Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2024/01216

 

 

 

 

 

 

 

 

    2024          06            07                                        210/МА2024/01216

 

 

М,

Д.Б, Ц.А, Х.У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М, Д.Б, Ц.А, Х.У нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК-д холбогдох,

Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгч М, Д.Б, Х.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: А ХХК нь ТЭЗҮ, БОНБНҮнэлгээ зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд “...уурхайгаас Бургастай боомт хүртэлх баяжмал тээвэрлэх замыг хатуу хучилттай байдлаар шийдвэрлэнэ, байгаль орчинд хор хохиролгүй үйл ажиллагааг явуулна” гэж тусгасан. Уулын баяжуулах Таян нуурын хүдрийн уурхайн үйл ажиллагааны тэсэлгээ, дэлбэлэлт, бутлалт, шигшилт, ангилан ялгалалт, угаалт, 80-120 тн-ын хүнд даацын автомашины сүлжилдэх дуу чимээ, шороо тоосноос байгаль орчин бохирдон, нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болсон. Иймээс нутгийн удирдлагууд, малчид, байгаль хамгаалах дүрмийн зорилго бүхий ТББ-уудаас төрийн захиргааны болон хууль шүүхийн байгууллагуудад хандсан удаа дараагийн гомдол, хүсэлт, өргөдөл, шаардлагын хүрээнд холбогдох яамд, агентлагууд, ХЭҮКомисс удаа дараа ажлын хэсэг гарган төмрийн хүдрийн уурхай болон баяжуулах үйлдвэр дээр очиж шалгалт хийн танилцаж албан шаардлага, мэдэгдэл өгч байсан байдал сайжраагүй байна. Энэ уурхайн үйл ажиллагааг явуулахад олон улсын стандартаар авто зам тавихаар тусгасан байтал өнөөдрийг хүртэл зам тавиагүй байгаа. Шүүхийн журмаар үзлэг хийлгэхэд “...168 км замаар явж бургастайн боомт ороход тоосжилт ихтэй, үүний улмаас осол аваар гарахаар их хэмжээний хохиролтой байсан болох нь үзлэгээр тогтоогдсон. 2013 онд “Газар дэлхий” ХХК-аар тооцуулан, хүлээн авсан. Уг хохирлыг барагдуулах талаар А ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.4-т заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал болох ургамлын нөмрөгт учруулсан хохирол 5,548,592,805 төгрөг, газрын хөрсөнд учруулсан хохирол 3,285,300,000 төгрөг, газрын нөөцөнд учруулсан хохирол 549,600 төгрөг, агаарын чанарт учруулсан хохирол 1,596,394,884 төгрөг, техникийн нөхөн сэргээлт хийхэд 30,441,400 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 331,953,600 төгрөг, ажлын зардал 10,000,000 төгрөг, нийт 10,803,232,289 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2013 онд гаргасан Байгаль орчны хохирол гэх зүйлийг А ХХК -аас өнөөдөр нэхэмжлэх ёсгүй. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу 2 жил тутам аудит хийлгэн зөвлөмж биелүүлэн ажилладаг. Харин уурхайн үйл ажиллагаа хаагдсан, компанийн үйл ажиллагаа зогссон үед холбогдох нөхөн сэргээлтээ хийгээгүй бол байгаль орчны улсын байцаагч хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах үүрэгтэй. Гэтэл А ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн жил бүр нөхөн сэргээлтийн ажлаа хийж явсаар байна. “Газар дэлхий” ХХК-аар хийлгэсэн тайлан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу хохирол тооцогдоогүй бөгөөд энэ нь тухайн үед Улсын Мөрдөн байцаах газрын захиалгаар Байгаль орчны яам байгаль хамгаалах сангаас зардлыг нь гарган хийлгэсэн талаар байгаль орчны яамнаас бидэнд мэдэгдсэн. Тайланг албан ёсоор компанид хүргүүлж, хохирол төлөхийг шаардаж байгаагүй. Улсын мөрдөн байцаах газраас байгаль орчинд учруулсан хохиролтой холбоотой гэмт хэрэг байгаа эсэхийг шалгахад уг тайланг ашигласан бөгөөд эрүү үүсээгүй тул хэрэг хаагдсан байна. Байгаль орчны яамнаас өөрсдийн санаачилгаар хохирол тооцуулаагүй бөгөөд энэ хохирол гэх зүйл нь жил бүр өөрчлөгдөж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.4-т заасны дагуу нөхөн сэргээлтийн зардлаар ариладаг гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Түүнчлэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна гэснээс харахад нэхэмжлэгчид тооцоолох эрхгүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дахь хэсэгт зааснаар компанийн үйл ажиллагаа зогсож  хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн бол уг асуудлыг шийдвэрлэх процессыг заахдаа байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан төлбөрийг барагдуулах үүрэгтэй, барагдуулаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр хандах журамтай байна. Тус маргааны нэхэмжлэлийн шаардлага нь зам тавиагүйгээс хохирол учирсан гэсэн агуулгатай байгаад байна. Гэтэл Г ХХК-ийн хохирлын дүгнэлтээр “...зам тавьбал хөрс байхгүй болно, ургамалд ингэж нөлөөлнө гэсэн агуулгаар гаргаад байгаа нь буруу, хоорондоо зөрүүтэй байна. Харин И ХХК-ийн дүгнэлт бодитой гарсан. 10 тэрбум төгрөгийн хохирол нь зам тавиагүйгээс гараад байгаа хохирлын үнэлгээ биш, зам тавьбал ийм хэмжээний хохирол учирна гэсэн дүгнэлт юм. Бид яамтай тохиролцоонд хүрч чадаагүй учраас зам тавигдаагүй. Анх Тэзү батлагдахад зам барих асуудал байгаагүй, сүүлд өөрчлөлт орсон. Мөн өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагаа зогссон, хаагдаад удаж байгаа. Хариуцагчаас зам тавихын тулд карьер гаргасан, түүнээс зам тавиагүй учраас карьер гараагүй юм. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, зам тавиад үүсгэсэн хохирол гэсэн бол өөр байсан. Зам тавих гээд үүсгэсэн карьерыг хохирол гээд нэхэмжлээд байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар А ХХК -аас байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 54,174,112 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах өгнө үү” гэх хүсэлт гаргасан. Мөн хариуцагчийн зүгээс өмгөөлүүлэх эрхээр хангуулах зорилгоор өмгөөлөгч Т.П-ыг авч, “.хэргийн материалтай танилцах хугацаа олгож, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, мөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг дэмжсэн. Гэтэл шүүхийн зүгээс зохигчдын гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явагдсан зохигчдын хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн.

4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардаж буй байгаль орчинд учруулсан хохирлыг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны зохицуулалт буюу Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн ойлгомжгүй байна. Хэрэв анхан шатны шүүх бусдын эд хөрөнгөд буюу төрийн өмчид хохирол учирсан гзж үзэж байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заалтыг анхаарч үзэх ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол, зөрчигдөөгүй хуульд зааснаар нэхэмжлэгч нар төрийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байна. Гэтэл анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг баримталж, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзсэн үндэслэлгүй. Хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байдал үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нар нь хуульд заасан ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаарх тайлбар мөн тайлбараа дэмжсэн нотлох баримт хэргийн материалд хэрэгт авагдаагүй.

4.2. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно гэж дурдсан боловч уг нэхэмжлэл хамаарахгүй байхад шүүх улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй. Уг нэхэмжлэлийг прокурор гаргаагүй иргэн болон төрийн бус байгууллага гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах ёстой байсан.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.2.4-т зааснаар иргэдийн төлөөлөгч нь цахим хэрэгсэлд тавигдсан батлагдаагүй мэдээ уншиж, хэргийн материалд авагдаагүй үйл баримт ярьж шүүх хуралдаанд дүгнэлт өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ноогдуулахаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт заасан байдаг бөгөөд Төрийн бус байгууллага болон иргэнд нөхөн төлбөр ноогдуулах эрх олгогдоогүй байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд байгаль орчны хяналтын улсын байцаагч болон өөр эрх бүхий этгээдээс А ХХК-д байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсны нөхөн төлбөр ноогдуулсан зүйл байхгүй.

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон И ХХК нь хохирлын хэмжээг 1,895,660 төгрөг гэж тогтоосон байх боловч шүүхийн зүгээс өөрийн томилсон уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн. Ингэхдээ И ХХК-ийн тайланд 2014-2018 оны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн байгаа нь тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, цаг хугацааны хувьд тохирохгүй байна гэж үзсэн.  Анхан шатны шүүх өөрийн томилсон шинжээчийн дүгнэлтийг илт үгүйсгэж шүүхийн шийдвэрт тусгаж байгаа үндэслэлгүй байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШТ2018/00012 дугаартай Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн тогтоолд дурдсанаар И ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргасан.

4.5. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгож буй 2013 онд Г ХХК-ийн гаргасан үнэлгээ нь өөрөө хохирол тооцох үндэслэл бүхий нотлох баримт болж чадахгүй. Хэдийгээр энэхүү үнэлгээг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас захиалж хийлгэсэн гэх боловч уг  үнэлгээний дагуу ямар нэгэн хохирол нэхэмжилсэн зүйл төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, сумын зүгээс байхгүй болохыг нотолсон тодорхойлолтууд хэрэгт авагдсан байдаг. Шүүх үүн дээр дүгнэлт өгөөгүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д тодорхой заасан бөгөөд энд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа яригдаагүй тул байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохын тулд байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн эсэх, хэтрүүлсэн бол үүнийг хэрхэн тогтоох асуудал яригдах ёстой. Түүнчлэн байгаль орчны чадавхын тогтоосон хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн эсэх талаар ямар нэгэн материал хэрэг байхгүй болохыг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан цаг хугацаанаас хойш 2 жилийн дараа хэргийг дахин шийдвэрлэсэн. Энэ хугацаанд шүүх хуралдаан хэд, хэдэн удаа товлогдсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.11-д заасны дагуу энэхүү боломжийг хангалттай хангасан тул мөн хуулийн  34 дүгээр зүйлийн 34.3.10-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хангаагүй нь үндэслэлтэй.

5.1. Хариуцагч тал хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулсан гэж маргадаг. Өөрөөр хэлбэл, А ХХК нь 2008 оноос 168 км замаар тээвэр хийхдээ авто зам тавина гэсэн анхан шатны байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Олон улсын валютын сангаас авсан зээлийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд авто зам тавина, дэд бүтэц татах ажил хийгээгүй буюу эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж шүүх үнэн зөв, бодитой дүгнэсэн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлыг мөнгөөр төлөх шүүхийн шийдвэр гарсан. Байгаль орчныг хамгаалах тухай  хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасантай нийцсэн шийдвэр гарсан.

5.2. Нэхэмжлэгч нар нь 2012 оны Байгаль орчны багц хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчлэлээр оруулсан зүйл заалтын дагуу нэхэмжлэл гаргасан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.5.1, 12.5.2, 12.2.2, 12.2, 54 дүгээр зүйлийн 54.2, 64 дүгээр зүйлийн 64.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу төсөвт оруулж байгаа мөнгө юм. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, уур амьсгалын сан буюу Засгийн газрын тусгай санд оруулж мөнгө улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэсний дагуу шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан.

5.3. Иргэдийн төлөөлөгч үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг гаргасан. Шүүх улсын байцаагчаас ногдуулсан нөхөн төлбөр гэж дүгнээгүй. Харин байгаль орчинг доройтуулсантай холбоотой хохирол гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс 2 удаа шийдвэр гаргахдаа байгаль орчинд учирсан хохирлыг үнэн зөв, бодитоор шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасанд нийцсэн.

5.4. 2014 оноос 2018 оны 07 дугаар сарыг хүртэл хугацааг хамруулсан. Гэтэл Г ХХК-ийн дүгнэлт 2013 онд гарсан. Цаг хугацаа, орон зайн хувьд 2013 оны байдлаар байгалийг доройтуулж, гэмтээсэнтэй холбоотой экологийн хохирол тооцсон. И ХХК нь 2014 оноос 2018 оны 07 дугаар сарыг хүртэл хугацааг хамруулан агаарын чанарын хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 дугаар тогтоолоор Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу тооцож, нийт хохирлын хэмжээ 1,895,660 төгрөг болж байна. Тоосжилт ихээр үүссэн, хатуу хучилттай зам болгох саналуудыг иргэд өгсөн гэх дүгнэлт байдаг бөгөөд энэхүү дүгнэлттэй холбоотойгоор талууд хангалттай маргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримт тодорхойлох дүгнэлт гараагүй. И ХХК-ийн дүгнэлттэй холбоотойгоор 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0678 дугаар магадлалаар И ХХК-ийн зөрүүг арилга гэдэг үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Г ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын үр дүн дууссан. Гэтэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д заасан хохирол байгаль орчинд учруулаагүй гэдгээ нотолж чадаагүй. 2008 оноос 2011 оны хооронд болсон үйл явдлын дагуу анх хохирол нэхэмжилсэн бөгөөд түүнээс хойшхи хохирол нэхэмжлээгүй. Үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг муутгаж, доройтуулж байна гэх үндэслэлээр хохирол шаардсан. Нөхөн төлбөрийн асуудал огт яриагүй. А ХХК нь зам тавилгүйгээр олон жил тээвэрлэж, байгаль орчинд хор хохирол учруулсан, нөхөн сэргээлт хийгээгүй. Булаг, рашаан, худаг бүгд ширгэсэн. Гэвч бид нар өөрт учирсан хохирлыг хариуцагч байгууллагаас шаардаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч М, Д.Б, Ц.А, Х.У нар нь хариуцагч А ХХК-д холбогдуулан байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчдын хооронд А ХХК -ийг Говь-Алтай аймгийн Цээл суманд Таяннуурын уурхайг эзэмшиж, ашиглах явцдаа хатуу хучилттай зам тавиагүйгээс байгаль орчинд хохирол учирсан эсэх асуудал маргааны зүйл болжээ.

4. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00678 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн  ба уг магадлалыг Улсын дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2022/00591 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.

4.1. Дээрх магадлалд “2013 онд Г ХХК-ийн гаргасан “Таян нуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168.3 км шороон автозамын байгаль орчны хохирлын үнэлгээний тайланд “...”А” ХХК-ийн Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168,3 км шороон авто замын 924,0439 га талбайн ургамлан нөмрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ 1,109,718,561 төгрөг, газрын хөрсөнд 1,095,100,000 төгрөг, газрын нөөцөнд 183,200 төгрөг, агаарын чанарт 1,596,394,884 төгрөг, нийт 3,801,396,645 төгрөг” гэж, шүүхээс томилогдсон шинжээч И ХХК-ийн 2018 оны хохирлын үнэлгээний талаар гаргасан дүгнэлтэд “...Таяннуурын уурхайгаас баяжмалыг Бургастайн боомт хүртэл 168,3 км сайжруулсан замаар тээвэр хийж байсан үе буюу 2014 оноос 2018 оны 07 дугаар сар хүртэлх хугацааг хамруулан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу тооцоход нийт хохирлын хэмжээ 1,895,660 төгрөг” гэж хохирлын хэмжээг илтэд зөрүүтэй гэж дүгнэснийг “...үнэлгээний тайлан болон шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага гаргахдаа өөр, өөр зүйлийг шинжилгээний зүйл болгон дүгнэсэн, хохирлын хэмжээ илт зөрүүтэй, маргааны үйл баримт эргэлзээгүй, бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

Анхан шатны шүүхэд хэрэг шилжсэнээс хойш 2 жилийн хугацаанд магадлалд дурдсан алдааг арилаагүй, хохирлын хэмжээг хэдэн төгрөг болохыг тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа зохигч талуудаас шинжээч томилуудах тухай хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 тоот тогтоолд дурдсан “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” гэдгийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ажиллагаанд “...хэрэг, маргаанд нэмэлт эсхүл дахин шинжээч томилох шаардлагатай” гэсэн үндэслэлийг хамааруулахаар тайлбарласныг анхаараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдож байхад мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж, дахин шинжээч томилох боломжтой байжээ.  

Анхан шатны шүүх Давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/00678 дугаар магадлалд заасан ажиллагааг гүйцэтгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасан ноцтой зөрчил гэж үзнэ.

4.2. Мөн нэхэмжлэгч тал байгаль орчинд хохирол учруулсан хохиролтой холбоотойгоор арбитрын шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах, бүрдүүлэх үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,174,112 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНДАЛБАЯР

 

 ШҮҮГЧИД                             С.ЭНХБАЯР

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН