Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/ма2024/01164

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          05            31                                        210/МА2024/01164

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/01599 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-ын хариуцагч Н-т холбогдох анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн - дүгээр хороо, Хүүшийн ам/17080/, Наадамчдын зам гудамж, - дугаар байр, - тоот хаягт байршилтай 116,87 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцыг 487,748,412 төгрөгөөр үнэлсэн талаар 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-181/21969 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт зохион байгуулахаар товлосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хөрөнгийг 341,423,889 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах болсон нь зах зээлийн үнээс хямд борлогдож, бидний эрх, ашгийг ноцтой зөрчсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/15 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/04162 дугаар шийдвэрээр Б ХХК-аас 259,776,526 төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б ХХК-ийн төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн - дүгээр хороо, Хүүшийн ам/17080/, Наадамчдын зам гудамж, - дугаар байр, - тоот хаягт байршилтай 116,87 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул үнэлгээ тогтооход 487,748,413 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Н-т холбогдох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/15 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтооход 487,748,413 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид нийцэхгүй, хэт бага байгаа тул үүний дагуу үйлдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/15 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагатай гомдлыг шүүхэд гаргасан боловч бий болсон нөхцөл байдлыг шүүх тал бүрээс нь дүгнээгүй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Н-т холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/04162 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00283 дугаар магадлалаар хариуцагч Б ХХК-аас 258,121,096 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн - дүгээр хороо, Хүүшийн ам/17080/, Наадамчдын зам гудамж, - дугаар байр, - тоот хаягт байршилтай 116,87 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н-т даалгаж шийдвэрлэжээ./хх60-64, 65-68/

4. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2023/05761 дугаар захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх-57, 58-59, 69/

4.1. Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн - дүгээр хороо, Хүүшийн ам/17080/, Наадамчдын зам гудамж, - дугаар байр, - тоот хаягт байршилтай 116,87 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23370603/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23370603/07 дугаар тогтоолоор хураажээ. /хх78-81, 82-84/

4.2. Барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/374 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар “БЭСГЭ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүргийн - дүгээр хороо, Хүүшийн ам/17080/, Наадамчдын зам гудамж, - дугаар байр, - тоот хаягт байршилтай 116,87 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцыг 487,748,413 төгрөгөөр үнэлсэн, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн байна. /хх87, 92-1118 /

Талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаагүй тул уг ажиллагааг хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.  

6. Улмаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/15 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ талаар 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-181/23088 дугаар мэдэгдлээрБ ХХК-д мэдэгджээ./хх-143/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна” гэж заасантай дээрх тогтоол нийцсэн байна.

7. Үүнээс гадна дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Анхны дуудлага худалдааны дуудах үнэ ...ийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно”, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг ... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж тус тус заасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 12/15 дугаар тогтоолд шинжээчийн үнэлгээ 487,748,413 төгрөгийн 70 хувь болох 341,423,889 төгрөгөөр анхны дуудлага худалдааны дуудах үнийг тооцсон нь үндэслэлтэй.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан “хөрөнгийг 341,423,889 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах болсон нь зах зээлийн үнээс хямд борлогдож, бидний эрх, ашгийг ноцтой зөрчсөн” гэх гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/01599 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЗОЛЗАЯА

 

 ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                      Д.ЦОГТСАЙХАН