Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Г.Сундуй,

          шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809052151259 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын туслах машинист мэргэжилтэй, одоогоор “Улаанбаатар төмөр зам” ХК-д татах хэсгийн зүтгүүрийн депод засварчин ажилтай, ам бүл-2, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамж, 24-616 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамж 24-627 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б.Т, /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” баарны гадна О.Тэгшболдтой маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холливүүд бааранд найз Эрдэнийн хамт орсон. Эрдэнээ бид хоёрыг баарнаас гарч ирээд хаалганы үүдэнд хэдэн залуучууд маргалдаад зогсож байсан. Үүдэнд маргалдаж байсан залуучуудын нэг залуу нь манай найз Эрдэнийг ирээд цохиод шилийг нь унагахаар нь би найзыгаа өмөөрөөд тэр залуугийн нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

Хохирогч О.Тэгшболдын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холливүүд баарны гадна баарнаас найз Мөнхсоёмбын хамт гарч яваад хашааны хаалгаар гараад явж байтал манай найз Мөнхсоёмбо яг хашааны үүдэнд зогсож байсан залуучуудтай маргалдсан. ...Тэр үед Холливүүд баарны хашаан дотор зогсож байсан цагаан өнгийн приүс машины жолооч миний хамар хэсэгт гараараа цохисон. Би тэр залууд “Болъё. Миний хамар хугарчихлаа” гэж хэлээд доошоогоо тонгойсон боловч миний шүд, нүд, хавирга хэсэг рүү цохисон. ...Тухайн үед Мөнхсоёмбо бид хоёрыг хашааны хаалгаар гараад явж байхад хэдэн залуучууд манай найз Мөнхсоёмбыг муухай харлаа гэж хэрүүл маргаан болсон. …Надад гомдол санал байхгүй. Би намайг зодсон Тэмүүжинтэй сайн дураараа эвлэрч, эмчилгээний зардал 2.700.000 төгрөг бэлнээр авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-7-9/,

 

Гэрч Б.Мөнхсоёмбын “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн үед найз Тэгшболдын хамт Холливүүд баарнаас хашаанаас гарч яваад хэсэг залуучуудтай маргалдсан...Тэгээд байж байтал хоёр залуу ирээд манай найз Тэгшболд руу дайраад байсан. Хоёр залуугийн нүдний шилтэй залуу нь манай найз Тэгшболд руу дайраад байсан. Хэрүүл маргаан болж байхад Тэгшболдыг нүдний шилтэй залуугийн найз нь гэх цагаан приүстэй залуу нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Хурдан болж өнгөрсөн…” гэсэн мэдүүлэг /хх-15/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14019 тоот актын “…О.Тэгшболдын биед хамрын хянга болон 2 хажуу хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун дээд үүдэн 3-р шүд, цөгц хэсгийн хугарал, хамар хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-11/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-30-31/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-41-42/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” баарны гадна О.Тэгшболдтой маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч О.Тэгшболд, гэрч Б.Мөнхсоёмбо нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14019 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Тгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Тгийн хохирогч О.Тэгшболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Тэгшболдод эмчилгээ болон бусад зардалд нийт 2.700.000 төгрөгийг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогчийн “надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Тг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Тгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР