Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01020

 

“АЭБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00727 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1201 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: “АЭБ” ХХК

         Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

         Хариуцагч : Татварын ерөнхий газар нарт холбогдох,                                   

    Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82.474.039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагч /Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс/-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргал, Ж.Хэрлэнтуяа, Татварын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт:  Манайх хууль зүй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар 2004-07-19-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж 2005 оноос тус компанийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс НӨАТ төлөгчөөр бүртгэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.4 дэх хэсэгт заасан НӨАТ ногдох үйлчилгээний төрөлд хууль зүй, өмгөөллийн үйл ажиллагаа хамаарахгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх АЭБ ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах тухай 2013-02-07-ны өдрийн 58 дугаар шийдвэр гарсан. Шийдвэр гарах хүртэл хугацаанд манай компани Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст нийтдээ 144 875 661 төгрөгийн НӨАТ төлсөн ба НӨАТ-ын 82 474 039 төгрөгийн өртэй болсон байсан. Татварын ерөнхий газар 2017-02-01-ний өдөр 10/339 тоот хариуг хүргүүлж 144 875 661 төгрөгийн НӨАТ-ыг буцаан олгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна гэсэн хариу өгсөн. НӨАТ ногдох үйлчилгээ үзүүлдэггүй АЭБ ХХК-ийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулж, НӨАТ-ын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтохын гаргасан хариу тайлбарт: Татварын ерөнхий хуулийн 58.1-д энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ, мөн хуулийн 58.1.1-д тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцохоор зохицуулсан байдаг. Татвар төлөгч татварын тайлангаар татвар ногдох орлогоо тодорхойлон төлөхөө илэрхийлж түүний үндсэн дээр татварын өр үүссэн байх ба татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар үндэслэлгүй, илүү мөнгөн хөрөнгө хураасан зүйлгүй. Татварын өр төлбөр нь иргэн, хуулийн этгээдийн өөр хоорондын өр төлбөрөөс ялгаатай бөгөөд зайлшгүй төлөгдөх шинжтэй байдаг тул НӨАТ-ын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэжээ.

          Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ, Б.Даваагэрэл нар хариу тайлбартаа: “АЭБ” ХХК нь өөрсдөө хүсэлтээ гарган хуульд заасны дагуу 2006 оноос нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр бүртгэлээс хассан. Харин суутган авч улсын төсөвт шилжүүлсэн татвар болох 144 875 661 төгрөгийг буцаан авах, татварын өрийг хүчингүй болгох талаар шийдвэрлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00727 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 55 дугаар зүйлийн 55.1., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Татварын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах тухай “АЭБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 294 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 22-ны өдрийн 1201 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00727 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн /1992 он/ 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “АЭБ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгож, нэмэгдсэн өртөгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 570 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хангахаас татгалзсаныг хэвээр үлдээх” шийдвэрийг  эс зөвшөөрч  байна. Давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон хэмээн үзжээ. Ингэхдээ 1992 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 13.2 дахь хэсгийг үндэслэл болгосон. Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 13.2 дахь заалт нь "татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэсэн агуулгатай бөгөөд уг заалтын шууд агуулгаас үзэхэд татвар төлөлтийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх агуулгатай байна. Харин  үүнд татварт нэгэнт төлсөн татварыг буцаан шаардах асуудал орох боломжгүй,шүүх  хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. 2013 онд анх Захиргааны хэргийн шүүхээс авч хэлэлцсэн бөгөөд энэ үед шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хэмээн үзэж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрээ гаргасан билээ. Уг шийдвэр нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг шийдвэрийн дагуу манай байгууллага татварын байгууллагатай сүүлийн 4 жилийн хугацаанд уг маргаантай холбоотой харилцаж ирсэн ба хамгийн сүүлд 2017-02-01-ний өдөр Татварын ерөнхий газраас хариу авсан. Дээрх бүх процессийн дараа манай байгууллаа иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд магадлалд дурдсан шиг улмаар төсөвт төлөгдсөн мөнгөн хөрөнгийг 12 жилийн дараа буцаан гаргуулах шаардлага   шаардлага гаргаагүй юм. Харин манайх уг маргаантай асуудлаар эхлээд татварын байгууллага, дараа нь Захиргааны хэргийн шүүх, үүний дараа дахин татварын байгууллагатай маргаж эцэст нь иргэний хэргийн шүүхэд хандаж байгаа юм. Мөн нэгэнт захиргааны хэргийн шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хэмээн үзэж манай байгууллагыг "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагын бүртгэлээс хасах" шийдвэрийг гаргасан ба энэхүү шийдвэрийн дараагаас л бид илүү төлсөн татвараа нэхэмжлэх эрхтэй болсон байгааг  шүүх үнэлж үзсэнгүй. Яагаад гэвэл татварын байгууллагаас нэгэнт манай байгууллагыг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн ба уг шийдвэрээ хүчингүй болгоогүй, хүчингүй болгох хүсэлт гаргасан ч түүнийг хүлээж аваагүй тохиолдолд уг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Ингээд шүүхээс манай компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагаар бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгосны дараа л манай байгууллага өмнөх хугацаанд төлж ирсэн татвараа буцаан шаардах эрх үүссэн. Татварын ерөнхий хуулийн 13.2 дахь хэсгийн заалтыг маргаанд хэрэглэх гэж байгаа бол 2013 онд шүүхийн шийдвэр гарснаас хойш уг хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Манайх нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш болохыг  захиргааны хэргийн шүүхээс тогтоосны дараа л бид төлөх ёсгүй байсан татвараа татварын байгууллагаас буцаан шаардах эрх үүссэн юм. Монгол Улсын шүүхийн тогтолцоо нэгдмэл бөгөөд Үндсэн хуулиар дагнасан шүүх байгуулж болно хэмээн заасан билээ. Энэхүү тогтолцооны дагуу манай байгууллагын маргааныг захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн билээ. Гэтэл Монгол улс шүүхийн нэгдсэн тогтолцоотой атал иргэний хэргийн шүүх, захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг огт харгалзан үзэхгүй байна. Иргэний хэргийн шүүх зохигчдын маргаж байгаа асуудлаар шийдвэр гаргах ёстой. Маргааны аль ч үед  талуудын хэн аль нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй. Гэтэл шүүх хугацаанд үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь  талуудын зарчмыг баримтлаагүй шийдвэр гэж үзнэ. “АЭБ” ХХК-ийн зүгээс магадлалын зарим хэсэг буюу “нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хангахаас татгалзсаныг хэвээр үлдээсэн”-ийг эс зөвшөөрч  гомдол гаргаж байна.  Магадлалд өөрчлөлт оруулж гомдлын шаардлагыг хангаж өгнө үү  гэжээ.

           Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  хяналтын журмаар гомдол гаргахдаа: Татварын ерөнхий хуулийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ. “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа татварын албанд ирүүлсэн ба энэхүү тайлангаас 82.474.039 төгрөгийн өр үүссэнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.Шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэн хүчингүй болгосон нь Татварын ерөнхий хуулийн 11.2-т “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасныг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн.  Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-т хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.4-г заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй  гэжээ.

ХЯНАВАЛ:

        АЭБ ХХК нь 2017-02-14-ний өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Татварын Ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82.474.039 төгрөгийн өрийг хүчингүй болгохыг шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэмэгдсэн өртгийн албан татварын 82.474.039 төгрөгийн өрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.  

        Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        АЭБ ХХК нь хариуцагч тус бүрт аль шаардлагыг холбогдуулан гаргаж буй нь тодорхой бус байгаа тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, холбогдох хуулийг тайлбарлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

       Түүнчлэн, нэхэмжлэгч нь  хариуцагч нараас 144.875.561 төгрөг  шаардсан  /хх 1/ бөгөөд энэ нь 2005-2012 онд дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн мөнгө /хх 46/  гэх боловч энэ нь эргэлзээтэй байна. Учир нь, АЭБ ХХК нь 2005-2012 онд НӨАТ төлсөн мөнгийг шаардсан гэх боловч уг байгууллага 2005 онд бус, харин 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Үндэсний татварын албанд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл”-г нэхэмжлэгч бус, харин Ананд энд Ананд ХХК /хх50/ 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргаж байжээ.  

        АЭБ ХХК нь хариуцагч нарт холбогдуулан   “...НӨАТ-ийн  өрийг хүчингүй болгох ...” шаардлага мөн гаргасан хэдий ч уг өр нь хэдэн төгрөг болох нь тодорхой бус байна. Хэргийн 45 дугаар талд буй “1703060317894 дугаартай тодорхойлолт” гэсэн баримт нь тамга тэмдэг гарын үсэггүй тул тухайн баримт эх хувиараа эсхүл хуулбараар хэрэгт авагдсан эсэхийг тодорхойлох буюу үнэлэх боломжгүй баримт байна. Өрийг хүчингүй болгох шаардлагын талаар дүгнэлт хийхэд нэхэмжлэгчид 82.474.039 төгрөгийн өр үүссэн эсэх нь тогтоогдсон байхыг шаардана. Учир нь өр үүссэн  нь нотлогдсон тохиолдолд тухайн өрийг хүчингүй болгох шаардах эрх үүсэх юм.

         Нэхэмжлэгч нь НӨАТ 144.875.561 төгрөг төлсөн болон 82.474.039 төгрөгийн өртэй байгаа эсэх тухай эрх бүхий байгууллагаас гаргасан баримт /акт, дүгнэлт, тайлан гэх мэт/ хэрэгт байхгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь шийдвэр нотлох баримтад үндэслэгдээгүй гэж үзэхээр байна.

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40, 116 дугаар зүйлийн 116.3-г буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00727 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1201 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 882.400 төгрөгийг АЭБ ХХК-д захирамжаар буцаан олгосугай.

          3. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ