Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 102/2023/05488/И |
Дугаар | 210/ма2024/01184 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/ма2024/01184
2024 06 03 210/МА2024/01184
Т ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/01614 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан 17,651,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Б.М-д Т ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №01/32 тоот зээлийн гэрээгээр 11,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зээлдүүлж, Тоёота ****** дугаартай, , К******* арлын дугаар, №***** гэрчилгээний дугаартай хар саарал өнгөтэй автомашиныг барьцаалан фидуцийн гэрээ байгуулсан.
1.2. Зээлдэгч Б.М нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүйгээс 1182 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд гэрээний хугацаанд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч төлбөр тооцоо хийгээгүйн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө бичил хорооллын зам дээрээс тээврийн хэрэгслийг хураан авч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж байсан.
1.3. Иймд зээлийн гэрээний 4.4, 4.9, 5.1.10, фидуцийн гэрээний 2.5, 3.2-т заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 7,161,685 төгрөг, хүү 6,821,065 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,052,708 төгрөг, автомашиныг хураахтай холбоотой ачилтын зардал 50,000 төгрөг, түлхүүрийн батарей 5,000 төгрөг, түлхүүр хувилуулсан 180,000 төгрөг, гарашийн төлбөр 1,075,000 төгрөг, татвар 283,711 төгрөг, оношилгоо 60,000 төгрөг, торгууль 876,500 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ 16,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 17,651,870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.М хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.М гаас 17,651,870 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч тал болох Б.М гийн зүгээс тус шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй, няцаагаагүй, түүнчлэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцож амаар тайлбарлахдаа мөн адил нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй бөгөөд эвлэрэх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. Хариуцагч талын энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байхад анхан шатны шүүх талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.1. Б.М нь фидуцийн гэрээнд заасан тээврийн хэрэгслээ эгүүлэн авч, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлөх талаар шүүхэд өөрийн биеэр мэдүүлсэн. Гэвч дараагийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүйн улмаас түүний хүсэл зоригийн эсрэг шийдвэр гарсан байна. Энэ нь хариуцагчийн шүүхэд гаргасан байр суурийг илтэд үл ойшоосон буюу шүүх өөрийн үзэмжээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
4.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн эхний шүүх хуралдаан дээр эвлэрээд ирье гэж ярилцаад шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараагийн шүүх хуралдаан дээр уулзах боломжгүй байсан тул эвлэрч чадаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан 17,651,870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Т ХХК нь Б.М тай 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №01/32 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т ХХК нь зээлдэгч Б.М-д 11,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд тохирсон хугацаанд авсан зээлээ хүүгийн хамтаар буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон./хх12-13/
3.2. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.М гийн өмчлөлийн ****************** маркийн автомашиныг Т ХХК -ийн өмчлөлд шилжүүлэх, зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэн авах үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон. /хх14-15/
3.3. ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх, нэхэмжлэгч Т ХХК -ийн нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шилжин бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслээрээр фидуцийн гэрээний зүйл ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хураан авсан байна.
4. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл байна.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, зээлийн гэрээний үүрэгт 17,651,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
5.1. Зохигч талуудын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг эсхүл фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагын аль нэгийг нь сонгон гаргах эрхтэй.
Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хураан авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээний үүрэг дуусгавар болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь сонгох эрхийн хүрээнд зээлийн гэрээний үүрэгт автомашиныг тооцон авснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.
5.2. Нэхэмжлэгч нь ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хураан авснаас хойш бусдад худалдаагүй гэж тайлбарлах боловч уг тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн эсхүл ашиглаагүй үйл баримт нь зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэл болохгүй ба нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйлийг хураан авснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болно.
6. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Дээрх хууль, гэрээнд хариуцагч үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцлагдсан тохиолдолд фидуцийн гэрээний зүйлийг хэрхэн зохицуулах талаар тодорхой заасан тул ********** улсын дугаартай суудлын автомашиныг шүүхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заах шаардлагагүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор хохиролд нийт 2,616,411 төгрөг гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/01614 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн гэсний дараа 451 дүгээр зүйлийн 451.1,” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН