Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2024/01091

 

 

 

 

 

 

 

 

2024 05 22 210/МА2024/01091

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/01694 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Ү.Б-д холбогдуулан хохиролд 21,477,612 төгрөг гаргуулах үндсэн, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23/48 тоот ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь Ү.Б-тай 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр - тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сум, хавиргын боомтод хэрэгжиж буй авто замын төслийн ажилд 6 ширхэг өөрөө буулгагч ************* автомашинаар ажил гүйцэтгүүлэх, урьдчилгаа 24,000,000 төгрөгийг олгож, үлдэгдэл төлбөрийг ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн 15 хоногоор тасалбар болгон ажилласан хоног цагаар тооцож, тооцоо нийлж баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гүйцэтгэлийн төлбөрийг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

1.1. Хариуцагч Ү.Б нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагаас ажлын талбайд ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг хүртэл буюу 15 хоног ажиллаж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, нэхэмжлэгч талд мэдэгдэлгүйгээр ажлын талбайг орхиж явсан нь манай компанид их хэмжээний хохирол учруулж дээрх төслийн ажлыг зогсоход хүргэсэн. Бид уулзаж төлбөр тооцоогоо дуусгахыг эсхүл буцаж очиж ажиллахыг шаардсан боловч танайхтай уулзахгүй шүүхээр шийдвэрлүүл гэдэг хариу өгсөн.

1.2. Хариуцагч нь тус ажиллах хугацаанд нийт 31,548,387 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Манай компани гэрээний дагуу урьдчилгаа 24,000,000 төгрөг, шатахууны зардал 8,369,200 төгрөг, Жи Пи Эс суурилуулалтын зардал 6,256,800 төгрөг, нийт 38,626,000 төгрөгийн зардал гаргасан. Үүнээс гүйцэтгэсэн ажлын хөлс болох 31,548,387 төгрөгийг хасч, зөрүү 7,077,612 төгрөгийг гэрээний 4.2.2-т заасан 20 хувийн торгууль болох 14,400,000 төгрөгийг нэмж тооцон нийт 21,477,612 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М. ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээгээр Дорнод аймгийн Хэрлэн сум Хавиргын боомтод хэрэгжиж буй автозамын ажилд 6 ширхэг автомашинаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний урьдчилгаа техник тус бүрд 4,000,000 төгрөгийн урьдчилгааг гэрээний дагуу нэхэмжлэгч нь надад шилжүүлсэн.

2.1. Гэрээнд заасан хугацаанд техник бүр очиж ажилласан боловч нэхэмжлэгч тал нь ажиллах боломж, нөхцөлөөр хангаагүй. Иймээс цаашид ажиллах боломжгүй талаар амаар нэхэмжлэгчид хэлж мэдэгдсэн.

2.2. Дээрх ************* улсын дугаартай 6 автомашинууд нь миний техник биш гэдгийг нэхэмжлэгч тал гэрээ байгуулах үед мэдэж байсан. Уг гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг миний бие дангаар гүйцэтгэх боломжгүй, гэрээнд заасан техникүүд миний техник биш гэдгийг мэдсээр байж гэрээг байгуулсан. Уг гэрээний урьдчилгаа 4,000,000 төгрөгийг надад шилжүүлсэнийг би техник тус бүрийн жолоочид шилжүүлсэн. Тухайн автомашины өмчлөгч бүр өөр өөрийн автомашинаар нэхэмжлэгчийн өгсөн зааврын дагуу холбогдох ажлыг хийж гүйцэтгүүлчихээд надаас хийгээгүй үлдсэн ажлын төлбөр, хохирол нэхэмжилж байгаа нь хууль зөрчсөн. Иймд талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23/48 тоот ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл биш бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасныг тус тус үндсэн гэрээг талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан гэрээний саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Мөн хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгчээс 6 автомашины ажлын хөлсний урьдчилгаа төлбөр нэг хүнд 4,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байх ба эдгээр автомашинууд гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж байснаа хүлээн зөвшөөрч тус асуудалд маргахгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл биш гэдгийг нотолж байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ү.Б нь гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөр хүлээн авч, уг талбайд очиж ажлыг хийж гүйцэтгэсэн нь бодит үйлдлээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү.Б аас хохирол төлбөр нийт 10,616,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,861,194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ү.Б ын нэхэмжлэгч М ХХК -д холбогдуулан гаргасан 2023 оны 09 дүгээр 23-ны өдрийн №23/48 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлд бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,340 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 184,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.5, 232.7, 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй тул хариуцагчаас нийт 10,616,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,861,194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь гэрээний хугацаанд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь нотлогдож талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.2-т заасан хариуцлага буюу торгууль төлөхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг торгууль нэхэмжлэхдээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн талаарх тооцооллоо тодорхой заагаагүй гэх үндэслэлээр хохирлын үнийн дүнгийн тал хувиар торгуулийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэрээний 4.2.2-т "Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгээгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол нэг сарын төлбөрийн үнийн дүнгийн 20 хувьтай тэмцэх хэмжээгээр Захиалагч талд торгууль төлнө" гэж заасан. Гэрээний нэг сарын төлбөр нь 1 машины 12,000,000 төгрөг нийт 6 машины 72,000,000 төгрөгийн 20 хувь болох 14,400,000 төгрөг болох нь тодорхой байна. Мөн Гүйцэтгэгч сард 72,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон нь тодорхой атал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тодорхойгүй гэх шалтгаанаар хохирлын үнийн дүнгийн тал хувиар торгуулийн хэмжээг тооцож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Торгуулийн 14,400,000 төгрөгөөс 10,861,194 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Талууд гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Хариуцагч тал тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар тооцож нэхэмжлэл гаргасныг шүүх тооцож үзээд алдангийн 50 хувиар тогтоож шийдвэрлэсэн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 7,077,612 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл 20 хувийн алдангийг 72,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ү.Б-д холбогдуулан хохиролд 21,477,612 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23/48 тоот ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. М ХХК , Ү.Б нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23/48 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Хавиргын боомтод хэрэгжиж буй авто замын төслийн ажилд өөрийн эзэмшлийн ************* улсын дугаартай өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэглээр чулуу, хайрга, шороо тээвэрлэх, захиалагч нь ажлын нэг сарын төлбөр нь 1 ээлжээр тус бүр 12,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ./хх6-7/

Зохигчид Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хэлцлийг хүчин төгөлдөр гэж үздэг.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

5. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ү.Б-д гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа 24,000,000 төгрөг, шатахууны зардал 8,369,200 төгрөг, жи пи эс суурилуулалтын зардал 6,256,800 төгрөг, нийт 38,626,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн эзэмшлийн дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, Г-ийн нэхэмжлэх, шатахууны суутгал баримтууд, өөрөө буулгагч машины гүйцэтгэлийн тооцоо, авлага өглөгийн тооцоо, машин механизмаар гүйцэтгэсэн ажлын замын хуудас, түлшний тайлан, жи пи эс тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Уг гэрээний дагуу хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын Хавиргын боомтод хэрэгжиж буй авто замын төслийн ажлыг 6 тээврийн хэрэгслээр нийт 31,548,387 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь 2023 оны 10 дугаар сард ажилласан өөрөө буулгагч машины гүйцэтгэлийн тооцоо, авлага, өглөгийн тооцоо, машин механизмаар гүйцэтгэсэн ажлын замын хуудас, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийн 16 цаг хүртэл хугацааны Гайхан ХХК-ийн түлшний тайлан, жи пи эс тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-9, 10, 11/

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Ү.Б нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай, хариуцагчийн гүйцэтгэсэн ажил Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасан ажлын үр дүн гараагүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсөнд төлсөн 7,077,612 төгрөгийг хариуцагч Ү.Б аас буцаан шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ү.Б аас хохиролд 7,077,612 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК -д олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас торгууль шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д энэхүү гэрээний 1.1-д заасан ажлын нэг сарын төлбөр нь 1 ээлжээр тус бүр 12,000,000 төгрөг байна, мөн гэрээний 4.2.2-т гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгээгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол нэг сарын төлбөрийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр захиалагч талд торгууль төлөх-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч Ү.Б нь гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгээгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч М ХХК нь алданги шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч нь дээрх тохиролцооны дагуу торгууль 14,400,000 /12,000,000*6=72,000,000 төгрөг*20%/ төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэмжээгээр торгуулийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

7. Дээрх тооцоог нэгтгэн дүгнэвэл хохирол 7,077,612 төгрөг, торгууль 14,400,000 төгрөг, нийт 21,477,612 төгрөгийг хариуцагч Ү.Б аас гаргуулан нэхэмжлэгч М ХХК -д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

8. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23/48 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/01694 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ү.Б аас 21,477,612 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК -д олгосугай. гэж,

3 дахь заалтын ...184 812... гэснийг 265,338 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН