Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2024/01089

 

 

 

 

 

 

 

 

2024 05 22 210/МА2024/01089

 

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/01588 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.О-ын хариуцагч Д ХХК , Ц.Э нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, хариуцагч Ц.Э ын өмгөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний эцэг Д.Г-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, - дүгээр хороо , Консулын - дугаар гудамж , -в тоотод байрлах газрын ард байрлах 71 м.кв газрыг өмчилж авахаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж, Баянзүрх дүүрэг, - дүгээр хороо , Консулын - дугаар гудамж ,-г тоот хаягт 71 м.кв талбай бүхий газрыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/395 дугаар захирамжаар өмчилж авсан.

1.1. Иргэн Ц.Э нь өөрийн өмчлөлийн газрын хэмжээг хэтрүүлэн хашаа барьж, өөрийн Д ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан. Энэхүү газрын ихэнх хэсэг нь Д ХХК-ийн зөвшөөрөлгүй сунгасан хашаатай давхцаж байгаа бөгөөд тус компани одоог хүртэл зөвшөөрөлгүйгээр барьсан хашаагаа татахгүй зогсоол хэлбэрээр ашиглаж хүндрэл учруулж байна.

1.2. Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас уг асуудлыг судлаад Д ХХК болон тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Ц.Э нарт удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч чөлөөлж өгөөгүй. Иймд хариуцагч Д ХХК болон Ц.Э нарын хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Ц.Э тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг газрыг 10 жилийн хугацаатай түрээсэлж, уг газартай холбоотой маргаан гарвал Ц.Э хариуцахаар тохиролцсон. Иймээс уг маргааныг Ц.Э хариуцах ёстой. Нэхэмжлэгч Г.О нь Баянзүрх дүүрэг, - дүгээр хороо , Консулын - гудамж, -в тоотод байрлах газар гэсэн нь манай компанитай хамааралгүй бөгөөд Д ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар Баянзүрх дүүрэг, - дүгээр хороо , Консулын - гудамж, -, -а тоотууд байх бөгөөд энэхүү газрууд нь Д ХХК-ийн өмчлөлийн газрууд биш, иргэн Ц.Э ын газар байх тул манай байгууллага хариуцагч биш юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Ц.Э ын тайлбар, татгалзлын агуулга: Иргэн Ц.Э нь 2002 оноос Д ХХК -ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Д.Г нь гэнэт газрын гэрчилгээтэй болоод гараад ирсэн. Нэхэмжлэгчийн маргаж буй газарт нь Д ХХК-ийн орц, гарц байдаг учраас шударга эзэмшигчээр тогтоолгохоор явж байгаа гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, - дүгээр хороо , Консул - дугаар гудамж ,-г тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай газраас хариуцагч Д ХХК , Ц.Э нарыг албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Э , Д ХХК -аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч А.Уянгын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ц.Э нь маргаан бүхий газрыг 2009 оноос хойшхи эзэмшиж, ашиглаж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан фото зургаар нотлогдоно. Баянзүрх дүүрэг, - дүгээр хороо , Консулын - дугаар гудамж ,-г хаяг бүхий 71 м.кв газар нь бүхэлдээ Ц.Э ын өмчлөлийн хөрөнгө юм. Мөн Баянзүрх дүүрэг, - дүгээр хороо , Консулын - дугаар гудамж , -а хаягт 2008 оноос хойш компанийн үйл ажиллагаа явуулж байгаа.

5.1. Нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч байж хариуцагчийг албадан чөлөөлүүлэх үндэслэл болно. Нэхэмжлэгч Г.О нь маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан эсэхээс хамаарч маргаан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.2, 183.3 дахь хэсэгт зааснаар хэн нэг этгээд тухайн хөрөнгийн талаар маргаагүй буюу эсэргүүцээгүй, шаардлага гаргаагүй бол улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчимтай.

5.2. Хариуцагч Ц.Э нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул маргаан бүхий хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх Г.О-ын эрхийг эсэргүүцэн маргасан гэж үзнэ. Энэ тохиолдолд эрх бүхий байгууллагаас Г.О-ыг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь талуудын хооронд үүссэн хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн буюу бүртгэл үнэн зөв гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Г.О нь улсын бүртгэлд өөрийн нэрийг бүртгүүлэх замаар маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрхийг олж авсан нь талуудын хувьд маргаантай гэж үзэх үндэслэл болно.

5.3. Ц.Э нь 2008 онд маргаан бүхийн газрыг өмчилж авахдаа кадастрын зураглалыг хийлгэж, өөрийн хөрөнгөөр засан сайжруулж орчныг тохижуулан 2013 онд өмчилж авсан бөгөөд өнөөг хүртэл 15 жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байна. 2020 онд нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ц.Э ын хашаалж үйл ажиллагаа эрхэлж байсан газраас 71 м.кв нь эзэнгүй байгааг мэдэж өөрийн өмчлөлдөө авсан нь хуулийн дагуу хийгдсэн байх боломжгүй. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу 71 м.кв газрыг өмчлөх давуу эрх нь Ц.Э т байгаа талаар удаа дараа тайлбарласан.

5.4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий газар дээр очиж үзлэг хийлгүйгээр, хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгчийн тайлбарласан тайлбарт тулгуурлан хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Маргаан бүхий хаягт нь -а бөгөөд бусад тоотууд дээр хэмжээ сунгасан албан бичиг ирж байгаагүй. Иймд алдаатай албан бичгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заалтыг хэрэглэхгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч И.Э-ийн йн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Г.О-ын нэхэмжлэлтэй Д ХХК болон Ц.Э нарт холбогдох иргэний хэргийн шүүх хурал 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон бөгөөд тус шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дэх П.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралтай давхацсан тул энэ тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх тус хүсэлтийг шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж авалгүй, шүүх хурлыг үргэлжлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг зөрчсөн.

Мөн шүүх хуралдааны явцад миний үйлчлүүлэгч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгч авч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан боловч оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан талаарх нотлох баримтаа албан ёсоор ирүүлээгүй тул хариуцагчийн өмгөөлөгч И.Э-ийн йн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хэлснээр нэхэмжлэгчийг тухайн газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хэрхэн гаргуулсан талаар эргэлзэж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагад хандаж шалгуулах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь хууль бусаар тухайн өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авсан зүйлгүй. Газрын албанаас хариуцагч нарт газрыг чөлөөлөх талаар албан шаардлага явуулж байсан, 2 удаа албадан нураасан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Иймд тухайн газар нэхэмжлэгчийн өмчлөл мөн, улсын бүртгэл үнэн зөв, хууль бусаар өмчлөх эрх олж аваагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д ХХК , Ц.Э нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Маргаан бүхий Баянзүрх дүүрэг, - дүгээр хороо , Консул - дугаар гудамж ,-г тоот хаягт байршилтай, - нэгж талбарын дугаартай 71 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр Г.О эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэж гэрчилгээ олгогджээ.

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасан ба уг бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх шаардлагатай.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-02/3178 дугаар албан бичиг, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/4657 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13/4178 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02-06/6967 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хариуцагч Ц.Э нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/639 дугаар захирамжийн дагуу түүнд өмчлүүлсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт хашаа барихдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхацуулсан үйл баримтыг зөв тогтоожээ.

Хариуцагч Ц.Э нь маргаан бүхий газрыг 2008 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа, кадастрын зураглал хийлгэж, өөрийн хөрөнгөөр засан сайжруулж орчныг тохижуулан 2013 онд өмчилж авсан бөгөөд өнөөг хүртэл 15 жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарласан байх боловч талуудын маргаж буй газрын хувьд, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар түүний өмчлөлд бүртгэгдээгүй, түүнчлэн мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, тухайн газрыг эзэмших талаар эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулагдаагүй байна.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20/14-1 тоот шаардах хуудсаар маргаан бүхий газрыг чөлөөлөхийг Д ХХК , гүйцэтгэх удирдлага Ц.Э нарт мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Дээр дурдсанаас дүгнэхэд, хариуцагч нар маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь тогтоогдоогүй байна.

5. Иймээс анхан шатны шүүх хариуцагч Д ХХК , Ц.Э нарын хууль бус эзэмшлээс маргаан бүхий газрыг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд тодорхойлсон өмчлөгчийн шаардах эрхийн агуулгад нийцүүлэн томъёолоогүй найруулгын алдаа гаргасан байх тул зөвтгөх нь зүйтэй.

6. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч Ц.Э нарын өмчлөлийн газрууд хөрш залгаа эд хөрөнгө мөн боловч тэдгээр нь өөр өөр цаг хугацаанд өмчлөгч болсон, хөршийн нөлөөлөл талуудын маргааны зүйл болоогүй тул Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.4 дэх хэсгийг тус маргаанд баримтлахгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс уг хуулийн зохицуулалтыг хасаж хууль хэрэглээний алдааг залруулна. Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул нотлох баримт үнэлээгүй гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Хариуцагчийн өмгөөлөгч И.Э-ийн йн гаргасан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хангахгүй орхиж, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ц.Э ын өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутад товлосон ба ийнхүү товлоход өмгөөлөгч И.Э-ийн йн зүгээс шүүх хуралдаан давхацсан талаар тайлбар гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/01588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК , Ц.Э нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Г.О-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-2204030715 дугаартай, Баянзүрх дүүрэг, - дүгээр хороо , Консул - дугаар гудамж ны-г тоот хаягт байршилтай ,71 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлсүгэй. гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д ХХК , Ц.Э тус бүрийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН