Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2024/01220

 

 

 

 

 

 

 

 

    2024          06            10                                        210/МА2024/01220

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01326 дугаар шийдвэртэй, У ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н холбогдох, үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ/2022/02443 дугаар захирамжаар У ХХК-аас 573,930,402 төгрөг гаргуулж Х ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан.

1.1. Хөрөнгийн үнэлгээний Ф ХХК нь төлбөр төлөгч У ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, №**, Э-**** дугаарт бүртгэлтэй газар зэргийг үйлдвэр дотор суурилуулсан эд хөрөнгүүдийн хамт үнэлэхдээ зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тодруулбал, үнэлгээчин үйлдвэрийн барилга дотор суурилуулсан Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн СНС лазер том оврын лист зүсэгч машин болон 3,2 тонн жинтэй гүүрэн кран зэрэг 20 нэр төрлийн эд хөрөнгүүдээс өөрийн дураар үнэлсэн байна. Үнэлгээний компани нь бусдын эд хөрөнгийг манай компанийн хөрөнгө гэж өөрөө дур мэдэн тодорхойлж, үнэлсэн нь илт хууль бус үйлдэл болсон. Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид хариуцагч төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд мөн ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг баталсан захирамжтай атал компаниийн бүртгэлд байхгүй бусдын хөрөнгийг үнэлгээнд оруулж үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.2. Төлбөр төлөгчийн зүгээс өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар, бусад эд хөрөнгүүдийг 10 тэрбум төгрөгөөр үнийн санал өгсөн байхад Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ямар нэгэн нэмэлт нотлох баримт болох санхүүгийн тайланд тусгасан үнэлгээ, текникийн бичиг баримт болон бусад баримт бичгийг аль улсад үйлдвэрлэсэн, тээврийн зардал хэд болсон, суурилуулалтын зардал зэргийг тооцоолохгүйгээр зах зээлийн ханшаар тооцож, манай эд хөрөнгийг 2,000,000,000 төгрөгөөр үнэлсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй.

1.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр үнэлгээ хийж байгаа нөхцөлд зайлшгүй шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авахын тулд төрийн эрх бүхий байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд үйлчлүүлэгчийн хамт хүсэлт гаргах, гаргуулж авсан бичиг баримт, мэдээллээ үнэлгээндээ ашиглах ёстой байсан ч биднээс гаргасан үнэлгээний саналыг хэлэлцэхгүйгээр хэт багаар барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүд нь үнэлгээчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

1.4. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Шадивлан-1, Г-* тоотод байрлах, 1544,70 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн Э-***, гэрчилгээний *** дугаартай Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Шадивланд байрлах 3813 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, бусад эд хөрөнгүүдийг үнэлсэн Ф ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ/2022/02443 дугаар захирамжаар У ХХК-аас 577,028,204 төгрөгийг гаргуулж Х ХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох У ХХК-ийн өмчлөлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Шадивлан 1 дүгээр гудамж, Г-* тоот 1544,70 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э-**** дугаартай, мөн хаягт байрлах 3813 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу 350,000,000 төгрөгийн ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал авах тухай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн.

2.2. Төлбөр төлөгчөөс 10 тэрбум төгрөгөөр үнийн саналаа өгсөн бөгөөд төлбөр авагч талаас үнэлгээг эс зөвшөөрч хөндлөнгийн үнэлгээчин томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтийг тус газарт хандан гаргасан тул хөндлөнгийн үнэлгээний В ХХК-ийг 2023 оны 06 дугаар сард үнэлгээчнээр томилсон. Гэвч төлбөр төлөгчөөс хөрөнгийг шинжээчид үзүүлэхгүй, үнэлгээ хийлгээгүйгээс хугацаа хэтэрсэн тул тогтоолыг хүчингүй болгож, дахин барьцаа хөрөнгийг хураан шинжээчээр “Файн эстимэйт” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 2,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

2.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үйлдвэрлэлийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмших эрхтэй газрыг хураасан бөгөөд хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжпэл гаргаж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хэрэгт авагдсан баримтаар үнэлгээ зах зээлийн ханшаас хэт бага гэдгээ нотолсон баримтгүй байна. Үнэлгээний тайлан доторх хөрөнгийг хамт үнэлээгүй. Нэхэмжлэгч төлбөр төлөхөөс зайлсхийж удаашруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-***, Э-**** дугаарт бүртгэлтэй хөрөнгийг үнэлсэн Ф ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б намайг жирэмсэн, ажлаас чөлөөлсөн эмчийн хяналтанд байх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу миний бие 8 сартай жирэмсэн өрхийн эмчийн хяналтанд байх хугацаанд эмчийн зүгээс “та төрөх дөхсөн байна” гэсэн учраас шүүгчийн туслахтай утсаар холбогдон хэлж холбогдох нотлох баримтуудыг хургүүлсэн. Гэтэл шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд оролцуулсан бол миний зүгээс үнэлгээ дахин хийлгэх хүсэлт тавьж үнэлгээг хөндлөнгийн үнэлгээчнээр гаргуулах байсан боловч хуралд оролцох эрхээр хангаагүйд гомдолтой байна.

5.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай байгууллагын хөрөнгөд үнэлгээ хийхдээ Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж үнэлгээний компанийг ямар ч сонголтгүйгээр өөрсдөө “энэ манай байгууллагатай гэрээтэй үнэлгээний компани” гэж хэлээд өөр компаниар үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар албадлагын арга хэмжээ авч эрхийг минь хязгаарлаж хүчээр үнэлгээ хийлгэсэнд эрхээ хамгаалуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тусдаа шинжээч томилдог гэж гомдол дурдсан. Манайхаас гэрээт компаниудыг тойргийн журмаар томилдог учраас энэ журмаа баримтлаад гэрээт компаниар үнэлгээ хийлгэсэн. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь жирэмсэн гэдгээ нотолсон байхад хуралд оролцуулаагүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх боловч өмнө нь өмгөөлүүлэх эрхээр хангаж, өмгөөлөгч авах боломжит хугацааг олгож шүүх хуралдааныг хойшлуулсан учраас энэ хугацаанд эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй, улмаар тайлбар гаргаагүй болно. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Н холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/02443 дугаар захирамжаар У ХХК-аас 573,930,402.35 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 3,097,802.02 төгрөгийн хамт гаргуулан Х ХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох У ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Шадивлан 1 гудамж Г-* тоот 1544.70 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-**** дугаартай, гэрчилгээний 000001528 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Шадивланд байрлах 3813 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу 350,000,000 төгрөгийн ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./хх44-45/

4. Дээрх шүүхийн шийдвэрийг У ХХК сайн дураар биелүүлээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ГХ2022/01230 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

4.1. Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүд болох Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Шадивлан 1 гудамж Г-* тоот 1544.70 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-**** дугаартай, гэрчилгээний 000001528 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Шадивланд байрлах 3813 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23280153/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23280153/04 дугаар тогтоолоор хураажээ.

4.2. Барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

5. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудыг харилцан тохиролцох ажиллагаа явуулахад тэдгээр нь тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор “Виннэр вэй”  ХХК-ийг шинжээчээр томилсон боловч үнэлгээ тогтоох хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр “Эд хөрөнгө хураах тухай” 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23280153/04 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

5.1. Улмаар төлбөрт битүүмжлэгдсэн дээрх үл хөдлөх хөрөнгө болон газрыг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23280153/05 дугаар тогтоолоор хураан авч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/426 дугаар тогтоолоор хөрөнгийн үнийг цэнийг тогтоолгохоор шинжээч “Файн эстимэйт” ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасан зохицуулалтад нийцсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн үнэлгээчин төлбөрт хураагдсан Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Шадивлан 1 гудамж Г-* тоот 1544.70 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-**** дугаартай, гэрчилгээний 000001528 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивланд байрлах 3813 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг нийт 2,000,000,000 төгрөгөөр үнэлж, Н ирүүлжээ. /1хх109-143/

6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч У ХХК -д 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан, мөн өдрийн 4-225/24623 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх144-145/ тогтоогдож байна.

7. Ф ХХК-ийн үнэлгээчин үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргыг ашиглан ойролцоо байршилд арилжаалагдахаар хүлээгдэж буй хамгийн бага ялгаа үүсгэх үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

8. Түүнчлэн, Ф ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, компанийн бүртгэлд байхгүй хөрөнгийг үнэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, хэрэв шүүх хуралдаанд оролцсон бол дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах байсан” гэжээ. Хариуцагч Н холбогдуулан гаргасан дээрх нэхэмжэлд шүүх 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 3 сар гаруй хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд энэ хугацаанд  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой баримтуудыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхийн журмаар бүрдүүлэх талаар хүсэлтээ гаргах боломжтой байсан бөгөөд энэхүү эрхийг шүүх хязгаарлаагүй. Нэхэмжлэгчээс Л.Б, О.Б нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэл олгожээ. Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нь түүнд олгосон итгэмжлэлээс татгалзсан, О.Б нь хүүхэд асрах чөлөө авсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНДАЛБАЯР

 

  ШҮҮГЧИД                             С.ЭНХБАЯР

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН