийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2018 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тулга пабд үйлчлүүлж байхдаа Лемонс хамтлагийн дуучин Одбаяртай муудалцаж, түүнийг цохиж гэмтээсэн. Одбаяр нь тухайн пабд байхдаа согтуугаар намайг элдэв үгээр доромжилж, миний үснээс зулгааж, зодохыг оролдсон юм. Дараа нь пабаас гарсны дараа над руу дайрч намайг үснээс зулгаачхаад тавихгүй байхаар нь аргагүй эрхэнд түүний эрүүн тус газар цохисон. Миний мэдэхээр Одбаярыг надаас өөр хүн цохиогүй…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Ат танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Ч.Ат 800 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

         

          Энэ хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ат 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Ялтан Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР