Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/ма2024/01165

 

 

 

 

 

 

 

 

2024 05 31 210/МА2024/01165

 

 

М.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01825 дугаар шийдвэртэй,

М.Г-ын нэхэмжлэлтэй

Х ХХК-д холбогдох

14,860,00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. М.Г нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х ХХК-д - улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашинаа барьцаалж, сарын 3,5 хувийн хүүтэй 8,000,000 төгрөг зээлж авсан. Тухайн үед компани автомашиныг 16,000,000 төгрөгөөр үнэлж авсан. Үүний 50 хувиар тооцож зээл олгосон. Зээлийн графикийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 4,860,000 төгрөг төлсөн. Ковид 19 нөхцөл байдал үүссэний улмаас ажил зогсонги байдалд орж санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон учраас төлөлт хийх боломжгүй болсон.

1.2. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрт ирээд автомашиныг хураан авч явсан. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр компанийн оффист очиход мэдэгдэх хуудас өгч гарын үсэг зуруулсан. Би автомашинаа өөрөө худалдан борлуулах санал гаргаж, худалдан авах хүнтэйгээ хамт очсон боловч Н.Д зөвшөөрөөгүй.

1.3. 2022 оны 10 дугаар сард утсаар ярихад автомашиныг 8,700,000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн. Х ХХК нь зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусах ёстой байтал автомашиныг бусдад худалдасан ба худалдан борлуулахдаа надад мэдэгдэлгүй, дур мэдэн хэт доогуур үнээр зарсанд гомдолтой байна. Би автомашинд 1,970,000 төгрөгийн завсар хийсэн.

1.4. Иймд хариуцагчаас зээлсэн 8,000,000 төгрөгөөс өөрийн төлсөн 4,860,000 төгрөгийг хасч зөрүү болох 3,140,000 төгрөгийг хариуцагчид төлөх ёстой байсан гэж үзэж, автомашины үндсэн үнэ 16,000,000 төгрөгөөс 3,140,000 төгрөгийг хасч 12,860,000 төгрөг, засвар хийсэн 1,970,000 төгрөг, нийт 14,860,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.1. Зээлдэгч 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 8,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийг зөрчиж зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй.

2.2. Зээлдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийн төлөлт хийснээс үндсэн зээл 220,000 төгрөг, зээлийн хүү 280,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийн төлөлт хийснээс үндсэн зээл 220,000 төгрөг, зээлийн хүү 280,000 төгрөгийг тус тус хасч тооцсон. Үүнээс өөр төлбөр төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 7,560,000 төгрөг, зээлийн хүү 2,646,000 төгрөг, нийт 10,206,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

2.3. Зээлдүүлэгч нь зээлийн болон фидуцийн гэрээний дагуу зээлийн барьцааны зүйлийг худалдан борлуулж зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг төлж хохирлоо барагдуулж авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заалтыг баримтлан хариуцагч Х ХХК-аас 8,446,664 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Г д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,371,147 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150,096.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрээг чөлөөт байдлын үндсэн дээр байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь гэрээний талуудын эрх хэмжээний асуудал юм.

4.2. Хариуцагчаас 8,446,664 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч нь 9,303,950 төгрөгийн өр төлбөртэй байсан талаарх мэдэгдлийг хүлээн авсан, уг мэдэгдэлтэй маргаагүй, мөн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь шинжээч дүгнэлт гаргахдаа - улсын дугаартай тээврийн хэрэгслийг бодитоор үзээгүй зөвхөн интернэтээс ижил төрлийн тээврийн хэрэгслийн зургийг авч дүгнэлт гаргасан тул уг дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх боломжгүй.

4.3. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг түргэн борлогдох үнийг талууд харилцан тохиролцсон бөгөөд уг тохиролцооны дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээ/фидуци/ байгуулагдсан. Хариуцагчаас эхний гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан. Харин 2 дахь гэрээг фидуцийн гэрээ хийгдсэн гэж маргадаг. Барьцааны гэрээ хийгдсэн тохиолдолд фидуцийн гэрээ давхар хийгдэх боломжгүй, нэг гэрээ нь эзэмшилд, нөгөө нь өмчлөлд шилжүүлэх шинжийн агуулсан. Тухайн үед хариуцагч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар гэрээний зүйлийг барьцаалах эрхтэй байсан. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, үлдсэн мөнгийг буцаан өгөх зохицуулалттай. Гэтэл М.Г д ямар нэг мэдэгдэл өгөөгүй, үлдсэн мөнгийг буцаан өгөөгүй. Шүүхээс шинжээч томилж, шинжээчийн дүгнэлттэй хариуцагч танилцсан бөгөөд маргаагүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан автомашины үнэ 12,860,000 төгрөг, автомашинд засвар хийсэн 1,970,000 төгрөг, нийт 14,860,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасган автомашины үнэ 10,917,811 төгрөг, засвар хийсэн 1,900,000 төгрөг, нийт 12,817,811 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх-1, 127/

3. М.Г нь Х ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ХУ-268 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь 8,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй М.Г д зээлдүүлэх, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон талаар анхан шатын шүүх зөв дүгнэжээ./хх-4/

3.1. Х ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болохыг улсын бүртгэлийн болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх гэрчилгээг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон./хх-7/

3.2. Зээлдүүлэгч нь барьцаат зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөг хүлээлгэн өгөөгүй, харин дансаар 7,560,600 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

4. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-г байгуулж, М.Г-ын өмчлөлийн - улсын дугаартай , Тоёота приус/Toyota prius/ маркийн автомашиныг Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна./хх-5/

4.1. Барьцаалан зээлдүүлэх гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хуульд өөрт нь шууд заасан буюу зээл олгохдоо зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалах замаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах зохицуулалттай.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх, захиран зарцуулах эрхийг хязгаарласан.

4.2. Хариуцагч Х ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэх үндэслэлээр уг гэрээ хүчин төгөлдөр бус байхыг анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

5. Нэгэнт зохигчийн байгуулсан фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад - улсын дугаартай Тоёота приус/Toyota prius/ маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, уг хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 14,400,000 төгрөг болохыг тодорхойлсон байна./хх89-108/

Анхан шатны шүүх - улсын дугаартай Тоёота приус/Toyota prius/ маркийн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн учир үүнийг буцаан шилжүүлэх боломжгүй болсон гэж дүгнэж уг автомашины үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнэ болох 14,400,000 төгрөгөөр тооцон зээлийн гэрээний үүргээс суутгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.

6. Иймд шүүх зээлийн гэрээний дагуу үүссэн мөнгөн төлбөрийн үүргийн болон төлсөн төлөлтийн хэмжээ, хүчин төгөлдөр бус фидуцийн гэрээний үр дагавар, алданги, автомашиныг үнэлсэн үнэлгээний талаарх өгсөн дүгнэлтийн хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 5,953,336 төгрөг дутуу төлсөн төлбөрийг хөрөнгийн үнэлгээ болох 14,400,000 төгрөгөөс хасч тооцон үлдэх 8,446,664 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч М.Г д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байх хугацаандаа автомашинд засвар хийсэн зардал 1,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нь нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

8. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланд ...- улсын дугаартай , Тоёота приус/Toyota prius/ маркийн автомашиныг 14,400,000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч тээврийн хэрэгслийг бодитоор үзээгүй, интернэтээс ижил төрлийн тээврийн хэрэгслийн зургийг авч дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэх агуулгаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргажээ.

Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргасан байна. Энэ үйл баримтыг хариуцагч няцаах баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,097 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН