| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/05398/и |
| Дугаар | 5398 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 5398
| 2016 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2016/05398 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Тайм төв, Шилдэг сургууль БСБ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо Шүүхийн 27-1-508 тоотод оршин суух /РД:ТЖ72041996/ Тайж овогт Бүрэнжаргалын Нэргүйбаатар,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо Шүүхийн 27-1-508 тоотод оршин суух Ц.Амаргэрэл нарт холбогдох,
Бага, суурь болон бүрэн дунд боловсрол олгох сургалтын үлдэгдэл төлбөрт 1,235,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шилдэг сургууль” БСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Хангай нь 2015-2016 оны хичээлийн жилд тус сургуулийн 2-р ангид суралцан төгссөн ба сургуулийн зүгээс чанартай боловсон хүчин, анги танхимаар зүй ёсны дагуу ханган сурагчид мэдлэг олгосон бөгөөд тухайн жилийн сургалтын төлбөрийг 2016 оны 05 сарын 17-ны дотор барагдуулах шаардлагыг удаа дараа тавьж байсан ч өнөөдрийг хүртэл төлбөр бүрэн барагдаагүй байна. Иймд сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,235,000 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр төлбөрийг гаргуулж өгч тусална уу.” гэжээ
Хариуцагч Б.Нэргүйбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Нэргүйбаатар нь Шилдэг сургуулийн 2а ангид сурдаг өөрийн хүүгийн сургалтын төлбөр болох 1,235,000 төгрөгийг 2016 оны 09 сарын 01-нээс өмнө төлж барагдуулах болноо. Сургалтын шаардлага муу байсан учраас би БСШУ яамнаас комисс томилуулж сургалтын түвшин тогтоох хүсэлтэй байгаа тул сургалтын төлбөрөө үлдэгдэлтэй үлдээсэн юм аа Энэ байдлаа сургуулийн эрхлэгч Баярбаясгаланд удаа дараа хэлж байсан нь үнэн болно..” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.Нэргүйбаатарын өгсөн тайлбартай танилцлаа. Иймд хариуцагч Ц.Амаргэрэлээс татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шилдэг сургууль” БСБ нь хариуцагч Б.Нэргүйбаатар, Ц.Амаргэрэл нарт холбогдуулан бага, суурь болон бүрэн дунд боловсрол олгох сургалтын үлдэгдэл төлбөрт 1,235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ц.Амаргэрэлээс татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Б.Нэргүйбаатар нь “Шилдэг сургууль” БСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч Б.Нэргүйбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Нэргүйбаатарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Нэргүйбаатар нь нэхэмжлэгч “Шилдэг сургууль” БСБ-ын бага, суурь болон бүрэн дунд боловсрол олгох сургалтын үлдэгдэл төлбөрт 1,235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Нэргүйбаатарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.Амаргэрэлийг хариуцагчаар татсан шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,190 төгрөгийн 17,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 17,095 төгрөгийг, хариуцагч Б.Нэргүйбаатараас 17,095 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шилдэг сургууль” БСБ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР