| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/05417/и |
| Дугаар | 5417 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 5417
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 32 тоотод орших, 2587394 тоот улсын бүртгэлийн дугаартай “Бамбай секьюрити сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төвшинбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 39 дүгээр байр 2 орц 97 тоотод байрлах 5141109 тоот улсын бүртгэлийн дугаартай “Жинхусиндажибин” ХХК-д холбогдох,
Гэрээт харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 33,842,672 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бамбай секьюрити сервис” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь “Жинхуасиндажибин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах 12 давхар барилгыг гадны гэмт халдлага, хулгай, галын аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор 2015 оны 05 сарын 30-ны өдөр харуул хамгаалалтын гэрээ байгуулсан болно. Манай компани нь гэрээт харуул хамгаалалтын гэрээний дагуу харуул хамгаалалтын үндсэн үүргээ биелүүлж ажиллаж байсан хугацаа буюу 2015 оны 02-р сараас эхлэн Жин хуа синда жи бин ХХК нь гэрээний 3.7 дэх заалтаа биелүүлэхгүй тухайн сарын төлбөрөө хойшлуулж төлсөөр байгаад 2015 оны 07 дугаар сараас хойш төлбөрөө нэг ч төлөлгүй их хэмжээний төлбөр хуримтлуулагдсаар сарын эцэс болгон нэхэмжлэлээ өгч төлбөрөө төлөх тухай удаа дараа шаардаж уулзахад эдийн засгийн нөхцөл хүнд байгаа танай төлбөрийг төлнө гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан болохоор 2016 оны 05 сарын 31-ний дотор төлөх тухай хугацаатай албан тоот хүргүүлсэн боловч тухайн хугацаандаа төлбөрөө төлөөгүй болно. Манай компаний санхүүгийн албанаас сарын эцэст төлбөрөө төлөх тухай байнга утсаар ярьж байсан бөгөөд цаашдаа төлбөрөө төлөхгүй их хэмжээний төлбөр хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Жин хуа синда жи бин ХХК-ын удирдлагуудтай утсаар ярилцаж 2016 оны 05 сарын 31-ний өдөр хоёр талын ажлын хэсэг байгуулагдаж Баянзүрх дүүргийн 39 байрны харуул хамгаалалтаа татан буулгаж ажил хүлээлцсэн акт үйлдсэн болно. Хариуцагч “Жинхуасиндижибин” ХХК нь манай компанитай байгуулсан гэрээт харуул хамгаалалтын гэрээний 3.7 заасан төлбөр үлдэгдэл 27.967.741.93 төгрөг, алданги 5.875.200 төгрөг нийт 33,842,671,93 төгрөгийн хохирлыг шүүхийн журмаар шийдвэрлэж компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төвшинбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батчулуун нар нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулжээ. Үүнд:
“Бамбай секьюрити сервис” ХХК нь “Жинхуасиндажибин” ХХК-д холбогдуулан 33,842,672 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 4,842,672 төгрөгөөс татгалзаж, үлдэх 29,000,000 төгрөгийг хариуцагч “Жинхуасиндажибин” ХХК нь 2016 оны 9 дүгээр сар 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бамбай секьюрити сервис” ХХК нь хариуцагч “Жинхуасиндажи бин” ХХК-д холбогдуулан гэрээт харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 33,842,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, “Жинхуасинджибин” ХХК -д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Бамбай секьюрити сервис” ХХК нь 33,842,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 4,842,672 төгрөгөөс татгалзаж, үлдэх 29,000,000 төгрөгийг хариуцагч “Жинхуасиндажибин” ХХК нь 2016 оны 9 дүгээр сар 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, “Жинхуасиндажибин” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,163.36 төгрөгийн 163,581.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 163,581.68 төгрөгийг, “Жинхуасиндажибин” ХХК-иас 163,581.68 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Бамбай секьюрити сервис” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР