| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00480/И |
| Дугаар | 576 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 576
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 20-40 тоотод оршин суух, 1951 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЗ51060109, Долоонууд овогт Норовын Нүрзэдийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн цагаатгалын нөхөх олговорт 1.000.000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нүрзэд, прокурор Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Нүрзэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний өвөө Дэгжихийн Жамба нь лам, эмч домч хүн байсан. Тухайн үеийн тоолж авсан 414 мал, бусад эд хөрөнгийг нь хураан авч улсын орлого болгосон нь архивын лавлагаа материал, буурал ээжийн минь хэлсэнтэй тохирч байна. Дэгжихийн Жамба нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 30 тоот тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг Монгол улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 121 тоот Магадлалаар цагаатгасан байдаг. Иймээс цагаатгалын комиссын шийдвэрийн дагуу Дэгжих овогтой Жамбын нөхөх олговор 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Н.Нүрзэдэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар нөхөх олговрын 1.000.000 төгрөгийг олгох нь зүйтэй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Нүрзэд нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Дэгжихийн Жамбын цагаатгалын нөхөх олговорт 1.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Дэгжихийн Жамбын 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №16485 тоот Цагаатгалын үнэмлэх уг үнэмлэхэд Дэгжихийн Жамба нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 30 тоот тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг Монгол улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 121 тоот Магадлалаар цагаатгав. Монгол улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат гэжээ,
2. БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 121 тоот Магадлалын 18-рт Дэгжихийн Жамба бичигджээ,
3. Увс аймгийн Наранбулаг сумын 1956 оны хүн амын тооллогын материал,
4. Үндэсний архивын газрын архивын магадлагаа,
5. Увс аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан баталгаа,
6. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас гаргасан “Архивын лавлагаа”,
7. Н.Нүрзэдийн өв залгамжлах эрхийн гэрчилгээ,
8. “Зууны мэдээ” сонины 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ¹109 дүгээрт “Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 2016 оны тавдугаар сарын нэрсийн 1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ач, зээ хэсгийн 1. Увс, Норовын Нүрзэд нь Дэгжихийн Жамбын ач охин” гэж зарлагджээ,
9. Итгэмжлэл,
10. Норовын Агваан, Норовын Лхамжав нарын нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Хэлмэгдэгч Дэгжихийн Жамба нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн, 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн хурлын 121 тоот магадлалаар цагаатгагдсан нь Улсын Дээд Шүүхээс 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон №16485 тоот цагаатгалын үнэмлэх, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас олгосон архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Н.Нүрзэд нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Дэгжихийн Жамбын ач охин болох нь Увс аймгийн иргэний бүртгэл мэдээллийн төвөөс гаргасан баталгаа болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэж “Зууны мэдээ” сонинд зарлагдсан байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд 1.000.000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэж заажээ.
Иймд Увс аймгийн төрийн сангаас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Норовын Нүрзэдэд олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба Н.Нүрзэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Нүрзэдэд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Увс аймгийн Төрийн сангаас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт оршин суух, РД:ОЗ51060109, Долоонууд овогт Норовын Нүрзэдэд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Н.Нүрзэдийн улсын тэмдэгтийн хураажид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Нүрзэдэд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР