Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 184/2022/01691/И |
Дугаар | 210/ма2024/01215 |
Огноо | 2024-06-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 210/ма2024/01215
2024 06 07 210/МА2024/01215
Ж.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/01474 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.А-гийн хариуцагч Э.Э, Ч.Б нарт холбогдох,
*** улсын дугаартай ********* болон *** улсын дугаартай ****** маркийн автомашинуудын эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах,
Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байрлалтай байсан 41, 44 м.кв талбайтай хувийн сууц, 19,8 м.кв талбайтай гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнээс ногдох хэсэг 11,298,330 төгрөг гаргуулах,
хамтран хариуцагч Ч.Б-д автомашин шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгаж *** улсын дугаартай ********* маркийн автомашиныг биет байдлаар Ч.Б-аас гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, Д.Б, хариуцагч Э.Э, Ч.Б, нэхэмжлэгч Э.Э-ийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: В.Э-тай 2003 онд танилцаж, 2005 оноос эхлэн 15 жилийн хугацаанд түүнийг нас барах хүртэл хамт амьдарсан. Бидний хамтын амьдралын хугацаанд дараах хөрөнгийг бий болгосон.
1.1. Миний бие талийгаачтай хамтран амьдрахаас өмнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн *** тоот хаягт байршилтай газар, хувийн сууц зэрэг хөрөнгийн өмчлөгч байсан бөгөөд уг эд хөрөнгүүдийг 2004 онд бусдад худалдаж, уг мөнгөөр Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Эрдэнэтолгойн *-* тоот хаягт байрлалтай 697 м.кв газрыг 4,200,000 төгрөгөөр худалдан авч, 2007 онд 41,44 м.кв талбайтай хувийн сууц, 19,8 м.кв гарааш зэргийг барьсан. Тухайн үед Э.Э насанд хүрээгүй байсан тул түүний оролцоо байгаагүй. Харин нөхөр болон миний наймаа хийж олсон мөнгөөр бий болсон хөрөнгө юм.
1.2. В.Э-ыг нас барсаны дараа хүү Э.Э нь газар, автомашин бусад эд хөрөнгүүдийн бүртгэлтэй байдлыг ашиглаж, “Өргөн хүрээ” ХХК-д шилжүүлж, тус компанитай миний охин О.Ж 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 4 давхарын *А тоотын 25,77 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг, мөн тухайн өдөр Э.Э гэрээг байгуулж *** дугаар байр, * давхарын 48,28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг газрын үнэд тус тус тооцож авахаар болсон. Гэтэл Э.Э нь надад мэдэгдэхгүйгээр Сити Резденс хотхоны * давхарын *С загварын 48,28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 4 давхарын *G загварын 26,76 м.кв 1 өрөө, 7 давхарын *А загварын 26,76 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг буюу нийт 101,8 м.кв талбайтай 3 орон сууцыг дангаар авахаар өөрийн нэрээр орон сууц захиалгын гэрээг шинээр байгуулсан байсан. Дээрх 3 орон сууцыг 697 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газраар сольж авсан, уг газар нь талийгаач бид хоёрын хамтын хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын өмч юм. Иймд дээрх 3 орон сууцнуудыг Ж.А хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү.
1.3. *** улсын дугаартай ********* маркийн автомашиныг өөрийн өмчлөлийн хуучин автомашиныг худалдаж, банкнаас зээл авч нийт 33,000,000 төгрөгөөр Ж.Д-гоос худалдан авсан бөгөөд уг автомашины зээлийг 2014 онд төлж дуусгаад нөхөр В.Э-ы нэр дээр гэрчилгээ авсан. Э.Э нь талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байсныг ашиглан өвлөн аваад 32,000,000 төгрөгөөр Ч.Б-д худалдсан. Хариуцагч нь уг автомашиныг надад өгөхгүй гэсэн зорилгоор Ч.Б-ы эзэмшилд дүр үзүүлсэн хэлцлийн дагуу шилжүүлснээс болж автомашиныг биет байдлаар авах боломжгүй болсон. Иймд Э.Э, Ч.Б нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, *** улсын дугаартай **** маркийн автомашиныг биет байдлаар гаргуулж өгнө үү.
1.4. *** улсын дугаартай ****** маркийн автомашиныг худалдан авсан үеэс эхлэн өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар уг автомашины шударга эзэмшигч Ж.А болохыг тогтоож, автомашины өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг Ж.А-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
1.5. Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Эрдэнэтолгойн *-* тоот хаягт байрлалтай байсан 41,44 м.кв талбайтай хувийн сууц, 19,8 м.кв талбайтай гарааш зэргийн үнээс ногдох хэсэг 11,298,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Э-ийн тайлбар, татгалзлын агуулга: Би нэхэмжлэгч, түүний охинд орон сууц өгнө гэж тохироогүй. Тухайн орон сууцны захиалгыг хийхдээ миний аав болон өөрийн өмчлөлийн газрыг авч зөрүүнд орон сууц өгсөн. Гэтэл Ж.А нь өөрийн мэтээр аашилж аавыг нас барснаас хойш маргах болсон. Би өөрийн өмчлөлийн газраа надад хамааралгүй хүнтэй хөрөнгөө хуваах шаардлага байхгүй. Мөн *** улсын дугаартай ****** болон *** улсын дугаартай ********* маркийн автомашинуудыг аав нас барсны дараа өв залгамжлалаар надад шилжиж ирсэн автомашинууд байгаа. Уг хоёр автомашиныг хэрхэн яаж худалдаж авсныг би мэднэ. Гэтэл Ж.А авна гэж дайрч байгаад үнэхээр гомдолтой байна. Ж.А нь аав бид хоёрын төлөө амьдраагүй. Иймд автомашинтай холбоотой гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.А нь *** улсын дугаартай ****** маркийн автомашиныг өнөөдрийг хүртэл надад өгөхгүй эзэмшиж ашиглаж байгаа. Би автомашинаа авна. Миний газрын үнэлгээнээс хамаарч өөртөө мөнгө авахыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бүгд миний өөрийн болон аавын өгсөн өмч хөрөнгө учраас үндэслэлгүй шаардсан өөрийнхөө зүйлийг өгч чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ч.Б-ы тайлбар, татгалзлын агуулга: Миний бие энэ хэрэгт хамааралгүй бөгөөд Э.Э-өөс *** улсын дугаартай автомашиныг худалдаж авсан. Намайг автомашиныг худалдан авахад Э.Э-ийн эзэмшилд байсан учраас хууль бус гэж үзэхгүй. Уг автомашиныг худалдан авсан нотлох баримтууд хэрэгт авагдсан тул ямар нэгэн эрхийн зөрчилгүйгээр миний өмч хөрөнгө юм гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн * дугаар хороонд баригдах Сити резидэнс барилгын төслөөс **** дугаар блокийн * давхарын *А загварын 26,76 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.А өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн * дугаар хороонд баригдах Сити резидэнс барилгын төслөөс **** дугаар блокийн 8 давхрын *С загварын 48,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 4 давхрын *G загварын 26,76 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай, ****** маркийн *** улсын дугаартай автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.А-гийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.Э, Ч.Б нарт холбогдох *** улсын дугаартай ********* маркийн *** улсын дугаартай автомашины өмчлөх эрх шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаварыг арилгуулж, автомашиныг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э-д холбогдох Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байрлалтай байсан 41,44 м.кв талбайтай хувийн сууц, 19,8 м.кв талбайтай гараж зэргийн үнээс ногдох хэсэгт 11,298,330 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,083,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-өөс 492,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.А д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Талийгаач В.Э маргаан бүхий эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн биш эсэх талаар талууд шаардлага гаргаагүй, хэн аль нь маргаагүй байхад шүүх талийгаачид ногдох хувийг 33 хувь байна гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Маргаан бүхий газар, түүний дээр бий болсон хувийн сууц, гараашийг хариуцагч Э.Э өвийн журмаар өвлөж аваагүй, хариуцагч бид нарын хэн аль нь өөрийн хөрөнгийг оролцуулан бий болгосон, хариуцагчийн эцэг В.Э-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон хэрэгт цугларсан нотлох баримтаар миний бие 3 орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй байхад шүүх өвлөгдөөгүй, өвлөгдөх үндэслэлгүй, зохигч маргаагүй, маргаанд хамааралгүй зүйлийн талаар үндэслэл муутай дүгнэлтийг хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэхдээ шүүх хөндлөнгийн байх зарчим, талуудын тэгш эрхийн зарчим зэргийг зөрчсөн.
5.2. Хариуцагч Э.Э-ийн эцэг В.Э-тай хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Гэтэл шүүх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тэнцүү биш байдлаар хувааж, дундын эд хөрөнгийг бий болгоход дийлэнх мөнгийг гаргасан намайг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.
5.3. **** улсын дугаартай ****** маркийн автомашиныг 2018 онд н.Б-гээс 14,500,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд ажилтай байсан учраас В.Э-ы нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг автомашиныг өнөөдрийг хүртэл өөрөө эзэмшиж ашигласан тул өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж үздэг. Э.Э нь уг автомашиныг авна гэж хэлж байгаагүй. Шүүх ****** маркийн автомашины эзэмшил хэзээ, хэнд анх үүссэн, хэн эзэмшиж ирсэн, хэн үнийг төлсөн талаар нэхэмжлэгчийн тайлбарыг бусад нотлох баримттай харьцуулан үзэж дүгнэлт хийхгүйгээр автомашины үнийг төлсөн болон уг автомашиныг эзэмших эрхтэй гэдгээ нотлоогүй гэх үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
5.4. Э.Э нь *** улсын дугаартай ********* маркийн автомашиныг хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэр гарахаас 9 хоногийн өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хамтран хариуцагч Ч.Б-ы нэр дээр нэхэмжлэгч надад өгөхгүй байх зорилгоор шилжүүлсэн. Хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, 32,000,000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөгийг 6,500,000 төгрөгөөр хариуцагч Ч.Б-д худалдсан дүр үзүүлсэн хэлцлийг амаар байгуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ. Энэ нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдож байхад шүүх *** улсын дугаартай ********* маркийн автомашиныг нэхэмжлэгч үнийг төлж худалдан авсан байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй, Ч.Б өмчлөгч биш гэсэн дүгнэлтийг хийсэн нь бодит байдалтай нийцээгүй. Учир нь хамтран хариуцагч Ч.Б Э ХХК-аас зээл авахдаа уг автомашиныг үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар ББСБ-ийн өмчлөлд шилжүүлсэн байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсантай холбоотойгоор бүртгэлийн ажиллагаа хийгдэхгүй байгаа болохоос Ч.Б-ы г автомашины өмчлөгч биш гэж үзсэн нь шүүх нотлох баримтыг тал нь бүрээс нь авч үзэж, бодитойгоор үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэгч миний эрх ашгийг ноцтой зөрчихөд хүргэсэн, хууль, шудрага ёсонд нийцээгүй байдлаар маргааныг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тодорхой шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлага тодруулахад тодорхой хэлдэггүй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасны дагуу 2 ба түүнээс дээш тус тусын өмчлөлд эд хөрөнгө шинээр бий болсон бол тэр өмчлөлд хамаарахгүй. Э.Э аав нь нас барахаасаа өмнө өөрийн хөрөнгүүдийг хүүдээ хуваарилж өгсөн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу дундын хөрөнгө гэж тайлбарладаг. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд дундын хөрөнгө биш гэж тайлбарлаж байна. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд гаргаж байгаа тайлбар нь хоорондоо зөрүүтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хальж маргааныг шийдвэрлэсэн гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт бүх нотлох баримтууд тодорхой авагдсан. Өөрөөр хэлбэл, Э.Э-ийн аав 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барж, нас барахаасаа өмнө Э.Э-дөө өөрийн эд хөрөнгө болох байр, орон сууцаа өвлүүлж өгсөн. Шүүх хуралдаанд гэрч нар В.Э-ы хөрөнгө болохыг гэрчилсэн. Хуваарьт хөрөнгөд өвлөх эрх шилжихгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын 2 дахь шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны эзэмшлээс буцаан шаардах эрх нэхэмжлэгч талд байхгүй. Э.Э-ийн өвлөх эрх хавтаст хэрэгт баримтаар авагдсан. Тиймээс Э.Э ийг хууль бусаар хөрөнгө эзэмшиж байгаа талаар нотолсон ямар баримт байгаа талаар тайлбарлаж чадаагүй. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд давж заалдах гомдлоо хуулийн дагуу гаргаж чадаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Э.Э-д холбогдуулан Баянзүрх дүүргийн * дугаар хороонд баригдах Сити резидэнс хотхоны **** дугаар блокийн 8 дугаар давхрын *С загварын 48,28 м.кв талбайтай 2 өрөө, 7 дугаар давхрын *А загварын 26,76 м.кв талбайтай 1 өрөө, 4 дүгээр давхрын *G загварын 26,76 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнуудын хамтрөн өмчлөгчөөр тогтоолгох,
*** улсын дугаартай ********* болон *** улсын дугаартай ****** маркийн автомашинуудын эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах,
Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байрлалтай байсан 41, 44 м.кв талбайтай хувийн сууц, 19,8 м.кв талбайтай гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнээс ногдох хэсэг 11,298,330 төгрөг гаргуулах,
хамтран хариуцагч Ч.Б-д автомашин шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгаж *** улсын дугаартай ********* маркийн автомашиныг биет байдлаар Ч.Б-аас гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байрлалтай байсан 41, 44 м.кв талбайтай хувийн сууц, 19,8 м.кв талбайтай гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнээс ногдох хэсэг 11,298,330 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараахь үйл баримтыг зөв тогтоожээ.
3.1. Ж.А нь В.Э-тай 2003 онд танилцаж, 2005 оноос хамтран амьдарсан байх ба тэднийг хамтран амьдрах хугацаанд В.Э нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвчний учир нас барсан; Хариуцагч Э.Э нь өв хүлээн авах хүсэлтийг нотариатчид гаргасан ба уг хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч С.Т нь хүлээн авч, **** улсын дугаартай ****** болон *** улсын дугаартай ********* маркийн автомашинуудыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэлийн 0252, 0253 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна,
3.2. В.Э нь нас барах хүртлээ Ж.А тай хамт амьдарч байсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/00749 дугаар шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн;
3.3. Хариуцагч Э.Э нь Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт байршилтай нэгж талбарын **** дугаартай 697 м.кв талбайтай газрыг эзэмшиж байсан ба газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан учраас гурван талт орон сууц захиалгын гэрээг эрх бүхий этгээдтэй Э.Э байгуулж, гэрээний дагуу Сити резидэнс хотхоны барилгын төслөөс *** дугаар блок * давхарын *С загварын 48,28 м.кв 2 өрөө байр, 7 давхарын *А загварын 26,76 м.кв 1 өрөө байр, 4 давхарын *G загварын 26,76 м.кв 1 өрөө байр, нийт 3 орон сууц авахаар тохиролцсон;
4. Маргаан бүхий 3 орон сууцыг В.Э , Ж.А , Э.Э нар дундаа хэсгээр өмчлөх эрхтэй боловч тухайн хөрөнгийн үнийн дүнгийн 33 хувиас дээш хэмжээгээр дундын өмчийг шаардах эрхтэй гэх байдлаа нэхэмжлэгч нотлоогүй байх ба тэрээр өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардаагүй тул шүүх Баянзүрх дүүргийн * дугаар хороонд баригдах Сити резидэнс хотхоны барилгын төслөөс **** дугаар блокийн 7 давхарын *А загварын 26,76 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.А өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн хэсгийг хариуцагч нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дүгнэхгүй.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасан дундаа хэсгээр өмчлөгчийн эрхийн шаардах эрхийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан өөрчлөлтийг оруулна.
5. Ж.Д-ийн өмчлөлийн *** улсын дугаартай ********* маркийн автомашиныг Ж.А нь 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Х” ХК-ийн лизингийн үйчилгээгээр худалдан авч, зээлийг төлж 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр В.Э-ы өмчлөлд бүртгүүлсэн байх ба 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нотариатчаас олгосон 252 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Э.Э тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгджээ.
Э.Э, Ч.Б нарын хооронд автомашины өмчлөх эрх шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр байх тул хариуцагч Ч.Б-ы г Тоёота ланд круйзер прадо-120 /Toyota Land Gruiser Prado120/ маркийн автомашины өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хүсэл зориг нь ********* маркийн автомашиныг биет байдлаар нь гаргуулах гэж тайлбарлаж байгаа боловч гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн тохиолдолд ногдох хэсгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар шаардаж байгаа гэж үзэж болохоор байна.
Хэрэгт Ж.А-гийн эзэмшлийн Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ж.Д-ийн Хаан банкин дахь 5003537321 тоот дансанд 36,456,000 төгрөгийг “Амарзаяа автомашины үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, “Хаан банк” ХК-аас Автотээврийн үндэсний төвд “...Ж.А нь эд хөрөнгө худалдахад банкны үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж Ж.Д-гоос худалдан авсан тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус банкны нэр дээр шилжүүлэх” тухай тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан байна. /хх-7, 85/
Эдгээр баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч Ж.А нь В.Э-тай хамтын амьдралтай байсан цаг хугацаанд уг автомашиныг худалдан авахад өөрийн мөнгөн хөрөнгийг худалдагчид шилжүүлж байсан тул нэхэмжлэгч нь өөрийн оруулсан хөрөнгийн 50 хувийг тээврийн хэрэгслийн тал хувийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ж.А нь маргаан бүхий ********* маркийн автомашиныг худалдан авахдаа буюу өөрийн харилцах банкин дахь данснаас зарлагын гүйлгээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул түүний худалдан авахад зарцуулсан 36,456,000 төгрөгийг Ж.А , Э.Э нарт тэнцүү хэмжээгээр хуваахад нэхэмжлэгчид 18,228,000 төгрөг ногдож байх тул хариуцагч Э.Э-өөс автомашины үнийн тал хувь болох 18,228,000 төгрөгийг гаргуулж Ж.А д олгосон өөрчлөлт оруулна.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос дараах хэсгийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.1. Хариуцагч Э.Э нь 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр анх газар эзэмшигчээр бүртгэгдэж, улмаар уг газар эзэмших эрхийг “Баганат өргөө” ХХК болон Нийслэлийн Засаг даргыг төлөөлөн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга нартай 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт байгуулсан гэрээг үндэслэн маргаан бүхий орон сууцнуудыг арилжиж авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул шүүх Баянзүрх дүүргийн * дугаар хороонд баригдах Сити резидэнс хотхоны барилгын төслөөс *** дугаар блок * давхарын *С загварын 48,28 м.кв 2 өрөө орон сууц, 4 давхарын *G загварын 26,76 м.кв 1 өрөө орон сууцыг хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6.2. Нэхэмжлэгч Ж.А нь “...**** улсын дугаартай ****** маркийн автомашиныг иргэн Б.Б-гээс 14,600,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж тайлбарласан боловч тухайн хөрөнгийг худалдан авах мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас өв залгамжлалийн журмаар хариуцагч Э.Э-ийн өмчлөлд нэр шилжсэн хөрөнгийг хамтран өмчлөгчөөр тогтоох боломжгүй тул шүүх **** улсын дугаартай ****** маркийн автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Нэгэнт 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нотариатчаас олгосон 252 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Э.Э уг автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн тул нэхэмжлэгч Ж.А г ****** маркийн автомашины шударга эзэмшигчээр тогтоох боломжгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/01474 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн * дугаар хороонд баригдах Сити резидэнс барилгын төслөөс **** дугаар блокийн * давхарын *А загварын 26,76 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.А өмчлөх эрхтэй болохыг тогтоож, *** улсын дугаартай ********* маркийн автомашины үнийн тал хувь болох 18,228,000 төгрөгийг хариуцагч Э.Э-өөс гаргуулж нэхэмжлэгч Ж.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн * дугаар хороонд баригдах Сити резидэнс барилгын төслөөс **** дугаар блокийн 8 давхрын *С загварын 48,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 4 давхрын *G загварын 26,76 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, ****** маркийн *** улсын дугаартай автомашины шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж, 2 дахь заалтын “...492,450” гэснийг “742,040” гэж,
4 дэх заалтыг 3 гэж, 6 гэж хоёр дугаарласны эхний 6 дахь заалтыг 4 гэж, сүүлийн 6 дахь заалтыг 5 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,236,284 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН