Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг,

          Улсын яллагч Т.Жавхлантөгс,

          Шүүгдэгч Э.С /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909011590355 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Говь түшээ” ХХК-ний түрээслэгч, Э.С

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      Яллагдагч Э.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн Т.Алтансүхийн биед халдаж, улмаар эрүүл мэнд /хамар ясны хугаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт/-д хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Э.С нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Э.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Э.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн Т.Алтансүхийн биед халдаж, улмаар эрүүл мэнд /хамар ясны хугаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт/-д хөнгөн хохирол учруулж хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.С нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Т.Алтансүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.  

          Шүүх шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

                                                            

          Шүүгдэгч Э.С-н гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.

         

          Эрүүгийн 1909011590355 дугаартай хэргээс:

         

          Хохирогч Т.Алтансүхийн “...Би найз нарын хамт Холливуд гэх нэртэй шөнийн цэнгээний газар орсон. Бид нар 1 цаг орчим бүжиглэсэн. Тэгээд бүжиглэж байтал хэн нэгэн хүн ирээд миний хамар руу цохисон. Хэн гэдэг хүн хаанаас ирээд  цохисон талаар харж чадаагүй, манай найз нар намайг аваад шөнийн цэнгээний газрын бие засах өрөө рүү аваад орсон. Тэгээд цусаа цэвэрлээд дараа нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

          Гэрч Х.Сайнхүүгийн “...тэр залуу манай найз Анхбаяртай маргалдаад шууд шанаа руу нь цохиж аваад Анхбаяр, Алтансүх, тэр шоотой цамцтай залуу нар бөөнөөрөө ханараад унасан. Тэгэхээр нь би салгах гээд нөгөө шоотой цамцтай залууг өргөөд салгасан. Тэгтэл манай найз Алтансүх хамраа цохиулаад хамарнаас нь цус гараад байхаар нь бие засах өрөө рүү оруулж угаасан. Тухайн үед Доржпалам ширээн дээр суугаад бүх үйл явдлыг харж байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

           

          Гэрч Э.Отгонбаатарын “...Өчигдөр Тэмка, Дамба, Лхагва-Очир нартай Холливууд бааранд орж үйлчлүүлсэн. Би нилээн согтсон, тэгсэн чинь нэг залуу миний нүд рүү цохиод чирсэн чинь манай найз Дамба ирээд намайг өмөөрөөд тэр залууг нэг цохьсон. Удалгүй цагдаа ирээд Дамбыг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

          Гэрч Б.Лхагва-Очирын “...Өчигдөр ажлынхантайгаа Холливууд бааранд орж

үйлчлүүлсэн. Би бүжиглэж байгаад эргээд харсан чинь Отгоо ахыг нэг эрэгтэй хажуу талаас нь цохиж байсан, тэгсэн чинь нөгөө залууг Дамба өмөөрөөд цохиж байсан, хаана нь цохисон гэдгийг анзаараагүй. Тэгээд Отгоо ахыг цааш нь чирсэн чинь Тэмка ах очоод салгасан. Тэгээд бүгдээрээ гарцгаасан, удалгүй цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

         

          Гэрч Г.Бат-Эрдэнийн "...Өчигдөр ажлынхантайгаа Холливууд бааранд орж бүжиглэж байгаад Отгонбаатар нэг залуутай муудалцаад байхаар очоод болиулаад хоёр тийш болгосон. Тэгээд бүжиглэж байтал бужигналдаад байхаар нь эргээд харсан чинь Отгонбаатарыг дисантан куртиктэй залуу дээр нь гарсан цохиж байхаар нь очоод тэр залуугийн мөрнөөс нь татаад салгасан. Тэр үед нөгөө залууг нь Сэрдамба цохих шиг болсон. Отгонбаатарын хаана цохисон гэдгийг ард нь байсан болохоор анзаараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10 дугаар хуудас/,

         

          Гэрч Б.Доржпаламын "...тэр өдөр ажлынхантайгаа Өгөөмөр захын урд нэг бааранд орж пиво уусан. Тэндээс 23 цаг өнгөрч байхад гараад Холливууд бааранд ороод нэг нэг пиво захиалж уугаад, бүжиглэж байтал нилээн халамцуу нэг залуу Алтансүхтэй наалдаад байсан. Манай хэд цаашаа бай гэж байгаа болтой гараараа заагаад байсан. Тэгтэл намхан залуу Алтансүхтэй барьцалдаад автал хажуунаас нь хар хувцастай гар орж ирээд Алтансүхийн хамар руу нь цохьсон чинь Алтансүх саваад унасан, хамарнаас нь цус гараад эхэлсэн. Хар фудвольктай, мөнгөн гинжтэй залуу Алтансүхийг цохьсон..." гэх мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/,

         

            Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3630 дугаартай “...Т.Алтансүхийн биед хамар ясны хугаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Яллагдагч Э.С"...Манай найзыг дээрэлхэж байгаа юм шиг харагдахаар нь очоод тэр залуугийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Иймд шүүгдэгч Э.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн 1909011590355 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

 

          Ял шалгах хуудас /хх-ийн 20 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хх-ийн 34 дүгээр хуудас/, ажлын тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, хохирогчтой эвлэрсэн тухай баримт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

         

          Шүүх шүүгдэгч Э.С-н үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Э.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

          Хохирогч Т.Алтансүх “Э.С-тай эвлэрсэн, хохирлын хувьд маргаангүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.