| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0083/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Н |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч Ш.Насанжаргал,
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Авга овогт Ж-н Эд холбогдох эрүүгийн 1809034431198 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УШ97032214 / Авга овогт Ж-н Э нь:
- 2018 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим Сүхбаатар дүургийн 19 дүгээр хороо, Шарга морьтын задгай тоотод хохирогч Б.Мөнхчулууны бариулж буй барилгаас 380 вольтын цахилгаан үүсгүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед авч бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-7 /
Хохирогч Б.Мөнхчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Шарга морьтын задгайд байх гэртээ унтаж байхад 04 цаг 50 минутын үед манай туслах Нямжаргал орж ирээд “Энхтөрд мотор өгч явуулсан юм уу?” гэсэн. Би “Үгүй. Юу яриад байгаа юм бэ?” гэж хэлээд Баянмөнхийг “Мотор байна уу? Үзээд ир” гээд явуултал “Мотор байхгүй байна” гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. / хх 10 /
Гэрч Б.Болдбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 23-ны шөнө таксинд явж байгаад Шарга морьт руу нэг эмэгтэй хүргэж өгсөн. Тэр эмэгтэй Шарга морьт дээр буух үед цаг 04:50 минут болж байсан. Эмэгтэйн буусан газар нь цэнхэр өнгийн Приус-11 маркийн машин зогсож байсан. Дугаарыг нь харж чадаагүй. Нөгөө эмэгтэй машинаас буугаад мотор барьж явсан 2 залуутай уулзаад цааш явсан. Тэр 2 залуу цэнхэр өнгийн Приус-11 маркийн машинд суугаад явсан гэжээ. / хх 11 /
Гэрч О.Нямжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 04 цагийн үед Мөнхчулуун над руу залгаад Шарга морьтод хүрээд ир гэсэн. Тэгээд би такси бариад Шарга морьт руу явж байтал Энхтөр найзынхаа хамт улаан өнгийн мотор барьчихсан сууж байсан учир би машины цонхоор “Юу хийж байгаа юм бэ” гэхэд Энхтөр “Юу ч хийгээгүй” гэсэн. Тэгэхээр нь би “Наад мотороо яах гэж байгаа юм бэ” гэхэд “Аан. Юманд хэрэглэх гэсэн юм” гэсэн. Тэгээд би тэр хоёроос “Мөнхчулуун мотор ав гэсэн юм уу” гэж асуухад тийм гэж хэлсэн гэжээ. / хх 12 /
Гэрч Б.Сэргэлэнбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал Энхтөр намайг “манай захирлын лагер руу яваад мотор хамт аваад ирье” гэж хэлээд намайг дагуулаад явсан.Тэгээд такси бариад Шарга морьтын эцэс өнгөрөөд модны захад ирсэн. Тэгээд Энхтөр “Найз нь даргаасаа очоод мотор авчихаад ирье. Намайг хүлээгээд байж байгаарай” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд удалгүй нэг улаан өнгийн мотор аваад хүрээд ирсэн Тэгээд би хамт өргөөд машинд хийх гэж байтал нэг эмэгтэй таарсан. Тэгээд бид хоёр такси бариад явсан гэжээ. / хх 15 /
“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний тайлан / хх 21-22 /
Шүүгдэгч Ж.Эийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 28-31 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 49 / зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ийм алдаа гаргасанд уучлаарай. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим Сүхбаатар дүургийн 19 дүгээр хороо, Шарга морьтын задгай тоотод хохирогч Б.Мөнхчулууны бариулж буй барилгаас 380 вольтын цахилгаан үүсгүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед авч бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-7 /, … Шарга морьтын задгайд байх гэртээ унтаж байхад 04 цаг 50 минутын үед манай туслах Нямжаргал орж ирээд “Энхтөрд мотор өгч явуулсан юм уу?” гэсэн тэгээд би моторыг үзүүлэхэд байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнхчулууны мэдүүлэг / хх 10 /, ... 2018 оны 07 дугаар сарын 23-ны шөнө таксинд явж байгаад Шарга морьт руу нэг эмэгтэй хүргэж өгсөн. Эмэгтэй машинаас буугаад мотор барьж явсан 2 залуутай уулзаад цааш явсан. Тэр 2 залуу цэнхэр өнгийн Приус-11 маркийн машинд суугаад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг / хх 11 /, ... Энхтөр найзынхаа хамт улаан өнгийн мотор барьчихсан сууж байсан. Тэгэхээр нь би Мөнхчулуун мотор ав гэсэн юм уу гэж асуухад тийм гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Нямжаргалын мэдүүлэг / хх 12 /, ... 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал Энхтөр намайг “манай захирлын лагер руу яваад мотор хамт аваад ирье” гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэгээд найз нь даргаасаа очоод мотор авчихаад ирье намайг хүлээгээд байж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд удалгүй нэг улаан өнгийн мотор аваад хүрээд ирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Сэргэлэнбаатарын мэдүүлэг / хх 15 /, ...“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний тайлан / хх 21-22 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Эийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Эийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Авга овогт Ж-н Эийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ж-н Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Ж.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ