Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0489

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 12 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0489

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал К.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б, Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нарыг онлайнаар оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал К.М 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“А” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахыг аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаар шийдвэрээр:

“Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “А” ХХК-иас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бугат сумын төвд баригдсан халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, халаалтын зуухны барилга, байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“А” ХХК нь хууль бусаар Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг барьж нэг жил ашигласны дараа зураг төсөв хийлгэх, барилга барих зөвшөөрөл авах, улмаар ашиглалтад оруулах зэрэг ажлыг хийж байна.

Бугат сумын төвд тухайн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг барьсан газар нь Өлгий сумын хилийн цэст орсон газар. БНМАУ-ын Ардын Их Хурлын Төлөөлөгчдийн 1977 оны 75 дугаар зарлигаар батлагдсан сумдын хилийн цэсээр уг газрыг Өлгий сумын хилийн цэст оруулсан. Уг зарлиг хүчингүй болоогүй, шүүх уг зарлигийг зөрчсөн.

Уг барилга байгууламжийг Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүст барьсан. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, мөн хуулийн 22.2.1-т заасныг зөрчиж барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулсан. Шүүх Усны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж шийдвэр гаргасан. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно” гэж заасныг зөрчсөн. Мөн хуулийн дээрх заалтуудыг ил ноцтой зөрчиж шийдвэр гаргалаа.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

“А” ХХК халаалтын зуухны барилга байгууламжаа хуучин ашиглагдаж байсан уурын зуухны суурин дээр анх барьсан, мөн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигаар батлагдсан сумдын хилийн цэсээр уг газар нь Бугат бус харин Өлгий сумын хилийн цэст хамрагдаж байсан ч, энэ нь хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зохих зөвшөөрлөөр баригдаж улмаар ашиглагдаж буй уурын зуухыг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахад ямар нэгэн байдлаар саад болохгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь сумын биш аймгийн Засаг дарга бөгөөд тухайн уурын зуухны барилга байгууламж байршлын хувьд аль сумын нутагт харьяалагдахаас үл хамааран хариуцагч шийдвэр гаргах бүрэн эрхтэй.

Барилгын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгчид одоогийн баригдсан уурын зуухны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон зэргээр үндсэндээ тухайн барилгатай холбоотой бүхий л зөвшөөрлүүд авагдсан байх тул анхнаасаа зохих зөвшөөрөлгүй барьсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Түүнчлэн хариуцагчаас уурын зуухыг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахаас татгалзсан атлаа мөн онд ашиглалтад оруулж байгаа нэхэмжлэгчийн барьсан уурын зуухны дулааны үнэ тарифыг урьдчилсан байдлаар тогтоож, 2019 оны төсвийн төсөлд оруулах арга хэмжээ авахыг хүссэн агуулга бүхий 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаар албан бичгийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хүргүүлсэн, тус зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар тогтоолоор “А” ХХК-ийн дулааны үнийн тарифийг тогтоосон зэргээс үзэхэд хариуцагчийн татгалзал хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Харин шийдвэр гаргахаас татгалзсан нэг үндэслэлээ “уг барилга байгууламжийг Усны тухай хуулийг зөрчиж, онцгой хамгаалалтын бүсэд барьсан” гэдэг ч 2-р хавтаст хэргийн 89-92 дугаар талд авагдсан баримтаар Ховд голын үндсэн гольдролоос 587.6 метрийн, голын хамгийн ойр салаанаас дунджаар 10-20 метрийн зайтай болох нь тогтоогджээ.

Мөн Ховд голын усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон шийдвэр гаргаагүй ч голын салааг даган зөвхөн нэхэмжлэгчийн барьсан уурын зуух бус хэдий нь суурьшлын бүс үүссэнээс гадна уурын зуухыг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулахгүй байгаа ч Бугат сумын дулааны хэрэгцээг 2018 оноос хойш хангаж байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН