Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00107

 

 

Д.Готовчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 510 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Готовчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Амарбаясгаланд холбогдох

2.284.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг

Нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Готовчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие техникийн Да хүрээ захад аккумляторын худалдаа эрхэлдэг ба БНСУ-аас шинэ аккумляторыг импортоор оруулж ирэн бөөнөөр жижиглэнгээр зарж борлуулдаг. Манайхаас олон хүмүүс бөөний үнээр аккумлятор аваад борлуулсныхаа дараа тооцоо хийдэг. Амарбаясгалан нь Эрдэнэтэд худалдаа эрхэлдэг бөгөөд 2013 оны 11 сараас хойш одоог хүртэл тооцоо хийгээгүй. Мөн өөрийн худалдагч Энэбишийг явуулж мөнгөө шаардсан боловч өгөлгүй хоосон буцаасан байсан. Иймд иргэн Амарбаясгалангаас 2.284.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дуламцэрэн тайлбар гаргахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа 1.742.000 төгрөг болгож бууруулж байна. Амарбаясгалан 2010 оноос эхлэн хамтран ажилласан. Бараа зээлээр аваад бага багаар мөнгөө шилжүүлдэг байсан.2012 оны 11 дүгээр сарын 11-нээс 2013 оны 9 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд 13.143.000 төгрөгний бараа авсан, зээлээр 11.170.000 төгрөгийг данс болон бэлнээр төлсөн. 231 000 төгрөгний Зш бараа буцаасан. Ингээд 1.742.000 төгрөг үлдсэн. Утсаар ярьж тооцоо нийлдэг байсан. Манайх хар дэвтэртээ байнга тэмдэглэж явдаг гэжээ.

Хариуцагч Н.Амарбаясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Амарбаясгалан Улаанбаатар хотын “Да хүрээ” захын аккумляторын худалдаа эрхэлдэг Д.Готовчулуунаас 2012 оны 11 дүгээр сарын 11-нд авсан барааны төлбөр болон 2.284.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоо ямар нэгэн тооцоо байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Амарбаясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр зөвшөөрөхгүй. Эдгээр хүмүүс зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж аккумлятор авдаг байсан. Эхний зээлээ төлөөд дараагийн барааг авдаг байсан гэдэг.9 637 000 төгрөг дансаар, 2.345.000 төгрөг бэлнээр төлсөн. Нийт 11.982.000 төгрөг төлсөн.Хоорондоо тооцоо нийлээгүй.Хэрэгт байгаа баримтууд гарын үсэг дутуу. Ганцэнэг ХХК.Энхбат гэх мэт өөр хүний зарлагын падаанууд хавсаргасан байна. Төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 510 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Амарбаясгалангаас 1.742.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Готовчулууны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51.500 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Готовчулуун давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч миний бие нь Н.Амарбаясгаланд холбогдуулан анх 2015.10.07-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг шүүгч Б.Бямбасүрэн хүлээн авч, 2015.10.14-нд иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Ингээд 2015.12.15-нд шүүх хуралдаан болж бидний хүсэлтийг шүүх үл ойшоон Н.Амарбаясгалангийн талд шийдвэрлэсэн. Ингээд 2016.01.10-нд давж заалдах хүсэлт гаргаж 2016.01.19-нд шүүх хуралдаан болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Дахиад 2016.04.11-нд анхан шатны шүүх хуралдаан болж Н.Амарбаясгалангийн талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.Готовчулуун нь хариуцагч Н.Амарбаясгалангаас 2012.11.11-нээс хойш авсан барааны үлдэгдэл болох 1.742.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2012.11.11-нээс өмнөх тооцоо дууссан болно. Гэтэл Амарбаясгалан нь 2011 оны тооцоо хийгээд хасагдсан банкны баримтаа хавсаргаж, хүн хуурч явуургүй зальтай үйлдэл хийж байгаад гомдолтой байна.

Нийт 13.143.000 төгрөгийн бараа авснаас бэлнээр 2.345.000 төгрөг авч, дансаар 8.825.000 төгрөг төлж, 231.000 төгрөгийн аккумлятор буцааж, 1.742.000 төгрөг өгөөгүй үлдэгдэлтэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                     ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Готовчулуун нь зээлээр худалдсан аккумляторын үнийн үлдэгдэл төлбөр 1.742.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч  тооцоо төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Готовчулуун нь 2011 оны 11 дүгээр сараас эхлэн 2013 оны 9 сар хүртэл хугацаанд хариуцагч Амарбаясгаланд аккумляторыг зээлээр худалдаж, хариуцагч зээлээр авсан барааны төлбөрийг хэсэгчлэн төлж байсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтууд, мөнгө шилжүүлсэн тухай баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасантай нийцсэн байна.

  Нэхэмжлэгч Д.Готовчулуун нь хариуцагч Н.Амарбаясгаланд 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 13.143.000 төгрөгний аккумлятор зээлээр худалдаж, хариуцагчаас 8.825.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 2.345.000 төгрөгийг бэлнээр тус тус авсан. 231 000 төгрөгний З ширхэг аккумлятор буцаагдаж, 1742000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарлаж улмаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж зарлагын болон бэлэн бусаар мөнгө шилжүүлсэн тухай баримтуудыг гаргаж ирүүлжээ.

           Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан  үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч Д.Амарбаясгаланг бэлэн бусаар 13.756. 000 төгрөг, бэлнээр 2.345.000 төгрөг нийт 16.101.000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

           Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд: Нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10.214.000 төгрөгийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд 7.664.000 төгрөгийн аккумляторыг хариуцагчид тус тус зээлээр худалдсан боловч 2012 оны 11 дүгээр сарын 11–ний өдөр 2.284.000 төгрөгийн, 2013 оны 1, 3, 4, 7, 9 дүгээр сард нийт 7.664.000 төгрөгийн аккумлятор худалдсан зарлагын баримтанд /хх-н 16-20 тал/ хүлээн авагч болон хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурагдаагүй, тухайн үед аккумляторыг хариуцагчид зээлээр худалдсан болохоо нотолж чадаагүй тул хариуцагч Н.Амарбаясгаланг зээлээр худалдан авсан  аккумляторын үнээс 1.742.000 төгрөгийг дутуу төлсөн гэж үзэх боломжгүй юм.  

            Учир нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг ба нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбогдуулан худалдсан барааны үнийг буцаан шаардаж буй тохиолдолд шаардлага хэрэгжүүлж буй тал өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүрэгтэй юм.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.-т  “... худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэрээр хариуцагчид аккумляторыг зээлээр худалдахдаа зарлагын баримт болон дагалдах баримтыг өгч байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

           Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй гэсэн  дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан “ шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан, ...Амарбаясгалан нь 2011 оны тооцоо хийгээд хасагдсан банкны баримтаа хавсаргаж, хүн хуурч явуургүй зальтай үйлдэл хийж байгаад гомдолтой тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Готовчулууны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэнй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.830 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ