Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 318

 

Б.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар магадлалтай Б.М-д холбогдох эрүүгийн 2025003160443 дугаартай хэргийг шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.Оюунбатын нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 314 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгэж,  уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 235 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих, мөн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих, мөн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн  97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих, мөн шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны  өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах, мөн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих, мөн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан И овогт Б-ийн М.

Б.М нь 2020 оны 5 дугаар сарын 20-ноос 29-ний өдрүүдийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 176-8 тоотод оршин суух Г.С-ын гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-г хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 2 жилийн хорих ялаар шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж 62 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М гаргасан гомдолдоо: “Миний бие урьд өмнө ял эдэлж байх хугацаандаа Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй тул 2021 оны Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой байсан учир 2021 оны 10 дугаар сарын 20-нд давж заалдах шатны шүүх хуралд орсон. Улсын яллагч Батмөнх-Очир прокурор нь хэтэрхий нэг талыг баримталж хавтаст хэрэгт нэгэн дүгнэлт хавсрагсаний улмаас Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй болгосон нь миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж дахин шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдолдоо: "Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирлын хэм хэмжээ бага, учруулсан хохирлыг биет байдлаар бүрэн хүлээлгэн өгсөн, нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй байгаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг анхаарч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгөх тухай гомдлыг болон 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг хэрэглэн ялыг өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг гаргасан. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хянан үзэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх заалтыг анхаарч үзээгүй орхигдуулснаар Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр болсон, болоогүй байгаа шийтгэх тогтоолд Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан Өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ гэж хуульчилсныг анхаарч, ялыг нэгтгэн шийдвэрлэх боломжтой байх ба дээрх хуулийн зохицуулалтыг анхаарч хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирлын хэм хэмжээ бага, учруулсан хохирлыг биет байдлаар бүрэн хүлээлгэн өгсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байгаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг анхаарч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгөх тухай гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ мөн хуулийн 1.3 дахь хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд нийцсэн гэх үндэслэлийг дурджээ. Энэхүү заалтыг хэрэглэх  хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт байгаа эсэхийг огт дурдаагүй атлаа нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар шүүгдэгчид Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй талаар агуулга бүхий гомдол гаргажээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зохицуулсан. Шүүгдэгч Б.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял болон  өмнөх 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилээс эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 2 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох боломжтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээр Б.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсний дараа Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлан гаргаж, мөн сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг, шийтгүүлсэн ялын төрөл, хэмжээ нь уг хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүйн гадна түүнд өршөөл үзүүлсэн тохиолдолд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан журмыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3-т заасан хязгаарын хүрээнд хэрэглэх үндэслэлтэй байгаа боловч тэрээр өмнө 9 удаа ял шийтгүүлэхдээ мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өршөөл үзэж байсан талаарх баримтат мэдээлэл хэрэгт авагдаагүй байна.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т жагсаан заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн аль нэгэнд хамрагдаж өршөөл үзсэний дараа санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчлан тогтоосон бөгөөд Б.М-ийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдлыг тодруулсан нотлох баримт дутуу байх (хэргийн 77-94 дэх тал) тул хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийж, өршөөл үзүүлэх эсэх тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулан тодорхойлж, Б.М-г өршөөлд хамааруулах эсэх асуудлыг шийдвэрлэхийн оронд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул уг магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар магадлалыг хүчингүй болгож, Б.М-д холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН