Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 101/2023/08345/И |
Дугаар | 210/ма2024/01193 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/ма2024/01193
2024 06 03 210/МА2024/01193
Л ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/01210 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л ХХК-ийн хариуцагч Б.З-д холбогдуулан 29,426,667 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б.З нь Л ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 21/48 дугаар зээлийн болон 21/049 дугаар хөрөнгө барьцаалах гэрээг тус тус байгуулан ***** улсын дугаартай, Лексус арикс ******* маркийн, цэнхэр саарал өнгийн, ****** арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад орж ирсэн автомашиныг барьцаалан 30,000,000 төгрөгийг, нэг сарын 2,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.
1.1. Л ХХК нь уг мөнгийг Б.З гийн Төрийн банкин дахь ****** тоот дансаар олгосон.
1.2. Дээрх гэрээнүүдийн хугацаа дууссан боловч зээлдэгчээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн цахим хүсэлтийн дагуу зээлийн болон барьцааны гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгасан. Уг хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлдэгч Б.З нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймээс үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, түүнд мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлээ хуваарийн дагуу эргэн төлөхгүй байгаа.
1.3. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 болон гэрээний 2.3-т тус тус заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 4,357,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,333 төгрөг, нотариатын төлбөр 18,000 төгрөг, нийт 29,426,667 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Л ХХК -аас зээлж авсан 30,000,000 төгрөгөөс сар бүрийн төлөлт болох 810,000 төгрөгийг төлсөөр ирсэн. 2022 онд үндсэн зээл болох 30,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасуулж 25,000,000 төгрөг болгосон. Нэхэмжлэгч талд нийт 16,988,000 төгрөгийн хүү төлсөн тул үндсэн зээлээс хасч өгнө үү.
2.1. Автомашиныг барьцаалахаар тохирч, барьцааны гэрээ гэж байгуулсан, өмчлөл Л ХХК-ийн нэр дээр байгаа, бид машинаа эзэмшиж байгаа.
2.2. Нэхэмжлэгч Л ХХК 2014 онд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан ч тусгай зөвшөөрөл нь хэзээ, хэрхэн яаж, сунгагдсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 2023 оны 01 дүгээр сараас эхэлж тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгохоор болсон. Тиймээс 2023 оноос өмнө зээл олгосон байгууллага тусгай зөвшөөрөлтэй байснаар зээлийн хүү шаардах эрхтэй. Гэтэл хэрэгт тусгай зөвшөөрөлтэй эсэх нотлох баримт авагдаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүү шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.З гаас 29,408,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК -д олгож, нэхэмжлэлээс 18,001 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 304,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нотлох баримтыг өөрөө гаргаж үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тус тус заасны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх, зээлийн хүү шаардах эрхтэй эсэхээ тус тус нотлох хууль ёсны буюу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийг хавсралтын хамт хэрэгт гаргаж өгөх, улмаар нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс шаардах эрх нь уг баримтаар үүсэх учиртай байсан. Гэтэл нэхэмжлэгчээс зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос 2014.06.11-ний өдөр олгосон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос олгож буй тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь ямар тохиолдолд хүчинтэй байх нөхцлөө гэрчилгээнд тодорхой тусгасан. Хэрэв уг нөхцлийг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болох тул шүүх зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй бөгөөд, хэрэв гэрчилгээгээгүй, эсхүл гэрчилгээ хүчингүй бол талуудын харилцаа хуулийн 281 дүгээр зүйпийн 281.1 дэх хэсэгт заасан заалтаар зохицуулагдаж, зээлдэгчээс хүү шаардах эрхээ алдана. 2014 онд Санхүүгийн зохицуулах хороо зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хугацаатай олгож. хугацааг хавсралтад тэмдэглэдэг байсан. Ингээд 2022 онд баталсан Зөвшөөрлийн тухай хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өөрчилсөн найруулгаар тусгай зөвшөөрлийг хугацаагүйгээр олгохоор зохицуулсан. Тэгэхээр 2023 оны 01 дүгээр сараас өмнө Банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан бүх байгууллага заавал тусгай зөвшөөрлийн хугацааны сунгалтыг гэрчилгээний хавсралтад тэмдэглүүлсэн байх, ингэснээр иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулах, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нь үүсэхээр зохицуулагдсан байхад хэрэгт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй байхад шүүх хүчинтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн.
Түүнчлэн, хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж эхлэхдээ хурлын дарааллыг тогтоосон атлаа хариуцагч талын сүүлийн тайлбарын дараа нэмэлтээр нэхэмжлэгч талаас тайлбар авсан нь нэг талд илт давуу байдлыг болгосон. Мөн Л ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг “зээлийн” гэж бичсэн нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болохыг, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг хангаагүй, хуулийн шаардлага хангаагүй баримтад үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй болохоо нотолж чадаагүй тохиолдолд шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлах ёстой атал 451 дүгээр зүлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг тус тус баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн төлсөн мөнгөнөөс зээлийн хүүд тооцож авсан 16,988,000 төгрөг болон үндсэн зээлд тооцсон 5,000,000 төгрөг, нийт 21,988,000 төгрөгийг үндсэн зээл болох 30,000,000 төгрөгөөс хасч тооцон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч компани нь гадаадын хөрөнгө оруулалттай банк бус санхүүгийн байгууллага учраас энэ талаарх мэдээлэл улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны Банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгох тухай 533 дугаар тогтоол нь frc.mn сайтад нээлттэй байгаа. Зээлийн үйл ажиллагааны зөвшөөрлийг хугацаагүйгээр сунгасан талаарх мэдээлэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тодорхой байгаа. Хэрэв бид банк бус санхүүгийн байгууллага гэсэн нэршлийг ашиглахаар бол Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч ашигладаг. Хэрэв энэ нэршлийг хууль бусаар ашигласан бол манай банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2021 оноос хойш иргэний бүх шатны шүүхээр шийдвэрлэгдэхгүй байх байсан. Хариуцагчийн өмгөөлөгч Санхүүгийн зохицуулах хорооны frc.mn сайтад нийт ил тод байгаа мэдээллээс хайгаад олоогүй гэдэгт гайхаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Б.З-д холбогдуулан 29,426,667 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Шүүх хэргийн оролцогч этгээдэд олгогдсон эрх хэмжээг шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь буруу болжээ.
Учир нь хэргийн 7-8 дугаар талд Л ХХК -д Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн газрын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтууд авагдсан байх боловч дээрх тусгай зөвшөөрлийн хавсралтыг нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч талын эрх зүйн байдал тодорхой бус гэж үзнэ.
3.1. Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай/2001 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.” гэж заасан ба Л ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “энэхүү гэрчилгээ нь хавсралтын хамт хүчинтэй” байхаар тусгагдсан. Гэтэл уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт хэрэгт авагдаагүй тул уг гэрчилгээ хүчинтэй эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.
Иймд Л ХХК-ийн эрх зүйн байдлыг тодорхой болгосноор нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэх үйл баримт тодорхой болох ач холбогдолтой.
3.2. Түүнчлэн, 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2-т зааснаас бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно.” гэж заасан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээдэд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо хугацаагүйгээр олгоно.” гэж өөрчлөн найруулсан нь Л ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойшхи тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүд хамаарахаар байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4.1. Зохигчдын хооронд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 21/049 дугаар хөрөнгө барьцаалах нэртэй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор барьцаалуулагчийн эзэмшлийн **** улсын дугаартай лексус арикс *** маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Л ХХК-ийн нэр дээр 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шилжин бүртгэгдсэн байдал харагдаж байна./хх-11, 15/
Дээрхээс үзвэл талуудын хооронд хөрөнгө барьцаалах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч үүрэг хүлээгч Б.З нь бодитоор тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгч Л ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон тул тэдгээрийн хооронд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж гэрээний үүргийг дуусгавар болгох тухай шаардлага гаргасан уу эсхүл фидуцийн гэрээнээс татгалзсан эсэх нөхцөл байдлыг шүүхээс тодруулах ажиллагааг хийгээгүй тул шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах замаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, улмаар тухайн маргаантай эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх учиртай.
4.2. Түүнчлэн, фидуцийн гэрээ байгуулагдсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулах боломжгүйг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй байна.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/01210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН