| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/05424/и |
| Дугаар | 5424 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 5424
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 50-мянгат, Хан талстын 12 байр, 1 тоотод оршин суух /РД:ХД77102811/ Мэргэн шандас овогт Батсүхийн Бүрэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ хотхон” 203 дугаар байр, 25 тоотод оршин суух /РД:ТЖ72101815/ Чонот овогт Чинбаатарын Тамирт холбогдох,
610 ширхэг обойны үнэ болох 18,300,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 оны 06 сард иргэн Бүрэнжаргал нь иргэн Тамирт Солонгос обой нийлүүлэхээр харилцан тохиролцож, Тамир өөрийн барилгад нийлүүлэх обойн сонголт хийхээр каталоги авч явсан байдаг. 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Тамир 4 дүгээр хорооллын модны 2-т баригдаж байгаа барилгын план зураг, захиалгын хуудас зэргийг үзүүлээд шинээр ирсэн обойноос сонголт хийгээд 1 ширхэгийг нь 30,000 төгрөгөөр худалдан авах обойгоо ялгаж тавиад явсан ба дараа өдөр Бүрэнжаргалын обойны дэлгүүр дээр ирээд сонгосон обойноосоо 120 ширхэг обойг дэвтэр дээр гарын үсэг зурж аваад явсан. 2014 оны 07 сарын 24-ний өдөр дахин ирж 475 ширхэг обойг дараа нь Алтанхуяг гэх хүнийг явуулж дахин 15 ширхэг обойг нэмж авсан бөгөөд Тамир нийтдээ 18,300,000 төгрөгний үнэ бүхий 610 ширхэг обой иргэн Бүрэнжаргалаас авсан. 610 ширхэг обойг авахдаа дэвтэр дээр гарын үсэг зурж авсан боловч Тамир ямар нэгэн мөнгө төлөөгүй бөгөөд гэрээ хийж мөнгөө төлнө гэж тухайн үед хэлсэн байдаг. Гэсэн хэдий ч Ч.Тамир обой авснаасаа хойш гэрээ хийлгүй зугтаж, обойны үнээс нэг ч төгрөг төлөөгүй алга болсон ба сүүлдээ утсаа авахаа больсон. Иргэн Бүрэнжаргал анхнаасаа залилан мэхэлсэн гэж үзээд Ч.Тамирыг гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг Ч.Тамирт Эрүүгийн хуулийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ба хэргийг шалгах явцад Ч.Тамир нь 610 ширхэг обойг Бүрэнжаргалаас хүлээн авсан, мөнгийг нь төлөөгүй байгаа тухайгаа мэдүүлсэн байдаг. Гэвч Дүүргийн 1 дүгээр прокурорын газар болон Нийслэлийн прокурорын газраас уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж “...иргэд хоорондын эд хөрөнгөтэй холбоотой асуудал байгаа тул энэ асуудлаа иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж мэдэгдсэн.
Иймд иргэн Ч.Тамир нь худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж, 610 ширхэг обойг авсан бөгөөд бүтэн 2 жилийн хугацаа өнгөрсөн байгаа ч одоо хүртэл обойны үнийг төлөхгүй зугтаж, санаатайгаар оршин суугаа хаяг, утасны дугаар сольж худалдагч Бүрэнжаргалыг хохироож байгаа тул обойны үнийг төлүүлэх нэхэмжлэлийг ийнхүү шүүхэд гаргаж байна.” гэжээ
Хариуцагч Ч.Тамир нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь 2014 оны 06, 07 сард нийт 18,300,000 төгрөгний үнэ бүхий 610 ширхэг обойг иргэн Бүрэнжаргалаас худалдаж авсан нь үнэн бөгөөд обойны төлбөрийг төлөөгүй байгаа болно. Миний бие нэхэмжлэлийн үнэ болох 18,300,000 төгрөгийг 2016 оны 09 сардаа багтаагаад хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн төлбөр төлөх хугацаа авч нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байгаа ба нэхэмжлэгчтэй эвлэрлэийн гэрээ байгуулсан болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бүрэнжаргал нь хариуцагч Ч.Тамирт холбогдуулан 610 ширхэг обойны үнэ болох 18,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Тамир нь Б.Бүрэнжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, талууд төлөх хугацааг тохирсон Эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч Ч.Тамир нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ч.Тамирт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.Тамир нэхэмжлэгч Б.Бүрэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэрийн 610 ширхэг обойны үнэ болох 18,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,100,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 6,100,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 6,100,000 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрснийг баталж, Ч.Тамирт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,450 төгрөгнөөс 124,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 124,725 төгрөгийг, хариуцагч Ч.Тамираас 124,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Бүрэнжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР