| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0117/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/126 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч, хяналтын прокурор Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1938002660129 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах иргэн Э.Б-ийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 килограмм хэмжээтэй борцыг хууль бусаар авч 50.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг,
2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоот хашаанаас хохирогч Э.Б-ийн эзэмшлийн ...улсын дугаартай “Платц” маркын тээврийн хэрэгслийг хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б- нь Хөвсгөл аймгаас Архангай аймаг руу явах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоот хашаанаас иргэн Э.Б-ийн эзэмшлийн ...ХӨВ улсын дугаартай “Платц” маркын тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар авч түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдэн явах замдаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд байрлах бензин түгээх газраас унаж явсан автомашинд хийсэн бензиний үнийг төлөх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах иргэн Э.Б-ийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 килограмм хэмжээтэй борцыг хууль бусаар авч 50.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн зарим гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Энэ гэмт хэргийг шүүгдэгч Н.Б- ганцаараа үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Б- нь Хөвсгөл аймгаас Архангай аймаг руу явах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоот хашаанаас иргэн Э.Б-ийн эзэмшлийн ...ХӨВ улсын дугаартай “Платц” маркын тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдэн явах замдаа автомашинд хийх бензиний мөнгө олох зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах иргэн Э.Б-ийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 килограмм хэмжээтэй борцыг хууль бусаар авч 50.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн шинжээчийн тайлан /хх-ийн 42, 47 дугаар хуудас/, борц хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 71 дүгээр хуудас/, автомашин хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 72 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...хийсэн хэрэгтээ харамсч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Б- нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг “Хулгайлах” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Н.Б-ын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “орон байранд нэвтэрч” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу байшинд багаж хэрэгсэл ашиглаж буюу хохирогч С.М-ын байшингийн хаалганы цуургыг сугалан, нэвтрэн орж дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Н.Б-ын дээрх 2 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэн тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын нөхөн үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд /борц болон автомашин/ 1.890.000 хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч С.М-, Э.Б- нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Б-ыг хохирогч С.М-, Э.Б- нарт төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн бензиний төлбөрт тооцсон борцыг М.Г-оос хурааж хохирогчид олгосон тул шүүгдэгчээс 40.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Г-д олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ын Хөвсгөл аймгаас Архангай аймаг руу явах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоот хашаанаас иргэн Э.Б-ийн эзэмшлийн ...ХӨВ улсын дугаартай “Платц” маркын тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдэн явах замдаа автомашинд хийх бензиний мөнгө олох зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах иргэн Э.Б-ийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 килограмм хэмжээтэй борцыг хууль бусаар авч 50.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах ...орон байранд ...нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар болох хохиролыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч авсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа иргэний нэхэмжлэгчид төлөх 40.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааруулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцсон болно.
Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 05 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 45 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Н.Б-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 45 хоногийг хорих ялын 45 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч М.Г-од 40.000 төгрөгийн төлөх төлбөртэй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Н.Б-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг хорих ялын 45 /дөчин тав/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас 40.000 /дөчин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Г-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ