Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2024/01250

 

 

 

 

 

 

 

 

    2024          06            19                                        210/МА2024/01250

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01805 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Ф ХХК-д холбогдуулан гаргасан

Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03102 дугаартай шийдвэрээр Ф-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,780,000 төгрөг, алданги 5,945,000 төгрөг, нийт 29,725,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгохоор шийдвэрлэснийг зохигч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2023/00268 дугаартай магадлалаар Ф-аас нийт 35,670,000.00 төгрөгийг гаргуулан З ХХК-д олгож шийдвэрлэсэн.

1.1. Талууд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2023/07579 дугаартай захирамж гарсан.

1.2. Дээр дурдсан З ХХК, Ф ХХК нарын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Ф ХХК -ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Зайсан /***/ Дүнжингарав гудамж ** дүгээр байр, *** тоот хаягт байршилтай 141.12 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн Ү-**** дугаартай дөрвөн өрөө аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З ХХК-д барьцаалсан. Иймд Ф ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар сайн дураараа биелүүлэхгүй байх тул Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Зайсан /***/ Дүнжингарав гудамж ** дүгээр байр, *** тоот хаягт байршилтай 141.12 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн Ү-*** дугаартай дөрвөн өрөө аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай зүгээс З ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнд маргаагүй. Харин шууд гүйцэтгэх хуудас бичүүлсэн нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу явагдах ёстой гэж үзэж байна. Хариуцагч тал гүйцэтгэх хуудас бичигдсэнийг мэдээгүй. Манай гүйцэтгэх захирлын биеийн байдал тааруу байгаа учраас гүйцэтгэх хуудас очоогүй байх. Манай компанийг төлбөрийн чадваргүй гэснийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №*** дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Зайсан /***/ Дүнжингарав гудамж, ** байр, *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 141,12 м.кв талбайтай 4 өрөө аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Манай зүгээс З ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнд маргаагүй. Гүйцэтгэх хуудас бичүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шат дарааллын дагуу явагдах ёстой байсан. Бид ямар нэгэн байдлаар шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэнийг ч мэдээгүй. Гүйцэтгэх захирлын биеийн байдал маш тааруу учраас гүйцэтгэх хуудас очоогүй. Тодорхой ажиллагаа явуулаагүй. Бидэнд мөнгөн хэлбэрээр төлөх боломж байсан. Барьцаа херөнгөөр хангуулах ажиллагаа явуүлах зайлшгүй шаардлага байгаагүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг удаашруулах зорилготой байна. Мөн давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Хариуцагчийн биеийн байдал муу байгаа нь төлбөр төлөхөөс зайлсхийх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас татгалзах үндэслэл болохгүй. Мөн мөнгөн хэлбэрээр төлөх боломжтой байхад нь нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн төлбөр авахгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа мэт тайлбарласан нь үндэслэлгүй. 2022 оны 01 дүгээр сараас хойш хариуцагч нь төлбөрөө төлөөгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. З ХХК нь Ф ХХК -тай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №*** дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь худалдан авагчид хавсралтад заагдсан хэмжээгээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь уг гэрээний хавсралтад заасан шатахууны үнийг худалдагчийн бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.1. Ф ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас З ХХК нь дээрх гэрээний үүрэгт 39,431,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2023/00268 дугаар магадлалаар хариуцагчаас 9,706,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

3.2. Шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг шийдвэрлэсэн нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

4. Дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ф ХХК -ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Зайсан /***/ Дүнжингарав гудамж, ** байр, *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 141.12 м.кв талбайтай 4 өрөө аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Ф ХХК нь З ХХК-тай барьцааны гэрээг байгуулж улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч З ХХК нь барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч З ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй ба хариуцагчийн төлөөлөгчийн эрүүл мэндийн шалтгаан нь шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, хариуцагч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2023/00268 дугаар магадлал гарсан хугацаанаас хойш мөнгөн хэлбэрээр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй атлаа “...мөнгөн хөрөнгөөр төлөх байсан” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЭНХБАЯР

 

      ШҮҮГЧИД                             Т.БАДРАХ

 

                                                 Д.ЦОГТСАЙХАН