Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 00236

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Д.Ренченхорол би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Хайлаастын 39 тоотод оршин суух Харнууд овогт Шарбандийн Даваа /РД:МИ62012206, утас:99391012/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Партизаны 47 тоотод оршин суух улсын бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Найрамдалын 61 тоотод түр оршин суух Боржигон овогт Доржпүрэвийн Даваахүүд холбогдох 2,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Ш.Даваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Даваахүү нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар 15 хувийн хүүтэй 1,000,000 төгрөг авч 400,000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдсэн 600,000 төгрөгийн хүү нь 1,620,000 төгрөг болох бөгөөд нийт 2,220,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Даваа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2,220,000  төгрөг Даваахүүгээс нэхэмжилсэн ба нэхэмжилсэн үнийн дүнгийн 1,520,000 төгрөгнөөс татгалзаж 700,000 төгрөгөн дээр тохиролцон эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Даваахүү шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Даваагийн нэхэмжилсэн 2,220,000 төгрөгнөөс 700,000 төгрөгийг 2 хувааж буюу 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 350,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл 350,000 төгрөгийг төлж бүрэн барагдуулах болно гэжээ.

                                             Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Ш.Даваа нь хариуцагч Д.Даваахүүгээс 2,220,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Даваа нэхэмжлэлийн үнийн дүнгийн 1,520,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Д.Даваахүү нь 700,000 төгрөгийг төлөхөөр тохирч, зохигч талууд эвлэрсэн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож энэ нь хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Даваа нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 1,520,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Д.Даваахүү нь 700,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот данснаас 10675 төгрөгийг, хариуцагч Д.Даваахүүгээс 10675 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Ш.Даваад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь, хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт  зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

                                                        

ШҮҮГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ