Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч А.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911003520423 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Чөрвөс овогт А.Э, 1980 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны Өргөн чөлөө гудамж давхар 4 дүгээр байр, 3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .....................

          Шүүгдэгч А.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 9 дүгээр байр 7 тоотод хохирогч Д.Доржхорлоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь “хоншоор яс, хамар ясны хугарал, зүүн 8-р хавирганы хугарал, тархи доргилт, дагз, баруун гарын 1 хуруунд шарх, нүүр, хоёр чих, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун дээд 2-р шүд эмтрэл, уруулын дотор салстын язрал, зүүн бугалга, шуунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогчтой таарамжгүй харьцсаны улмаас түүний биед гэмтэл учруулсан. Учир нь Д.Доржхорлоо бид хоёр хамтарч бизнес эрхэлж байсан тэрээр орлогоо надаас нуусан. Би түүнийг нь сүүлд мэдээд хэлэхэд чи миний ажилтан гэх мэтээр намайг доромжилж янз бүрээр хэлсэн, тэгээд би уурандаа биеэ барьж чадахгүй түүнийг цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Энэ үйлдэлдээ харамсаж байна” гэв.

Хохирогч Д.Доржхорлоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед би өөрийн барилгын ажил хийж байсан ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах байранд байж байхад хамт ажиллаж байсан Төмөрөө гэх найз маань гаднаас 1 литрийн савалгаатай 4 шил архи аваад ороод ирсэн. Тэгээд уг 4 шил архинаас 1 шилийг Төмөрөө Энхдагва 2 гадаадаас ирсэн архи байна амтыг нь үзье ууя гээд бид 3 ууж эхэлсэн. Тэгээд 1 литр архиа бид 3 хувааж уугаад дуусгасан. Тэр архийг ууж дуусах үед би нилээн согтсон ба Төмөрөө эхнэр нь дуудаад байна гээд гараад явсан ба ажлын байран дээр Энхдагва бид 2 үлдсэн. Тэгсэн Энхдагва тэр архинаас дахиад нэг шилийг нь задлаад ууя гээд шууд задалсан ба би тухайн өдөр нь хоол идээгүй байсан учраас нилээн муудсан байсан. Тэгээд 2 дахь шилээ ууж эхэлсэн. Тэгээд ууж байгаад Энхдагва нь шууд босч ирээд миний нүүр лүү өшиглөсөн. Тэгэхэд нь би арагшаагаа саваад унасан ба би чи намайг аллаа шүү дээ гэж хэлсэн чинь чамайг алчихий гээд намайг нүүр нүдгүй хөлөөрөө өшиглөж эхэлсэн. Тэгээд би архиндаа ч согтсон бас нүүр лүүгээ өшиглүүлээд биеэ хамгаалах ямар ч чадваргүй болсон байсан. Тэр үед Энхдагвад би чи намайг аллаа шүү дээ гэсэн чинь чамд ямар ах дүү нар байгаа биш авгайгаасаа хүртэл салж байгаа биз дээ чамайг өшиглөөд алчихий гээд л дээрээс дэвсээд өшиглөөд байсан ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Гэрч Д.Батбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 9 дүгээр байранд хүмүүс хоорондоо зодолдоод байна гэж дуудлага ирсний дагуу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 9 дүгээр байранд дуудлагын дагуу очиход 1 давхарын байранд засвар хийж байсан шилэн хаалга байсан гадаа хүйтэн байсан учраас шил нь цантсан байсан гэх үзэгдэх орчин харагдаж байсан. Тэгээд харахад нэг залуу нь шалан дээр доошоо хараад 4 хөллөөд сууж байсан ба хажууд нь нэг залуу бас байсан ба тэр залуу нь чангаар хашгирч байсан ба юу гэж хашгирч байсан нь сонсогдоогүй тэгээд тэр залуу газар байсан залуугийн нүүрэн тус газар нь маш хүчтэй 2-3 удаа өшиглөж байгаа харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-23х/,

Яллагдагч А.Э мэдүүлэхдээ: “...гараараа нүүр лүү нь олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна бухимдсан байсан учраас нилээн олон удаа цохисон. Мөн хөлөөрөө гэдэс хавирга хэсэг рүү нь олон удаа өшиглөсөн мөн нүүр лүү нь өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-48-50х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №1628 тоот дүгнэлтэд:

“1.Д.Доржхорлоогийн биед хоншоор яс, хамар ясны хугарал, зүүн 8-р хавирганы хугарал, тархи доргилт, дагз, баруун гарын 1-р хуруунд шарх, нүүр, хоёр чих, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун дээд 2-р шүд эмтрэл, уруулын дотор салстын язрал, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Гэмтэл учирсан байрлалыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 9 дүгээр байр 7 тоотод хохирогч Д.Доржхорлоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь “хоншоор яс, хамар ясны хугарал, зүүн 8-р хавирганы хугарал, тархи доргилт, дагз, баруун гарын 1 хуруунд шарх, нүүр, хоёр чих, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун дээд 2-р шүд эмтрэл, уруулын дотор салстын язрал, зүүн бугалга, шуунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Энхдагвыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.