Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Л.Ундармаа;       

улсын яллагч Ш.Хосбаяр;

гэрч Б.Цогтгэрэл, Т.Ариунаа, Х.Болорцэцэг, Ж.Пүрэвсүх;

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг;

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч: С.Пүрэвдорж;

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Давааравдан;

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч  Ц.Монгол;

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Э.Золбоо, Г.М;

шүүгдэгч О.О, М.Б, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэндэнжамцын Бум-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий анггийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чикагийн М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алгаагийн У, Эрүүгийн хуупийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алгаагийн Б, Эрүүгийн хуулийн ерөнхий анггийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбосүрэнгийн М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мягмарын Б, Эрүүгийн хуулийн ерөнхий анггийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О нарт холбогдох эрүүгийн 1841000630226 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 50 настай, дээд боловсролтой, математикч, математикийн багш мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруугийн гудамжны 21 дүгээр байрны 133 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ,

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 41 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ВУЖ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруугийн гудамжны 25 дугаар байрны 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

3. Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Зая хас тур” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 47Б байрны 8 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

 

4. Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, нийгмийн сэтгэл зүйч мэргэжилтэй, Нийслэлийн 32 дугаар сургуулийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж “Хос өргөө” хотхоны 29а байрны 52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

5. Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр дүгээрр хороо, Хангай хотхоны 511 дүгээр байрны 43 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 374 дугаар шийтгэх тогтоопоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

 

6. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, шүдний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургуульд багш ажилтай, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамжны 9 дүгээр байрны 108 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

7. Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, эмэгтэй, 46 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-д дэд захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 10 дугаар байрны 61 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Б нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу хамран сургах тойргийн бус В.Цэлмүүндарийг сургуульдаа элсүүлхийн тулд түүний эх А.Уас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөгийн хахуулийг албан өрөөндөө шууд авсан,

мөн хамран сургах тойргийн бус Б.Номин-Эрдэнийг сургуульдаа элсүүлхийн тулд бусдаар буюу “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ын дэд захирал О.Оаар дамжуулан түүний эцэг М.Бэс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пүрэвсүхийн “ХААН” банкны дансаар дамжуулан авсан,

хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг сургуульдаа элсүүлхийн тулд бусдаар буюу Сүхбатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Маар дамжуулан түүний эцэг А.Бөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахуулийг албан өрөөндөө авсан,

 

яллагдагч А.У нь өөртөө болон өөрийн охиндоо давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус В.Цэлмүүндарийг сургуульд нь элсүүлхийн тулд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөгийн хахуулийг албан өрөөнд нь өгсөн,

 

яллагдагч М.Б нь өөртөө болон өөрийн охиндоо давуу байдал бий болгох   зорилгоор   буюу   Нийслэлийн   Сүхбаатар   дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.Номин-Эрдэнийг сургуульд нь элсүүлхийн тулд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ын дэд захирал О.Оаар холбуулан /зуучлуулан/ 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пүрэвсүхийн “ХААН” банкны дансаар дамжуулан өгсөн,

 

яллагдагч О.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.Номин-Эрдэнийг сургуульд нь элсүүлхийн тулд урьдчилан уулзаж, түүнд мөнгө өгөхийг амлан улмаар М.Б 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийн хахуулийг өгөхөд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

 

яллагдагч А.Б нь өөртөө болон өөрийн охиндоо давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийспэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг сургуульд нь элсүүлхийн тулд танил Г.Маар дамжуулан 2.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мад 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх Зайсан толгой орчим өгсөн, яллагдагч Ч.М нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г.Бд дээрх мөнгөнөөс 1.000.000 төгрөгийн хахуулийг албан өрөөнд нь дамжуулан өгсөн,

 

яллагдагч Г.М нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн өрөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг сургуульд нь элсүүлхийн тулд Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мтай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх Зайсан толгой орчим уулзаж, мөнгийг дамжуулан А.Б нь 2.000.000 төгрөгийн хахуулийг өгөхөд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

 

ялагдагч Ч.М нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс буюу хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд элсүүлхийн тулд түүний эцэг А.Бөөс Г.Маар дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийн хахуулийг авч, улмаар Г.Бд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахуулийг түүний эзгүйд албан өрөөнд нь үлдээн өгч түүнийг бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг авлига авсан хэргээр яллаж байна. Үүнийг би авлига гэж үзэхгүй байна. Уас 7.000.000, Оаас 2.000.000 төгрөг авсан. Үүнийг юунд зарцуулсан тухайгаа яръя. Би 2017 оны 4 сарын 17-ны өдөр ажлаа хүлээж авсан. Намайг ажлаа аваад удаагүй байхад  2017 оны 5 дугаар 05-ны өдөр  сургуулийн  спортын заалтай өргөтгөлийн хэсгийн 2-3 давхарт гардаг шат цуурч хүүхдийн дээрээс дарж унах аюултай байдал үүссэн. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан.  Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Алтансүх, Уртнасан гэдэг байцаагч нар ирээд манайд байсан нярав Мөнхцэцэг, менежер Манлай нарыг байлцуулан шалгалт хийгээд 2017 оны 5 сарын 20-ны өдрийн 0207119/123 дугаартай дүгнэлтийг гаргаад явуулсан. Сурагчдын амралт эхлээгүй байсан учраас шат нураад хүүхдийн дээрээс унах эрсдэл байсан учраас тусгаарлах арга хэмжээ аваад 3 давхарт хичээл орохыг хорьсон. Энэ шатыг засах хөрөнгө мөнгөний асуудал улсаас гаргаж өгөөгүй. Гарцаа байхгүй үүнийг засахын тул сургуулийнхаа урсгал засварын мөнгө, таньдаг хүмүүсээ дуудаж түр зуурын засвар хийсэн. Сурагчдын аюулгүй байдалд шууд нөлөөлөх нөхцөл байдал үүссэн ч сургуульд шууд гаргаад янзлах төсвийн мөнгө байдаггүй юм байна. Манай сургууль нь 80 жилийн насжилттай барилга юм. Дээр нь олон хүүхдийн хөдөлгөөн явж байдаг. Намайг орсон цагаас авахуулаад ийм эрсдэлд орсон байсан. Үүний дагуу зоорийг зассан. Дээврийг дүүргийн хөрөнгө оруулалтаар засаж янзалсан. Бүх цонхыг вакум цонх болгосон. Ингэхдээ хуучин цонхны усны хаялгыг авчихсан байсан. Усны хаялгыг авснаас болоод  хананы завсраар ус нэвчээд сургуулийн гадна талын хана нураад эхэлсэн. Ойролцоогоор 4-6 хана нурж унасан. Шууд ийм бодит байдал бий болсон. Өөрсдийнхөө хэмжээнд сургуулийнхаа гадуур улаан тууз татсан. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Тамгын газарт албан бичгээр хүргүүлсэн. Үүний дагуу 20.000.000 төгрөг урсгал засварт оруулсан байсан. “Оранж пасад” ХХК-ний Долгорсүрэнтэй уулзаж сургуульд засвар хийлгэхээр болоод 10, 10 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Уагаас авсан 7 сая төгрөгийг сургуулийн урсгал засварт өгсөн. Би “сургуулийн урд талыг нь засвал хэдэн төгрөг гарах вэ?” гэж асуусан тэгэхэд “8 сая төгрөг болно” гэж хэлсэн.Сүүлийн 15 сая төгрөгийг 8 дугаар сарын 15-ны өдөр санхүүжилт орсон. Өлзийхүүгийн данснаас манай няравын дансруу орсон мөнгө нь миний хувийн мөнгө юм. Би охиноосоо авсан мөнгөө охиндоо буцааж өгсөн. Сургуулийн захирлын хувьд сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс засвар хийлгэсэн юм. Энэ нь авлига биш хандивын мөнгө юм. Онц аюултай байдал сургуулийн байранд үүссэн гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай охин 2018 онд 6 настай сургуульд орсон. Боловсролын хуульд хандив байж болно гэдэг үндэслэлээр сургуульд хандив өгсөн. Манай 5 настай охин тухайн үед таталт өгөөд би Солонгос улс руу явж шинжилгээ өгүүлэхэд “ачаалал багатай байлгах хэрэгтэй” гэж хэлсэн болохоор би 1 дүгээр сургуулийг сонгож охиноо оруулахдаа 7 сая төгрөгийг өгсөн. Би хүүхдийнхээ төлөө энэ үйлдлийг хийсэн юм гэв.

 

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний охин онц сурдаг. 1 дүгээр сургууль руу оруулахаар шийдээд найз Бд хандаж хэлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр охиныхоо хувийн хэргийг авсан. М гэдэг хүнтэй утсаар ярихад “Зайсанд хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би очиж охиныхоо хувийн хэргийг өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт шүүх хуралтай байсан. Цаашлаад Сэлэнгэ аймагт ажилтай байсан болохоор замын хэрэгцээ болгож дансандаа мөнгө байршуулсан байсан гэв.

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Маас “чи нэг хүүхэд сургуульд оруулаад өгөөч ээ” гэж хэлж гуйсан.. Б хүүхдийнхээ хувийн хэргийг надад авчирч өгсөн. Тэр хувийн хэрэгт мөнгө төгрөг байх үндэслэл байхгүй. 10 дугаар сарын 4-ний орой АТГ-аас дуудаад маргааш нь очиход өглөөнөөс хойш 17 цаг хүртэл суулгасан. Хоёр гурван хүн байцаалт авч “хэргээ хүлээ” гэж байсан. Тэрнээс мөнгө төгрөг авсан зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр АТГ-ын мөрдөгч нар намайг авч явсан. Байцаалтын өрөөнд 20 цаг хүртэл суулгасан. Даваатогтох, Цэрэнхүү гэдэг мөрдөгч нар мэдүүлэг авсан. Би тухайн үед үнэнийг хэлсэн. Мөрдөгч нар камераа унтраагаад гарсан. Дараа нь өөр мөрдөгч орж ирсэн. Тэр мөрдөгч баахан дарамталсан. “Чи 4 сая төгрөг авсан. Чи миний хэлсэн юмыг хүлээчихээд гэрлүүгээ яв. Тэгэхгүй бол чамайг хорино” гэж дарамталсан. Дараа нь нөгөө хоёр мөрдөгч орж ирээд дахин дарамталж байцаасан. Би мэдүүлгүүдийг бүгдийг зохиож хэлсэн. 4 өнгөрч байхад намайг  461 дүгээр анги дээр аваачиж 48 цаг хорьсон. Би худлаа мэдүүлэг өгөхдөө хоригдохоос үнэхээр их айж байсан. Энэ мэдүүлгүүд бол хүчээр тулгаж авсан мэдүүлгүүд юм гэв.

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Оийг тухайн үед танихгүй АТГ-т л таарсан. Бид хоёрт урьдчилсан тохиролцсон юм байхгүй, Сургуулийн ширээ сандал хэрэгтэй байна гэх үндэслэлээр О эгчийн хэлснээр сургуулийн няравын дансруу 2 сая төгрөг шилжүүлсэн. Миний хэлсэн мэдүүлэг, хийсэн үйлдэл анхнаасаа үнэн зөв гэв.

 

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 09 сарын 03-ны өдөр би Б захиралтай очиж уулзсан. Би “ямар нэг боломж байна уу?” гэж асуухад “манай няравын дансруу 2 сая төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тухайн мөнгийг хандив гэж ойлгож хүүхдийн эцэг эхэд хэлж мөнгийг шилжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлсэн. АТГ-ын мөрдөгч  6-10 цаг хүртэл суулгаж байцаалт авсан. Надаас мэдүүлэг авахдаа тулган шаардаж авсан гэж бодож байна гэв.

 

гэрч Ж.Пүрэвсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай сургуулийн барилга нь 1941 онд баригдсан. Насжилтын хувьд маш муу болсон байгаа. Манай сургуулийн дээвэр буюу таазнаасаа шавар унаж эхэлсэн. Сурагчдын амралт таарсан болохоор захирал үүрэг болгоод “аюулгүй байдал талаас нь барилгаа тойруулаад улаан утас татаж арга хэмжээ ав, би зохих байгуулагуудад нь уламжилна” гэж хэлсэн. Би улаан утсаар гортиг татсан. Шавар унаад болохгүй болохоор нь акт шинжилгээг нь тогтоолгосон. Акт шинжилгээ тогтоолгосны улмаас пасадыг янзлуулсан. Пасадны ажлын гэрээг 7 дугаар сарын 3, 7 дугаар сарын 5-ны өдөр хийсэн. Миний данс руу хандивын мөнгө гэж мөнгө орж ирсэн. Түүнийг нь захирлын охины данс руу шилжүүлсэн гэв.

 

гэрч О.Болорцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хандивын мөнгө гэж байгууллагын дансанд мөнгө орж ирээгүй. Хандивын мөнгө орж ирвэл бүртгэж авдаг гэв.

 

гэрч Т.Ариунаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ээж надаас 8.000.000 төгрөг авсан байдаг. Мөнгө хэрэг гараад ээжээс мөнгө асуусан чинь сургуулийн нярав Пүрэвсүх гэдэг хүний данснаас миний дансруу аав мөнгө шилжүүлсэн байсан гэв.

 

гэрч Б.Цогтгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ээж надаас 8.000.000 төгрөг авсан байдаг. Надад мөнгөний хэрэг гараад ээжээс мөнгө асуусан чинь сургуулийн нярав Пүрэвсүх гэдэг хүний данснаас миний дансруу аав мөнгө шилжүүлсэн байсан. Би гадаад явах гээд мөнгө цуглуулсан боловч явж чадаагүй. Энэ мөнгийг манай ээж байраа засна гэж надаас зээлсэн байсан. Би ээжээсээ зээлдүүлсэн мөнгөө авсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 8-10, 14-16, 18-20/, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/49 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох тухай боловсролын газрын даргын тушаалын хуулбар, хавсралт /1хх-ийн 22-41/, Сургуулийн барилгын засвартай холбоотой баримтууд /1хх-ийн 158-183/, гэрч Ж.Гантулга /2хх-ийн 111-112/, Б.Виктор /2хх-ийн 126/, Ц.Цэрэнхүү /2хх-ийн 60-61/, Л.Буянтогтох /2хх-ийн 63/, О.Болорцэцэг /2хх-ийн 81/, Н.Долгорсүрэн /2хх-ийн 84-85/, Ж.Пүрэвсүх /2хх-ийн 150-151/, Б.Батцэнгэл /2хх-ийн 155-156/, Г.Бадамханд /2хх-ийн 201-202/, Н.Манлай /2хх-ийн 205-206/ нарын мэдүүлэг, А.Оийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 148-149/, Бийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 153-154/, А.Бийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-ийн 181/, Ч.Мын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 183-191/, Г.Бийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 1-3/, ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 62-67/, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 70-80/, Ч.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 23-31/, Г.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 32-34/, А.Уын хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 35-37/, Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 39-44, 130-131/, О.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 45-53, 161/, Г.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 54-61/, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захиралын ажлын байрны тодорхойлолт /3хх-ийн 62-67/, А.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 77-78/, банкны депозит дансны хуулгууд /1хх-ийн 243-250, 2хх-ийн 1-59/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь төрийн өмчийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа уг сургуулийн хамран сургах тойргийн бус В.Цэлмүүндарийг 1 дүгээр сургуульд элсүүлхийн тулд түүний эх А.Уас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөгийг албан өрөөндөө авсан,

мөн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн дэд захирал О.Оын зуучлалын дагуу төрийн өмчийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус Б.Номин-Эрдэнийг сургуульдаа элсүүлхийн тулд түүний эцэг М.Бэс 2.000.000 төгрөгийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пүрэвсүхийн ХААН банкны дансаар дамжуулан авсан,

мөн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрийн өмчийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг сургуульдаа элсүүлхийн тулд түүний эцэг А.Бөөс 1.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Маар дамжуулан албан өрөөндөө авсан,

 

шүүгдэгч А.У нь өөрийн охин, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус В.Цэлмүүндарийг төрийн өмчийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд оруулахын тулд тус сургуулийн захирал Г.Бд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөгийг албан өрөөнд нь өгсөн,

шүүгдэгч М.Б нь өөрийн охин, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус Б.Номин-Эрдэнийг төрийн өмчийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд оруулахын тулд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн дэд захирал О.Оаар зуучлуулан 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пүрэвсүхийн ХААН банкны дансаар дамжуулан ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Бд өгсөн,

 

шүүгдэгч О.О нь ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус Б.Номин-Эрдэнийг уг сургуульд элсүүлхийн тулд Г.Бтэй урьдчилан уулзаж, түүнд мөнгө өгөхийг амлан Б.Номин-Эрдэнийн эцэг Бийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг Ж.Пүрэвсүхийн ХААН банкны дансаар дамжуулан ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Бд өгөхөд зуучилсан,

 

шүүгдэгч А.Б нь өөрийн охин, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг уг сургуульд элсүүлхийн тулд танил Г.Маар дамжуулан 2.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мад 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Зайсан толгой” орчим өгсөн, Ч.М нь дээрх мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г.Бд дамжуулан өгсөн,

 

шүүгдэгч Г.М нь ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг уг сургуульд элсүүлхийн тулд эцэг А.Бөөс нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Зайсан толгой” орчим 2.000.000 төгрөгийг авч, уг мөнгийг цааш Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мад дамжуулан өгсөн,

 

шүүгдэгч Ч.М нь Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг уг сургуульд элсүүлхийн тулд түүний эцэг А.Бөөс Г.Маар дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны 2.000.000 төгрөгийг авч, улмаар ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Бд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг өгсөн, өөртөө 1.000.000 төгрөгийг авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

гэрч Ж.Гантулгын /2хх-ийн 111-112/: “...Боловсролын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Боловсролын газрын дарга нь ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг баталж өгдөг. Тухайн сургууль нь тухайн оршин байгаа хороотойгоо сургуулийнхаа хамран сургах тойргийг харилцан зөвшилцөж тогтоогоод уг саналаа Дүүргийн Боловсролын газарт хүргүүлдэг, тус газраас нь манайд уламжилдаг бөгөөд Нийслэлийн Боловсролын газар ирүүлсэн саналыг нь судалж үзээд боломжтой гэж үзсэн тохиолдолд миний бие тушаал гаргаж, тухайн сургуулийн хамран сургах тойргийг нь баталж өгдөг....Бага дунд боловсролын тухай хуулинд заасны дагуу захирал нь хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг сургах эрх, үүрэгтэй, уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан хамран сургах тойргийнхоо сурагчдыг элсүүлэн авч сургах ёстой....Нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирал Г.Бий зүгээс албан ёсоор надад болон манай байгууллагад хандив болон санхүүгийн туслалцаа авахаар хандаж, зөвшөөрөл авч байсан тохиолдол байхгүй. Миний зүгээс болоод манай байгууллагын зүгээс түүнийг бусдаас хандив, санхүүгийн туслалцаа ав гэж зөвшөөрөл өгч байгаагүй....” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Викторын /2хх-ийн 126/: “...2018 оны 04 дүгээр сарын орчим байх яг цаг хугацааг нь тодорхой санахгүй байна, захирал Г.Бтэй уулзсан. Тэгсэн “хамран суралцах тойргийн хүүхэд биш байна, ямар ч боломж байхгүй” гэсэн. Тэгээд надаас “яагаад заавал манай сургуульд хүүхдээ оруулах гэж байгаа” талаар асуухад “миний охин тоондоо авъяастай, түүнийг нь хөгжүүлэх зорилгоор танай сургуульд хандаж байна” гэж хэлсэн. Тэгсэн “энэ тухайгаа дэлгэрэнгүй өргөдөл бичээд өг хурлаар авч хэлэлцье” гэж хэлсэн. “Хурлаар авч хэлэлцээд зөвшөөрсөн тохиолдолд олон улсын олимпиадад оролцох хүүхдүүд болон багш нарын зардалд хандив өгөх боломжтой юу” гэж асуусан. Би “тэгье” гэж хэлээд “хэдэн төгрөг гарах бол” гэж асуусан чинь “мэдэхгүй хурлаар ороод хэдэн багш хүүхэд явах нь шийдэгдэх байх” гэж хэлсэн. ... 2018 оны 05 сарын эхээр хурал нь болоод манай хүүхдийг суралцахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан талаар хэлсэн. Мөн 7.000.000 төгрөг өг гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Цэрэнхүүгийн /2хх-ийн 60-61/: “...Захирлын өгсөн чиглэлийн дагуу В.Цэлмүүндарийг сургуульд элслүүлэх шийдвэр гаргасан. Г.Б захирал 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 09 цагийн орчим Даваасүрэн менежер бид 2-т хандан “В.Цэлмүүндарийг бүртгэж аваарай” гэсэн чиглэлийг өгсөн...В.Цэлмүүндарь одоо 1 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид суралцаж байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Буянтогтохын /2хх-ийн 63/: “...Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгын 2018 оны 05 сарын 14-ний өдрийн А/49 дугаартай тушаалаар Нийслэлийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг тогтоосон. Уг тушаалын 11 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт Нийслэлийн 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийг тогтоосон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Болорцэцэгийн /2хх-ийн 81/: “...Манай сургууль 2018 оны 07 сарын 03-ны өдөр “Оранж дарь” ХХК-тай сургуулийн гадна фасадны ажлыг 19.600.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан...Сургуулийн 2018 оны төсвийн хуваарьт урсгал засварт 62.000.000 төгрөг төсөвлөгдсөн. Урсгал зардлын төсвөөс дээрх гадна фасадны ажлыг санхүүжүүлсэн...Г.Б захирал сургуулийн гадна фасадны ажилд зарцуулаарай гэж бэлэн болон бэлэн бусаар мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,   мэдүүлэг/2-р хавтасны 81/

 

гэрч Н.Долгорсүрэнгийн /2хх-ийн 84-85/: “...Манай компани 2017 оны 07  сарын 20-дын үеэр ажил эхлээд 08 сарын сүүлээр дууссан. Ингээд гэрээний үнэ болох 19.600.000 төгрөгийг авсан. Өөр дахиж Г.Бтэй уулзаагүй, тооцоо дууссан...” гэх мэдүүлгээр,

 

А.Оийн гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 148-149/: “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би өөрөө Г.Б захиралтай орж уулзаад “нэг хүүхэд танай сургуулийн 1 дүгээр ангид оруулах гэсэн юм...” гэж уулзсан. Надад Б захирал “манай няравын данс нь гээд 50...дугаартай ХААН банкны дансны дугаар өгөөд өнөөдөртөө багтаагаад хийчихээрэй” гэж хэлсэн...Тэр даруйд нь хүүхдээ сургуульд оруулах гэж байгаа Бэр 2.000.000 төгрөг шилжүүлүүлсэн...” гэх мэдүүлгээр,

гэрч Ж.Пүрэвсүхийн /2хх-ийн 150-151/: “...2018 оны 09 сарын 07-ны өдөр миний өөрийн ХААН банк дахь 5031990971 билүү сайн санахгүй байна, миний данс руу 2.000.000 төгрөг орж ирсэн. Энэ ямар учиртай мөнгө гэдгийг би мэдэхгүй байна, захирал Б хэлэхдээ “чиний данс руу 2 сая төгрөгийг хийлгэчихлээ, энэ мөнгийг манай охинд өгчих” гэж хэлсэн. Тэр үед нь миний энэ банкны карт манай эхнэрт явж байсан болохоор би эхнэр рүүгээ ярьж “2 сая төгрөг миний данс руу орсон байгаа, Г.Б захирлын мөнгө юм байна, үрж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нь манай эхнэр АТМ-аас бэлнээр 2 сая төгрөгийг зарлага хийж аваад Б захирлын охины данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Бийн гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 153-154/: “...Тэрээр охиныг чинь тус сургуульд оруулах боломж юу байна, хүнээс асууж өгье гэсэн, тэгээд хүнээс асуугаад “болно гэж байна” гэсэн хариуг надад хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний охин сургуульдаа ороогүй байсан бөгөөд Батцэнгэлээс нөгөө хүнээсээ асууж тодруулж өгөөч гээд асуулгахад Нийслэлийн боловсролын газраас нэрийг нь явуулсан юм байна, бүтнэ гэсэн хариуг надад өгч байсан. Ингээд 2018 оны 09 сарын 07-ны өдөр буюу Баасан гаригт Батцэнгэл “охиныг чинь Дулмаа багштай 1Б ангид оруулахаар болсон байна” гэж хэлсэн. Миний хувьд тухайн өдөр нь ажилтай байсан болохоор эмээ өвөө нь охиныг маань сургуульд нь хүргэж өгсөн. Би 2018 оны 09 сарын 10-ны өдөр нь өөрөө охиноо хүргэж өгч Дулмаа багштай нь анх уулзсан юм. Маргааш нь буюу 2018 оны 09 сарын 11-ний өдөр шиг санагдаж байна, Батцэнгэл надад ХААН банкны дансны дугаар бичсэн жижиг цаас өгөөд энэ данс руу 2 сая төгрөг шилжүүлчих гэж хэлсэн, би тэр өдөр нь өөрийн 5031138448 дугаарын ХААН банкныхаа данснаас интернэтээр шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч нь хэн гэдгийг нь миний хувьд мэдэхгүй байна...Б.Батцэнгэлийн эхнэрийн хамаатан болох О гэж Багшийн хөгжлийн төвд ажилладаг хүн хөөцөлдөж байгаа гэж тэрээр надад хэлж байсан. Миний хувьд О гэж хүнтэй уулзаж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Батцэнгэлийн /2хх-ийн 155-156/: “.... М.Б түүний эхнэр Намуундарь, миний эхнэр Халиунаа бид 4 нүүр амны их эмч нар юм. Нийлээд 2017 онд Whise гэсэн нэртэй шүдний эмнэлэгийг байгуулан ажиллуулж байгаа юм. Бат-Эрдэний охин нь 1 дүгээр ангид энэ жилд орох болсонтой холбоотойгоор миний хувьд найздаа 1 дүгээр сургууль сайн юм байна гэдэг талаар хэлж зөвлөсөн. ...Миний хувьд О.О эгч рүү 2018 оны 04 дүгээр сард анх ярьж 1 дүгээр сургуульд найзынхаа хүүхдийг оруулмаар байна, оруулах боломж байгаа эсэхийг асуухад болох байх гэсэн хариуг өгсөн. Дараа нь О эгч над руу яриад нөгөө асуулгасан хүүхдийг чинь 1 дүгээр сургуульд оруулж болох юм шиг байна гэж зун хэлсэн. Ингээд 8 дугаар сард хичээл эхлэхийн өмнө О эгчээс дахин юу болж байгаа талаар асуухад Нийслэлийн Боловсролын газраас хэдэн хүүхдийн нэр өгдөг, уг нэрэнд нь нөгөө хүүхдийн нэр чинь орчихсон байгаа. бүтнэ гэж хэлсэн. 2018.09.01-ний өдөр болчихсон байхад Бийн охиныг сургуульд нь оруулж чадаагүй байсан бөгөөд бидний хувьд тус сургуульд оруулж чадах эсэхийг О эгчээс байнга асууж байсан, бүтнэ гэсэн учраас оруулчих байх гэсэн бодолтой байсан юм. 2018 оны 09 сарын 4, 5-ны үеэр О эгч над руу яриад захиралтай нь уулзчихлаа, өөрөө орж уулзаагүй бол бүтэхгүй байсан байна гэж хэлсэн. Тэгээд үүнээс хэд хоногийн дараа О эгч 1Б гэсэн шиг санагдаж байна, багшийнх нь нэрийг одоо санахгүй байна нөгөө хүүхдээ өгөөрэй гэж хэлсэн. Номин-Эрдэнийг хичээлд нь явуулж эхэлсний маргааш нь О эгчийнх манай хөрш бөгөөд тэднийд ороход дансны дугаар бичсэн жижиг цаас надад өгөөд 2 сая төгрөг шилжүүлэх хэрэгтэй юм байна, захирал нь 2 сая төгрөг гэсэн, хандивын ангид оруулсан юм гэж надад хэлсэн. Энэ талаар М.Бд хэлээд уг дансны дугаар бичсэн цаасыг М.Бтэй уулзах үедээ өгсөн. Хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна, тухайн өдөр нь Б 2 сая төгрөгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

А.Бий гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 181/: “...Хүүхдийнхээ хувийн хэргийг аваад Мтай Зайсангийн танктай хөшөөний эсрэг талын Зайсан скүэрийн гадна очиж хувийн хэргээ өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Мын гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 183-191/: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед Танктай хөшөөний эсрэг талын рестораны гадна талд, ертөнцийн зүгээр баруун талын авто зогсоол дээр Мын автомашинд хүүхдийн сурагчийн хувийн хэргийг ууттай мөнгөний хамт өгсөн, би тухайн үедээ тэр мөнгийг нь сөхөж хараагүй. М надад хэлэхдээ 2 сая төгрөг байгаа шүү гэж хэлээд л өгсөн...Мын өгсөн мөнгөнөөс Г.Бд 1 сая төгрөгийг нь өгсөн...М надад хэлэхдээ 2 сая төгрөг байгаа шүү, чи зуучлаад оруулаад өгчих, чи өөрөө энэ мөнгөнөөс хэдийг нь өгөхөө өөрөө л мэд гэсэн. 1 сая төгрөгийг нь би өөртөө авч үлдээд ойр зуурын гэр ахуйн зүйлдээ зарцуулсан...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас гараад замаараа 1 дүгээр сургууль дээр дайраад ирсэн чинь байхгүй байхаар нь би утсаар нь яриад би нөгөө хүүхдийнхээ материалыг аваад ирлээ гэсэн чинь Б би дээр 4 давхарт хичээлтэй байна гэж байсан. Тэгэхээр нь би танай өрөөний үүдэнд байгаа туслахад чинь үлдээчих үү гэхэд хэрэггүй байхаа гэж байсан. Тэгвэл би өрөөнд чинь оруулаад тавьчихъя гэж хэлсэн. Ингээд туслах нь болох Бадамханд захирлынхаа өрөөг онгойлгож өгсөн. Би Б захирал өөрөө мэдэж байгаа гэж хэлээд Б.Мишээлийн хувийн хэргийг ширээнийх нь зүүн гар талын доогуур тавьсан. 1 боодол мөнгө буюу 1 сая төгрөгийг хувийн хэргийн завсар нь хийгээд орхисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Бадамхандын /2хх-ийн 201-202/: “...2018 оны 09 дүгээр сарын эхээр Б захирлыг хичээл зааж байх үед нь Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн М ирээд “би яараад байна энэ бичгийг өрөөнд нь оруулаад тавья” гэж хэлээд орсон...гартаа цаас барьсан, хослол өмссөн байсан, М тухайн үед ганцаараа захирлын өрөөнд ороод гарсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Манлайгийн /2хх-ийн 205-26/: “...2018 оны 09 сарын 17, 18-ны үед манай өрөөнд Мишээл гэдэг хүүхдийг аав нь гээд эрэгтэй хүн пагуулаад ирж надтай уулзсан. Тэгээд “манай охин 6 дугаар ангид орох ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ өгсөн цохолт нь хаана байна” гэхэд тийм бичиг байгаагүй, уг нь захирал жижиг дөрвөлжин цаасан дээр “бүртгэж авъя” гэсэн бичиг дээр тамгаа дарсан байдаг юм...Тэгэхээр нь би мэдэхгүй байна, захирал надтай ийм хүн ирнэ гэж яриагүй гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа захирал Б над руу утсаар яриад “Дүүргийн боловсролын хэлтсийн Мын нэг гуйлт байгаа юмаа, 6 дугаар ангид хүүхэд оруулах юм гэсэн, тэр хүүхдийг нь оруул” гэж хэлсэн. Ингээд би Мын утас руу залгаад байсан чинь утас нь холбогдох боломжгүй байсан, тэгэхээр нь би мессеж бичсэн чинь удалгүй над руу утсаар залгаад ярьсан. Тэгээд “чиний гуйсан хүүхэд байгаа юм уу” гэхэд “тийм оруулах хүүхэд байгаа шүү” гэж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхдийг дагуулаад 6В ангид оруулж суулгаад хувийн хэргийг нь багшид нь өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Г.Бийн гэрчээр мэдүүлсэн /3хх-ийн 1-3: “...Манай охин АНУ явах гээд виз нь гараагүй мөнгө хэрэгтэй байсан юм, тэр үед О над руу утсаар яриад “хүүхэд оруулъя” гэж гуйсан. Тэгээд надтай уулзаад манай өрөөнд сууж байхад манай хүүхдийн асуудлыг ярихад “би наад дээр чинь туслаад өгье” гэсэн. Тэгээд намайг дансаа өгчих гэхээр нь манай Пүрэвсүхийн данс руу хийчих гэж хэлсэн...2 сая төгрөг байсан. Тэр үед Оын гуйсан хүүхдийг нь оруулаад шийдээд өгчихсөн байсан...” гэх мэдүүлгээр болон ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 62-67/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2018.10.11-ний өдрийн 01/1570 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох тухай” А/49 дүгээр тушаалын хуулбар /1хх-ийн 21-41/, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2018.10.10-ны өдрийн 520 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /1хх-ийн 42-46/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.       

           

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар Г.Б нь нийтийн албан тушаалтны хувьд буюу төрийн өмчийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдээ 1 дүгээр сургуульд элсүүлж оруулан сургах сонирхолтой эцэг, эхчүүдийн ашиг сонирхлын үүднээс  гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан мөнгөн хөрөнгийг авч байгаа санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэргийн шинжийг,

 

А.У нь ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус өөрийн охиныг уг сургуульд оруулах ашиг сонирхлын үүднээс Г.Бийн захирлын албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мөнгөн хөрөнгө өгч буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийн шинжийг,

 

М.Б, А.Б нарын хувьд ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус өөрсдийн хүүхдүүдийг уг сургуульд оруулах ашиг сонирхлын үүднээс Г.Бийн захирлын албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдаар дамжуулан мөнгөн хөрөнгө өгч буй тэдний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийн шинжийг,

 

О.О,  Г.М нарын хувьд бусдад давуу байдал бий болгох зорилгоор ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг уг сургуульд элсүүлхийн тулд өөрийн биеэр болон бусдаар дамжуулан Г.Бийн захирлын албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан бусдыг мөнгөн хөрөнгө өгөхөд зуучлан дэмжлэг үзүүлж оролцож  буй тэдний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт хамжигчаар оролцох шинжийг,

 

Ч.М нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус хүүхдийг уг сургуульд элсүүлхийн тулд Г.Бийн захирлын албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан бусдын өгсөн мөнгөн хөрөнгийг өөртөө авч болон Г.Бд дамжуулан өгч дэмжлэг үзүүлж оролцож  буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцох шинжийг тус тус  бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас “…шүүгдэгч нарын үйлдэл хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хандив өгсөн, хандивын мөнгөөр сургуулийн засвар хийсэн …“ гэх агуулгатай боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Аливаа хандив нь тодорхой дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулагдсан байх ёстой. Гэтэл шүүгдэгч А.У, М.Б нар нь хамран сургах тойргийн бус хүүхдүүдээ 1 дүгээр сургуульд оруулахын тулд ямар ч дүрэмгүй, үйл ажиллагаанд зориулалгүй,  санал болгосон, нэхсэн мөнгийг нь өгч буй нь тэднийг энэ хууль бус ажиллагаанд оролцоогүй болохыг харуулахгүй. Нөгөөтэйгүүр Г.Б нь А.У, М.Б нараас авсан мөнгийг албан ёсоор сургуулийн үйл ажиллагаа, засвар зэрэгт зарцуулсан тухай бичиг баримт байхгүй байгаа нь  тэднийг гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй хэрэг болохоос хандив өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

О.Оын тухайд тэрээр Бийн хүүхдийг 1 дүгээр сургуульд оруулахын тулд Г.Бтэй биечлэн уулзаж, Г.Бийн санал болгосон мөнгийг М.Б шилжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн оролцсон болох нь хангалттай нотлогдсон.

 

Иймээс О.Оын үйлдэл нь Бийн гэмт үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг, түүний үйлдэлгүйгээр гэмт хэрэг төгс үйлдэгдэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Аль нэг шүүгдэгчийн гэмт хэргийн үйлдэл, холбогдлын талаар бусад шүүгдэгч нараас хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангасан баримт сэлт, мэдээлэлд тооцогдох бөгөөд шүүгдэгч өгч байгаа нь тэдгээрийн нотолгооны ач холбогдлыг бууруулахгүй. Шүүгдэгч нараас бусад шүүгдэгчийн талаар өгсөн мэдүүлгийн агуулга нь мэдүүлэг өгөгчийн өөрийн ашиг сонирхлын эсрэг байх албагүй бөгөөд хэргийн талаар бодитой мэдээлэл агуулж байгаа бол хэрэгт ач холбогдолтой хэвээр байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно.

 

Хэдийгээр А.Б, Г.М нарын хувьд Ч.Мад мөнгө өгөөгүй гэх агуулга бүхий мэдүүлгийг өгч байх боловч шүүгдэгч Ч.М мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ аливаа шахалт, албадлагагүй өгсөн бөгөөд түүний мэдүүлэг хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, бусад гэрч нарын мэдүүлгээр ч батлагдаж байх тул А.Б, Г.М нарын мэдүүлэг бодитой бус гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “ хэргийг хэрэгсэхгүй болгох, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” зэрэг хүсэлт, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Б, Ч.М нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч А.У, А.Б, Г.М, М.Б, О.О нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр бослон үеэс эхлэн тоолохоор тогтов.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 10.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 1.000.000 төгрөгийг тус тус шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст  нөхөн төлсөн тул уг мөнгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г. ийг нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Ч.Мыг нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч А.Уыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч А.Бийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч М.Бат-Эрдэнийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Г.Мыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Жинс олхонууд овогт Оыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ч.М нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч А.У, А.Б, Г.М, М.Б, О.О нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр бослон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ч.М, А.У, А.Б, Г.М, М.Б, О.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 30 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 450.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.М 2 хоног баривчлагдсан бөгөөд түүний баривчлагдсан нэг хоногийг  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 30.000 төгрөгийг тус тус хассугай.

 

6. Шүүгдэгч А.У, А.Б, М.Б, Г.М, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ч.М, А.У, А.Б, Г.М, М.Б, О.О нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Г.Бийн нөхөн төлсөн 10.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Мын нөхөн төлсөн 1.000.000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

10. Шүүгдэгч Г.Бийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ч.М, А.У, А.Б, М.Б, Г.М, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ