Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 575

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 18 тоотод оршин суух, 1925 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ25082512, Булгадар овогт Доржийн Жамбалын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн цагаатгалын нөхөх олговорт 1.000.000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буянтогтох, прокурор П.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.Жамбал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний нагац ах Сэнгэбазар овогтой Довжуу нь 1938 онд Ензонхамбын хувьсгалын эсэргүү бүлэгт оролцсон гэх хилс хэрэгт холбогдон буудаж алах, эд хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн. 1992 онд БНМАУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн магадлалаар цагаатгагдсан. Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор 1.000.000 төгрөгийг олгож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Жамбал нь миний аав бөгөөд өндөр настай, чих нь хатуу тул би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Сэнгэбазар овогтой Довжуу нь 1938 онд Ензонхамбын хувьсгалын эсэргүү бүлэгт оролцсон гэх хилс хэрэгт холбогдон буудаж алах, эд хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн. 1992 онд БНМАУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн магадлалаар цагаатгагдсан. Миний аав Д.Жамбал нь хэлмэгдэгч Сэнгэбазарын Довжуугийн зээ дүү мөн болох нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 518 тоот шийдвэрээр тогтоогдсон байдаг. Иймд Д.Жамбалд улс төрийн хилс хэлмэгдэгчийн цагаатгалын нөхөх олговорт 1.000.000 төгрөг олгож өгнө үү” гэжээ.

     Прокурор П.Удвал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Д.Жамбалд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар нөхөх олговрын 1.000.000 төгрөгийг олгох нь зүйтэй” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Жамбал нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Сэнгэбазарын Довжуугийн цагаатгалын нөхөх олговорт 1.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Сэнгэбазарын Довжуугийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №17119 тоот Цагаатгалын үнэмлэх уг үнэмлэхэд Сэнгэбазарын Довжуу нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 тоот тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг Монгол улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 164 тоот Магадлалаар цагаатгэв. Монгол улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг гэжээ,

2. БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 64 тоот Магадлалын 73 дугаарт Сэнгэбазарын Довжуу /Довгуу/ бичигджээ,

3. Д.Жамбалын ХААТР маягт,

4. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 518 тоот шүүхийн шийдвэрээр Доржийн Жамбал нь хэлмэгдэгч Сэнгэбазарын Довжуугийн зээ дүү мөн болохыг тогтоожээ,

5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №108/000315 тоот 1 дүгээр маягтын лавлагаанд “Булгадар овогт Доржийн Жамбал нь Увс аймгийн Хяргас суманд Сэсрэнгийн Дорж, Сүгэрийн Бүндэр нарын гэр бүлд төрсөн гэж” бүртгэжээ,

6. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн С.Довжуурын тухай гэх архивын лавлагаа,

7. “Зууны мэдээ” сонинд “Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 2016 оны зургадугаар сарын нэрсийн 5. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ач дүү, зээ дүү хэсгийн 1. Увс, Доржийн Жамбал нь хэлмэгдэгч Сэнгэбазарын Довжуугийн зээ дүү” гэж зарлагджээ,

8. Архивын Ерөнхий газраас 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан архивын лавлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Хэлмэгдэгч Сэнгэбазарын Довжуу нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн, 1992 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн хурлын 64 тоот магадлалаар цагаатгагдсан нь Улсын Дээд Шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр олгосон №17119 тоот цагаатгалын үнэмлэх,  Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас олгосон архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

       Нэхэмжлэгч Д.Жамбал нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Сэнгэбазарын Довжуугийн зээ дүү мөн болох нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 518 тоот шийдвэрээр тогтоогдсон, нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэж “Зууны мэдээ” сонинд зарлагдсан байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд 1.000.000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэж заажээ.

       Иймд Увс аймгийн төрийн сангаас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Доржийн Жамбалд олгохоор шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба Д.Жамбалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Жамбалд олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Увс аймгийн Төрийн сангаас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, РД:ОЭ25082512, Булгадар овогт Доржийн Жамбалд олгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Д.Жамбалын улсын тэмдэгтийн хураажид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Жамбалд олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР