Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,                                        

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бодонгууд овогт Л-н Мад холбогдох эрүүгийн 1809042970015 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 065 дугаар ангид паланшит ажилтай, ам бүл 5, ах, эгч, 2 дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо,Бэлхийн 50 дугаар гудамжны 33 тоотод оршин суух,

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 523 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: УИ93080513/ Бодонгууд овогт Л-н М нь:

 

- 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хийморь” зочид буудлын орчимд түүний хувийн таксигаар үйлчлүүлээд буухдаа гээгдүүлсэн хохирогч Д.Энхцэцэгийн өмчлөлийн “Самсунг А-6” загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж олж, авч завшсаны улмаас түүнд 780.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Энхцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Завсрын буудал дээрээс такси бариад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Хийморь” зочид буудал өнгөрөөд буусан. Таксинаас буухдаа Самсунг А6 загварын гар утсаа мартаж буусан. 2018 онь 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дугээр хороо, 7 буудлын Мобикомын салбараас 839.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 14-16 /

 

Гэрч Л.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр таксинд явж байгаад 01 цагийн үед гэртээ харьсан. Тэгээд өглөө 12 цагийн үед босоод машинаа цэвэрлэж байгаад машинаасаа утас олсон. Тэгээд асаах гэсэн чинь кодтой болохоор нь буцаагаад унтраасан. Тэгээд 7 хоног хадгалж байгаад нэг танихгүй хүнд 600.000 төгрөгөөр зарсан. Мөнгөний хэрэг гарахаар нь зарсан гэжээ. / хх1 7 /

 

Гэрч Л.Мөнгөнчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Надад хэлэхдээ гар утас машинаасаа олсон гэж хэлж байсан гэжээ. / хх 18 /

 

Яллагдагч Л.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тэр гар утсыг санамсаргүй байдлаар олсон юм. Тэр үедээ би тэр гар утсыг цагдаагийн газар хүлээлгэн өгнө гэдгээ мэдээгүй. Би гар утсыг асаахад код нэхэхээр нь тэр чигт нь байлгаж байгаад 7 хоногийн дараа 1 хүнд зарсан юм. Би тухайн үед өдөржингөө халтууранд явж байгаад маргааш өглөө нь машинаа цэвэрлэж байгаад машины урд талын суудлын доороос гар утас олсон юм. Би тэр гар утсыг ямар хүний гар утас гэдгийг мэдэхгүй байсан. Хар өнгийн Самсунг А6 загварын гар утас олсон. Өөр эд зүйл байгаагүй. Би тэр гар утсыг явуулын хүнд 650.000 төгрөгөөр зарсан. Гар утас худалдан авсан хүнийг танихгүй гэжээ. / хх 3 /

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний тайлан / хх 21-22 /

 

Хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл / хх 10 /

 

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 11 /

 

            Шүүгдэгч Л.Мыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 2-3 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бусдын эд зүйлийг эзэнд нь эсвэл Цагдаагийн газарт өгөх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Л.М нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хийморь” зочид буудлын орчимд түүний хувийн таксигаар үйлчлүүлээд буухдаа гээгдүүлсэн хохирогч Д.Энхцэцэгийн өмчлөлийн “Самсунг А-6” загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж олж авч, завшсаны улмаас 780.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Завсрын буудал дээрээс такси бариад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Хийморь” зочид буудал өнгөрөөд буусан. Таксинаас буухдаа Самсунг А6 загварын гар утсаа мартаж буусан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Энхцэцэгийн мэдүүлэг / хх 14-16 /, ...2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр таксинд явж байгаад 01 цагийн үед гэртээ харьсан. Тэгээд машинаа цэвэрлэж байгаад гар утас олсон. Тэгээд 7 хоног хадгалж байгаад нэг танихгүй хүнд 600.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Мын мэдүүлэг / хх1 7 /,  ...Надад хэлэхдээ гар утас машинаасаа олсон гэж хэлж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Мөнгөнчимэгийн мэдүүлэг / хх 18 /, ...“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний тайлан / хх 21-22 /, ...Хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл / хх 10 /, ...Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 11 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Л.М нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага  хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн учирсан хохирлыг нөхөн төлсөн хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг гарсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Мыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Д.Энхцэцэг  нь гомдол саналгүй, / хх 67 / гэсэн тул шүүгдэгч Л.Мыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                        

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Л-н Мыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага  хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.М нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Л.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ