| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0047/э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2019-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.М даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Ц.Сүхбат;
хохирогч: Э.С;
шүүгдэгч: Ц.Д, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Дд холбогдох эрүүгийн 1809021301134 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, охины хамт ............ 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 67 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Авзагын байрны 25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........ регистрийн дугаартай, Боржигон овогт ЦД.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран молл” дэлгүүрийн автомашины зогсоол дээр иргэн Э.Сыг “учраа олж, ярилцъя гэхэд уурлаж явах гэлээ” гэж уурлан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: Стай Польш улсад байхдаа сайн найзууд байсан. Монголд ирээд муудалцах шалтгаан гараад бид хоёр муудалцсан. 2018 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө найз Стай “Наран молл” дэлгүүрийн орчим маргалдсан шалтгаан нь хоёр талтай байсан. Үүний гэрчээр нь М байсан. Бид хоёр хоёулаа гэмтсэн. Миний нүүр ам бас хавдсан байсан. Бид хоёрын хэн нэгэнд гэмтэл учирсан бол хохирлыг би төлөх нь зөв гэдгийг мөрдөгч Гангантөгст хэлсэн. Эхний мэдүүлэгт буруутай гэж хүлээн зөвшөөрсөн боловч үүнийг хоёр талтай гэдгийг гэрч М мэдэж байгаа. Тэр мэдүүлгийг ашиглаад С шууд намайг зодсон болгоод ярьж байна. Эхний уулзалт, 2 дахь уулзалтан дээрээ би гэмтлийн мөнгө төгрөгийг нь “би төлье” гэж хэлсэн. С тухайн үед гэмтэж бэртээд ажилдаа явж чадахгүй байсан юм бол хүүхдийн зуугийн тэнд архи уугаад согтууруулах ундаа хэрэглээд яваад байсан нь гэмтэж бэртээд ажилдаа явж чадахгүй байсан гэдэгт итгэхгүй байна. Надаас илүү мөнгө авах гэж байгаа гэж бодож байна. Би ажилдаа яваагүй гэсэн 800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эмчилгээний зардлыг өгнө. Хоёр талтай болсон үйл явдлыг өөр дээрээ хүлээн авч илүү мөнгө авах гээд байгаа нь надад таалагдахгүй байна. Тухайн хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийг хүсэж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С мэдүүлэхдээ: Тухайн өдөр над руу М залгаад “уулзъя, уулзаагүй удсан байна” гээд хүүхдийн 100-ын “Наран молл” дэлгүүрийн тэнд уулзсан. Тэгэхэд М, Дтай хамт ирсэн. Би жолоо бариад М миний хажууд, хойно Д сууж байсан. М “танай тэр хамтлагийнхан чинь хэний дургүйг хүргэсэн юм бэ, найз нь ингэж хүн дарамталдаг болсон. Надад 5.000.000 төгрөг хүн өгсөн. Одоо яах уу, нөгөөдүүлээ дууд нэг хүнийг шээс алдуулъя” гэж хэлсэн. Би “юун кино шиг юм яриад байгаа юм бэ, чамайг аваад тоглолт руу явъя” гэсэн чинь М “чи намайг тоглож байна гэж бодоод байна уу хөөе” гэсэн. Тэгээд Д хойноос намайг бугуйгаараа боогоод авсан. Тухайн үед найзтайгаа уулзах гээд ирсэн хүн чинь шоконд орсон. М, Ц.Д 2 намайг айлгаж сүрдүүлээд “машинаа бариад яв” гэж хэлсэн. Тэгээд Корпэйтийн гадаа ирээд нөгөө хэдийг дуудсан. Гарьдаа гарч ирээд Дг таньдаг болохоор гар барих гээд ирэхэд Д мэндийн зөрүүгүй цохиод авсан. Дараа нь Төгөлдөр найз охинтойгоо юу болж байгааг мэдэхгүй гарч ирэхэд Д бас цохиж унагаасан. М хэнд ч гар хүрээгүй ч гэсэн орилж хашиграад байсан. Мөн нэг жолооч гээд хүн ирсэн байсан. Дараа нь Жавхаа гарч ирээд “энд юу болоод байна аа” гэсэн чинь Д түүнийг цохиход “чи намайг цохидог хэн бэ” гээд Дг зөрүүлээд цохьсон. Д Жавхааг цохиж унагаагаад Жавхаа, Төгөлдөр, Гарьд гурвыг суулгасан байсан. Тэгээд М, Д, жолоочтойгоо “цагдаад хэлэх юм бол дэмий шүү, гэр орныг чинь мэдэж байгаа” гэж хэлсэн. Миний нүүр ам хавдсан байсныг Д мэдэж байгаа. Энэ талаарх зураг надад байна. Бидний хооронд харилцан зодоон болсон зүйлгүй. Миний нэхэмжилсэн толгойны рентген зураг авахуулахад 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг, гэмтлээс болоод ажилдаа явж чадаагүй 14 хоногийн мөнгийг нэхэмжилж байна. Миний нэхэмжилсэн мөнгөн хохирлыг төлөх юм бол шүүхээр явахыг хүсээгүй. Энэ тухай хүсэлтийг прокурорт хэлсэн. Нэхэмжилсэн мөнгөө авах хүсэлтэй байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.С /хх-ийн 12-13, 16/, гэрч Б.М /хх-ийн 17-18/, Г.Төгөлдөр /хх-ийн 19/, Ц.Дгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5594 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, Ц.Дгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Наран молл” дэлгүүрийн автомашины зогсоол дээр Э.Сыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Сын /хх-ийн 12-13, 16/: “... Би 2018 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 01 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран их дэлгүүрийн гадаа автомашины зогсоол дээр очиход М нь Д гэдэг залуугийн хамт миний машинд суусан. Д нь мөн адил Польш” Улсад хамт сурч байсан. Намайг хөдлөх гэсэн чинь М “хөөе чи байж бай, машинаа ийшээ зогсоол руу тавьчих, ярих юм байна” гэхээр нь зогсоол руу орж зогссон..., надад учирсан гэмтлийг Ц.Д учруулсан. Намайг өөр хүн цохиж зодоогүй. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Наран их дэлгүүрийн автомашины зогсоол дээр байхдаа машин дотор намайг зодсон... Гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 17-18/: “... Д Ст хандаж “чи өөрөө найз нараа сонгоо биз дээ” гээд гомдсон үг хаяад эхэлсэн. Энэнээс болж маргаад эхэлсэн. С уурлаад машинаа ухрах араанд хийх үед нь би арааг нь пи дээр түлхэж зогсоосон. Би Ст “та 2 зүгээр учраа олоод зүгээр бололдоо, найзууд байж” гэсэн чинь Д араас Сын дагз руу алгадсан. Д Сыг цохиод эхэлсэн...” гэх мэдүүлгээр/,
гэрч Г.Төгөлдөрийн /хх-ийн 19/: “... гараад С дээр очиход зодуулчихсан байдалтай нүүр нь хавдчихсан, хамар нь далийсан байсан...” гэх мэдүүлгээр,
Ц.Дгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 33/: “... Бид эхлээд мэнд мэдэлцээд ойр зуурын юм ярилцсан. Би Саас “танай Дөлгөөн чинь хаана байдаг юм бэ” гэсэн чинь “Японд байгаа” гэсэн. Би “танай хэдтэй уулзмаар байна, учраа олъё” гэсэн чинь С “наадах чинь надад ерөөсөө хамаагүй” гээд машинаа хөдөлгөсөн. Энэ үед М машины арааг нь өөрчилж зогсоосон. С их уурласан. Энэ үед нь би Сын хацар руу нь баруун гараараа алгадсан. С машинаа хөдөлгөөд явах гээд байхаар нь би “байж байгаа ч дээ” гэсэн чинь өөдөөс уурлаад байсан. Тэгэхээр нь би Сыг гарынхаа араар 2-3 удаа алгадсан. Түүний мөр, цээж, толгой орчимд хэд хэдэн удаа цохисон. Сын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Стай их дотны найзууд байсан. М “боль, болиоч ээ” гэж хэлээд салгах оролдлого хийж байсан...” гэх мэдүүлгээр,
“... Э.Сын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун чихний дэлбэн, баруун хацрын цус хуралт, доод эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, цус хуралт” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5594 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ц.Дгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ц.Дгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Саас гэм хорын хохиролд нийт 853.879 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний нийт 128.000 төгрөгийн баримтад заасан төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.
Харин хохирогч Э.Сын ажилгүй байсан хугацааны цалин гэх 725.879 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа (ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа, хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх баримтууд) бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Дд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт ЦДг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгаас нийт 128.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ст олгож, хохирогч Э.Сын ажилгүй байсан хугацааны цалин гэх 725.879 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ