Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2024/01214

 

 

 

 

 

 

 

 

    2024          06            07                                        210/МА2024/01214

 

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/01712 дугаар шийдвэртэй, М.Э-ын нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох, автомашины өмчлөгчөөр тогтоолгох, **** тоот Автомашины лизинг /түрээс/-ийн гэрээний 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр **** тоот автомашины лизингийн гэрээг А ХХК-тай байгуулж, уг гэрээгээр 21,000,000 төгрөгийн үнэ бүхий ****** маркийн ***** арлын дугаартай автомашины үнийн дүнгийн 80 хувь болох 16,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон.

1.1. Би 27 удаагийн төлөлт хийж хугацаанаас нь өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр лизингийн үндсэн төлбөр 16,800,000 төгрөг, лизингийн хүү 9,816,579 төгрөг, нийт 26,616,579 төгрөгийг төлж дуусгаж, А ХХК-аас автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан.

1.2. Гэвч 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 230609/4 дүгээр төлбөрийн үлдэгдлийн мэдэгдлээр “...4,653,404 төгрөгийн үлдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр бүрэн төлж барагдуулсан тохиолдолд **** улсын дугаартай автомашиныг таны нэр дээр шилжүүлэн өгнө” гэж мэдэгдсэн.

1.3. Гэрээний 2.8 дахь хэсэгт заасан тохиролцоо нь Иргэний хуульд заасан тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн, мөн Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2-т заасны тус тус зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, үүсэх үр дагавар нь Тоёота приус маркийн **** улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд Иргэний хуулийн 312-317 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан тал дээр маргадаггүй. Харин талууд гэрээний зүйл болох автомашины түрээсийн үнийг хэсэгчлэн төлөх үүргээ бүрэн биелүүлсэн эсэхэд маргасан. Гэрээтэй холбоотой талууд эвлэрэн хэлэлцэхээр уулзаж ярилцсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй хугацаа хожимдуулан төлөлт хийснээр талуудын хооронд маргаан гарах үндэс болсон.

2.1. Хариуцагч нь гэрээний 2.7-д заасны дагуу алданги тооцож, нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс хэтэрсэн хугацааны алданги тооцон тооцоолол хийж, нэхэмжлэгчид танилцуулахад алданги тооцох ёсгүй, алданги төлөхгүй гэж маргадаг. Талуудын хооронд байгууллагдсан гэрээний зүйлийн үнэ бүрэн төлөгдөөгүй, нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх  хэсэгт тус тус заасныг баримтлан А ХХК-д холбогдуулан гаргасан М.Э-ын нэхэмжлэлээс зохигчийн байгуулсан гэрээний 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2014 онд үйлдвэрлэгдсэн, ********** арлын дугаартай, **** улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан М.Э т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх “...нэхэмжлэгчийн хариуцагчид автомашины үнийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан автомашины лизинг /түрээс/-ийн гэрээг 36 сарын хугацаатай, 16,800,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр байгуулж худалдан авсан. Гэрээний хавсралтад зааснаар үндсэн төлбөр 16,800,000 төгрөг, лизингийн хүү 10,908,712 төгрөг, нийт 27,708,712 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

4.2 Нэхэмжлэгч нь автомашины лизингийн гэрээний төлбөрийн хуваарьт заасан хугацаанаас 10 сарын өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр лизингийн үндсэн төлбөрт 16,800,000 төгрөг, лизингийн хүүд 9,816579 төгрөг, нийт 26,616,579 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 27 удаагийн төлөлт хийж хугацаанаас өмнө төлж дуусгахад хариуцагч татгалзаагүй тул нэхэмжлэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч А ХХК-д холбогдуулан автомашины өмчлөгчөөр тогтоолгох, **** тоот автомашины лизинг/түрээс/-ийн гэрээний 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. А ХХК, М.Э нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ***** дугаар автомашины лизинг/түрээс/-ийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь 36 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2014 онд үйлдвэрлэгдсэн ********** арлын дугаартай, Тоёота приус/Toyota prius/ маркийн тээврийн хэрэгслийг ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч М.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд сарын 769,686 төгрөг төлөх, хүү 30 хоногт 3 хувь байх, төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр харилцан тохиролцсон. /хх6-10/

3.1. М.Э нь автомашины урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэх 16,800,000 төгрөгийг тодорхой хугацаанд хүүгийн хамт хэсэгчлэн төлөхөөр худалдан авагчтай тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирсон байх тул шүүх А ХХК болон М.Э нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

4. Гэрээний дагуу худалдагч нь гэрээний зүйл болох Тоёота приус/Toyota prius/ маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагчийн ашиглалтад шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээний үүрэгт 26,616,579 төгрөг төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй, харин гэрээний үүрэгт төлөгдсөн мөнгөн хөрөнгийг үүрэг гүйцэтгэх дарааллаар тооцсон эсэх асуудлаар маргасан байна.

5. Анхан шатны шүүх талуудын маргаж буй үйл баримтыг тогтоохдоо Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

5.1. Нэхэмжлэгч М.Э нь гэрээний хугацаанд нийт 27,708,712 төгрөг төлөх үүрэгтэй боловч уг хугацаанд 27 удаагийн төлөлтөөр 26,615,579 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон байна./хх14-40/

Уг төлөлтийг хийснээр тухайн гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзнэ. Зохигчийн байгуулсан гэрээнд цаг хугацаанаас өмнө төлбөр төлөхийг хориглосон зохицуулалт байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

5.2. Анхан шатны шүүх 1,092,000 төгрөгийн зөрүү үүссэн гэж дүгнэсэн боловч төлөлтийг хугацаанаас нь өмнө төлсөн учраас хүүгийн зөрүү үүссэн. Үүнийг төлөөгүй төлбөр гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн зүйл болох **** улсын дугаартай, Тоёота приус/Toyota prius/ маркийн автомашины өмчлөх эрхийг М.Э т шилжүүлж өгөхийг А ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6. Анхан шатны шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.8 дахь хэсэг заалтыг Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дараалалд нийцээгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болох хэлцэлд тооцож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/01712 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А ХХК, М.Э-ын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, арлын ********** дугаартай, улсын бүртгэлийн **** дугаартай Тоёота приус/Toyota prius/ маркийн автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч М.Э ыг тогтоож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх шаардлагатай холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч А ХХК-д даалгасугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А ХХК-аас 333,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э т олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 262,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.БАДРАХ

 

         ШҮҮГЧИД                             Б.МАНДАЛБАЯР

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН