Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 5419

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж, 0163 тоотод оршин суух /РД:ХК60102019/ Боржигон овогт Мятавын Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгий 37 дугаар гудамж, 17 тоотод оршин суух /РД:ИЭ80042412/ Зээрд адуу овогт Чойндонбалын Болдбаярт холбогдох,

 

400,000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Эрдэнэбаатар миний бие өөрийн найз Сүхбатын танил Ч.Болдбаярын хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай түр хэрэглүүлсэн юм. Тухайн үед Ч.Болдбаярт мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Ингээд хэлсэн хугацаандаа мөнгийг маань буцааж өгөхгүй байсан тул удаа дараа шаарддаг байсан, шаардах бүрт одоогоор мөнгөгүй байна,түр хүлээчих, банкнаас зээл гарах гэж байна, тэгэхээр өгнө гэхчлэн хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч.Болдбаяраас мөнгө өгөхийг шаардаж уулзах үед мөн л удахгүй өгнө гэсэн ба миний зүгээс Ч.Болдбаярыг бэлнээр 500.000 төгрөг авсан гэдгээ бичгээр үйлдэж баримт өгөөч гэж хүссэний дагуу Ч.Болдбаяр нь өөрийн Иргэний үнэмлэхний лавлагаан дээр 500,000 төгрөг бэлнээр авсан нь үнэн гэж бичиж өгсөн юм. Ч.Болдбаяр нь мөнгийг авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл 3 удаа утсаа сольж, ямар нэгэн байдлаар холбоо барихгүй алга болдог.Тухай бүрт нь таньдаг хүмүүсээс нь сураглан, эхнэрхийх нь ажил дээр очиж холбоо барих шинэ дугаарыг нь олж авдаг байсан юм. Удаа дараа нэхүүлж, маш их чирэгдүүлж байж нэг удаа 100,000 төгрөг эргүүлж төлсөн юм. Ч.Болдбаяр нь эхэндээ удахгүй өгнө, хэд хоног хүлээчих гэдэг байснаа сүүлийн үед эхнэр Чулуунсүрэнтэйгээ нийлж, өгдөг газраа өг, чаддаг юм бол шүүхээрээ яваад ав гэхчлэн илтэд хууль бус аашилж, буцааж мөнгийг төлнө гэсэн ямар ч санаа зорилгогүй байх тул арга буюу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ

Хариуцагч Ч.Болдбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  М.Эрдэнэбаатараас 500,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ч.Болдбаяр би бэлнээр авсан. 2016 оны 05 сард 50,000 төгрөг өгсөн, 2016 оны 06 сард 150,000 төгрөг өгсөн, 2016 оны 08 сард 100,000 төгрөг өгсөн. 2016 оны 08 сарын 12-нд үлдсэн 200,000 төгрөгийг төлж дуусгана.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар нь хариуцагч Ч.Болдбаярт холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Болдбаяр нь 200,000 төгрөг төлсөн, үлдсэн 200,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлж дуусгана гэснийг нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

 

Хариуцагч Ч.Болдбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ч.Баярболдод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.Болдбаяр нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарын 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 200,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 200,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлж дуусгана гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ч.Болдбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийн 6,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 6,325 төгрөгийг, хариуцагч Ч.Болдбаяраас 6,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР