| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0149/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Р.Батнасан,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809022840907 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Жаргалант 4 дүгээр гудамж 37 тоотод оршин суудаг,
2012 оны 3 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2013 оны 6 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 21-нд эдлээгүй үлдсэн 11 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2017 оны 01 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
2018 оны 08 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б.С, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.С нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 5 давхарт цоожилж байрлуулсан байсан иргэн Д.Пүрэвсүрэнгийн “Мэрида” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд “...Яллах дүгнэлтэд хайч байсан гээд байгаа би хайч барьж ороогүй, унадаг дугуй нь цоожлоогүй задгай байсан...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын урд талд байрны 5 давхраас цэнхэр алаг өнгийн унадаг дугуйг хулгайлсан.…” гэсэн мэдүүлэг /хх-26/,
Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн “…2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн унадаг дугуйг 09 цагт гэрээсээ унаж гараад гадуур явж байгаад 18 цаг 45 минутад гэртээ ирсэн тэгээд өөрийн унадаг дугуйг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 55 дугаар байрны 5 давхрын хойд хэсэгт дулааны шугамын трубанаас дугуй цоожлогчоор цоожлоод гэртээ гадагшаа яваад өгсөн ба орой 23 цаг 40 минутад гэртээ ирээд лифтнээс буугаад 5-н давхартаа дугуйгаа хартал миний унадаг дугуй хулгайд алдагдсан байсан тиймээс би цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний унадаг дугуй бол Мерида брендийн цагаан цэнхэр өнгийн алаг дугуй байсан. Миний дугуй нь 8-н араатай шимано тоноглолтой дугуй байсан. Би дугуйгаа өвөл 2 сараас эхлүүлэн унаж эхлээд л тэндээ цоожлоод л тавьчихдаг байсан. Манай орц нь жижүүртэй нэг давхартаа хяналтын камер байдаг уг хяналтын камерыг үзэхэд 19 цаг 41 минутад үл таних эрэгтэй хүн манай орц руу ороод 19 цаг 45 минутад аваад гарч байгаа бичлэг байсан уг бичлэг нь манай орцны камерт бичигдсэн байгаа …” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-21-22/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-35-40, 55-67/, СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-41-42/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 5 давхарт цоожилж байрлуулсан байсан иргэн Д.Пүрэвсүрэнгийн “Мэрида” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Сын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Сын дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Сыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Сын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Пүрэвсүрэнд 762.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгчээс 762.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Пүрэвсүрэнд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Сын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Б.С нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 1236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Шүүгдэгч Б.Сын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 5 давхарт цоожилж байрлуулсан байсан иргэн Д.Пүрэвсүрэнгийн “Мэрида” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 762.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг тогтоож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын энэ хэрэгт цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, шар өнгийн 1 ширхэг төмөр зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тус ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Б.С 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1236 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ сар 4 /дөрөв/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саас 762.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Пүрэвсүрэн (РД:)-д олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, шар өнгийн 1 ширхэг төмөр тасдагчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР