Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 181/2023/03113/И |
Дугаар | 210/ма2024/01090 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/ма2024/01090
2024 05 22 210/МА2024/01090
Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01016 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Ц-д холбогдох,
12,255,529 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Б.Сарантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ц.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар тус яамны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б-ыг албан тушаалаас нь халжээ.
1.1. Иргэн Ч.Б нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэр тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ.
1.2. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/80 дугаар дугаар тушаалаар 12,255,529 төгрөгийг Ч.Б т ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. Ц.Ц ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 12,255,529 төгрөгийг буруутай албан тушаалтан Ц.Ц ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус яамны харьяа Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б-ыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.
2.1. Уг тушаалыг Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын чиг үүргийн дагуу гаргасан бөгөөд Ц.Ц гэх хувь хүний өмнөөс уг шийдвэрийг гаргаагүй. Яамны нэрийн өмнөөс гарч буй бүх шийдвэрийн төслийг холбогдох мэргэжилтнүүд, хуулийн хэлтэс бэлтгэдэг бөгөөд иргэний шүүх дээрх тушаалын хуулийн үндэслэлийг хянасан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, Ч.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй байдлыг төрд санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэж үзэх нь өрөөсгөл юм.
2.2. Намайг дээрх албан тушаалыг хашиж байх үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасан. Харин 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэглэх ёстой гэж үзэж байна. Улмаар Т нь уг хуулиас өмнө төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байсан бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Ц.Ц ийн буруутай үйл ажиллагаанаас ажилтныг халсан нь шүүхээр тогтоогдсон. Ч.Б тай ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрөөс гаргах ёсгүй гэж үзэж байна. Тиймээс 12,000,000 төгрөгийг Ц.Ц ээс гаргуулах нь зүйтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц ээс 11,125,574 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгон, үлдсэн 1,129,955 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид 192,959 төгрөгийг гаргуулан улсын ологод оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1 дүгээр зүйл нь тус хуулийн 77.2-т Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасны дагуу мөн өдрөөс хойш төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан шийдвэр буюу үйлдэлд хамаарна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг буцаан хэрэглэх тухай хуульд заагаагүй байна. Иймд уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаал нь уг тушаал хэзээ хууль бус болох нь шүүхээр тогтоогдсон, хэзээ төрд хохирол учирсан эсэхээс үл хамаарч дээрх хуулийн заалтын үйлчлэлд хамаарахгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Хариуцагчийн хууль бус үйлдэл нь түүнийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
5.1. Хариуцагч Ц.Ц 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалыг гаргах үед 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлд Төрийн албаны үндсэн зарчмыг хуульчилахдаа 4.2.7-д Хуульд тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасан байсан бол шинэ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Төрийн албаны зарчмаас уг зарчим хасагдсан байгаа нь тус хуулийн зарчим, үзэл баримтлал өөрчлөгдсөний илэрхийлэл юм.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50.1, 50.2 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр Иргэний хуулийн 498.2, 498.5 дугаар зүйлүүдийг дангаар нь хэрэглэж нэхэмжлэлийг хангах боломжгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дугаар зүйлийг хэрэглэн Ц.Ц ээс гэм хорыг арилгахыг шаардах тохиолдолд нэхэмжлэгч нь Ц.Ц ийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан ажил олгогч байгууллага эсхүл төр байх боломжтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийг прокурор төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй. Харин Т нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр итгэмжлэлгүйгээр төрийн байгууллагыг төлөөлөх чиг үүрэг, эрх хэмжээгүй болох нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагааны чиглэл, Төрийн албаны тухай хуулийн 65-66-р зүйлд заасан бүрэн эрхийн хэмжээгээр нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан Т-ийн нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 11,125,574 төгрөгийг олгохоор шийдвэрлэж байгаа нь хуулийг зөрчсөн.
5.2. Нэхэмжлэлийн шаардлага 12,255,529 төгрөгийн 5,631,025 төгрөг нь Ч.Б ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох иргэний хэргийн талаарх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаартай шийдвэрт тусгагдсан төлбөр юм. Гэтэл шүүхийн шийдвэрээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг иргэн Ц.Ц ээс гаргуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгохоор шийдвэрлэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 11,125,574 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч Ц.Ц нь Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны сайдаар ажиллаж байхдаа Ч.Б-ыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Уг үйл баримт нь хэдийгээр 2018 онд болсон ч тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд Т төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргахаар заасан. Уг заалт нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт илүү нарийвчилсан байдлаар зохицуулагдсан. Иймд Т нэхэмжлэл гаргахдаа хүчингүй болсон хуулийг баримтлах боломжгүй учраас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг баримталсан учир хууль буцаан хэрэглээгүй. Хууль буцаан хэрэглэсэн асуудалтай холбоотой Т нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хариуцагч Ц.Ц ийн буруутай үйлдлийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилсэн гэж зөв дүгнэсэн. Ч.Б-ыг хууль бусаар ажлаас халсан болохыг мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэр гарсан байхад ажилд нь томилохгүй явсаар Ц.Ц нь өөрөө 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх Засгийн газрын тогтоол гарсан. 2002 Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах байсан хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар эхлээд буруутай албан тушаалтны учруулсан хохирлыг төр хариуцаад дараа нь төр буруутай албан тушаалтнаас хохирлоо нэхэмжилж буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зохицуулалтын дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан 12,255,529 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.
3.1. Ц.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар ажилтан Ч.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, Ч.Б-ыг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажилгүй байсан хугацааны олговор 6,624,504 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 6,694,704 төгрөгийг гаргуулан Ч.Б т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгахаар шийдвэрлэжээ./хх32-44/
3.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас Ч.Б нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,527,632 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 103,393 төгрөгийг тус тус гаргуулан Ч.Б т олгохоор шийдвэрлэсэн байна.
3.4. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар хөрөнгө хуваарилах тухай тушаал болон түүний хавсралтад зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрээр Ч.Б т учирсан хохиролд 6,624,504 төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэрээр Ч.Б т учирсан хохиролд 5,631,025 төгрөгийг тус тус төлж барагдуулсан./хх9-10, 12/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
4. Анхан шатны шүүх хариуцагч Ц.Ц ийн хууль бус үйлдэл нь түүнийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж дүгнэж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж алдаатай шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
5. Нэхэмжлэгч тал 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг шаардах эрхийн үндэслэлээ болгожээ.
6. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найлгуулгыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаас баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчилнэ. Иймд хуулийн дээрх заалтаар хариуцагч Ц.Ц ийн 2018 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Т д үүсээгүй гэж үзнэ.
6.1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Т нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ. Хуулийн энэ заалт нь Т-ийн эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт бөгөөд хариуцагч Ц.Ц ийн албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэм хорын хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэл болохгүй юм.
6.2. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч Ц.Ц ийн ажиллаж байсан байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан Ч.Б т учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцсэн байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Т нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрий хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь Ц.Ц ийн буруутай үйл ажиллагаанаас ажилтан Ч.Б-ыг халсан тул Ц.Ц 12,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэх агуулгаар дүгнэлт гаргажээ. Гэвч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай хуулийг баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан. Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажилтан Ч.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Ц ээс 12,255,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН