| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00488/И |
| Дугаар | 577 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 577
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, РД:ОИ85011606, Тугтан овогт Пагмын Батзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 63 дугаар гудамжны 919 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, РД:ОИ75121018, Зуутраг овогт Пунцагийн Жамсранд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2003 онд Увс аймгийн Өлгий сумын харьяат П.Жамсрантай гэр бүл болж, 2004 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү Ж.Бямбажавыг төрүүлсэн. Бид гэр бүл болоод 2008 он хүртэл 5 жил гаруй хугацаанд Улаанбаатар хотод хамт амьдарч байсан. Тухайн үед нөхөр П.Жамсран цементийн үйлдвэрт ажилладаг байсан ба би гэртээ хүүхдээ асарч, ар гэрийн ажлаа амжуулдаг байсан. П.Жамсран нь архи уудаггүй. Хамт амьдарсан эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан бөгөөд сүүлдээ ааш зан нь хувирч, надтай ялихгүй зүйлээс болж хэрүүл маргаан үүсгэн улмаар зодож цохидог болсон. Хамгийн сүүлд 2008 онд ажлаар хөдөө яваад сар гаруй хугацаа өнгөрч ирсэн. Нөхрийгөө ирэх үед би нялх хүү болон найз охины хамт гэртээ байсан бөгөөд бид хоёр 7 хоногийн хугацаатай, хотын төвийн барилга дээр байрлаж, тогоочоор ажиллах болсноо хэлэхэд эхлээд зөвшөөрсөн. Тэгээд манай найзыг гэрээс гараад явангуут хаалгаа дотроос нь түгжиж байгаад намайг зодож, миний биед гэмтэл учруулсан. Би нөхөр П.Жамсрангаас айгаад маргааш нь ажиллаж байсан барилгынхаа хүмүүст учир байдлаа хэлээд цалингаа аваад хүүгийн хамт шууд Увсад ирсэн. Түүнээс хойш бид хоёр тусдаа амьдраад 8 жил гаруй хугацаа өнгөрч байгаа болно. Нөхөр П.Жамсран нь надаас салаад 1 жилийн дараа эхнэр авсан, би мөн гэр бүлтэй болж хүүхэд төрүүлсэн, одоо 5 сартай жирэмсэн. П.Жамсран бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Ж.Бямбажавыг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй” гэв.
Хариуцагч П.Жамсран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “П.Батзаяагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Үндсэндээ үнэний хувьтай боловч миний хувьд ямар нэг байдлаар зодох өөрийн эрхшээлдээ оруулсан зүйл байхгүй. Уг хүн нь надаар зодуулахаар ч хүн биш юм. Энэ талаар зөвхөн өөрийн саналаа бичлээ. Бид хоёр аль аль нь өөрийн гэсэн амьдралтай, үр хүүхэдтэй учраас П.Батзаяагийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд ямар нэг маргаан байхгүй учраас хурдан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Батзаяа нь хариуцагч П.Жамсранд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
П.Батзаяа нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэн П.Батзаяа, П.Жамсран нар гэр бүл болж, 2003 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2004 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү Ж.Бямбажав төрсөн ба тэрээр Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн 5 дугаар ангид суралцдаг болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон Ж.Бямбажавын төрсиний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь аль аль нь гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлсэн, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч П.Батзаяа, хариуцагч П.Жамсран нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Батзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Жамсрангаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Батзаяад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зуутраг овогт Пунцагийн Жамсран, Тугтан овогт Пагмын Батзаяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2004 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, хүү Ж.Бямбажавыг эх П.Батзаяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Батзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Жамсрангаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Батзаяад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР