| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0107/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Х.Т,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.М, Х.Тнарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809050911240 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ харцага” ХХК-нд дохиоллын оператор ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 62-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Г.М, /регистрийн дугаар /,
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 2, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Тайм Тауэр хотхоны 216-72 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Цахар овогт Хадбаатарын Тэмүүжин, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.М, Х.Т нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мийтинг” гэх баарны гадна иргэн Б.Батцэрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М, Х.Т нарыг бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мийтинг” гэх баарны гадна иргэн Б.Батцэрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж тэдгээрт Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.М, Х.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.М, Х.Т нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мийтинг” гэх баарны гадна иргэн Б.Батцэрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Батцэрэнгийн “Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 02:30 цагийн үед найз Ариунбатын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах лакс баарны хажуугийн нарийн гудамжинд явж байхдаа үл таних хоёр залууд зодуулсан. ...Нарийн гудамжинд зөрөхдөө мөрлөх шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд би газар уначихсан байсан. ...баруун чихний ард толгой хагарсан. Нэг оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-5/,
гэрч А.Ариунбатын “...би Мөнх-Эрдэнэ гэдэг залуутай барьцалдсан. Батцэрэн болохоор Тэмүүжин гэдэг залуутай нь зууралдсан. Тэр хоёр зууралдаж байхдаа газар унасан. Энэ үед Мөнх-Эрдэнэ бид хоёр салаад би Батцэрэнг татаад босгосон. Энэ үед надтай зууралдаад салсан Мөнх-Эрдэнэ Батцэрэнгийн толгой руу цохисон. ...Мөнх-Эрдэнэ гартаа чулуу мэт зүйл барьсан байсан. Мөнх-Эрдэнэ Батцэрэнгийн толгой руу нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-09/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹13431 тоот актын “…Б.Батцэрэнгийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Х.Тгийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Батцэрэн намайг дарж унагаасан. Би газар унасан чинь босох гэж тэмцэлдэж байх үедээ Батцэрэнг нэг удаа гэдэс рүү нь цохисон. Би доор нь орчхоод босож чадахгүй байсан. Гэтэл Мөнх-Эрдэнэ ирээд Батцэрэнг цохих шиг болсон. ...Би Батцэрэнд цохиулчхаад түүний нүүр лүү нь нэг удаа цохисон. Дараа нь газар унасан байхдаа бас түүний гэдэс хэсэг рүү цохисон…” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Тэмүүжин Батцэрэнд зодуулж байхыг хараад Ариунбатаас салаад газраас чулуу аваад Батцэрэнгийн толгойн ар хэсэгт цохисон. ...Тэмүүжин, Батцэрэн нар харилцан бие биенээ цохиж байсан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэдий боловч прокуророос шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх зөвтгөх нь зүйтэй үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж,” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинжид хамаарч байх тул заавал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах нь илүүц юм.
Иймд шүүх шүүгдэгч Х.Т, Г.М нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөх зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.М, Х.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.М, Х.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.М, Х.Т нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.М, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Г.М, Х.Т нарт 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М, Х.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.М, Х.Тнарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Г.М нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Т, Г.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Х.Т, Г.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Т, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР